Нидерландын Гааг хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна Малайзын агаарын тээврийн MH17 нислэгт амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэн өнгөрсөн Ням гариг (2020.03.08)-т чимээгүй жагсав. Тэд амь үрэгдсэн зорчигчдын тоогоор 298 ширхэг цагаан сандлыг ОХУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаан тавьжээ.
Зорчигчдын ар гэрийнхэн нисэх онгоцыг пуужингаар харвасан хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд ОХУ-ын тал идэвхгүй хандаж, хамтран ажиллахгүй байгааг эсэргүүцжээ.
Нидерландын Гааг хотноо Малайзын нисэх онгоцыг сүйрүүлсэн хэрэгт ОХУ-ын гурав, Украины нэг иргэнийг яллан шүүсэн. Олон улсын хамтарсан мөрдөн шалгах багаас өнгөрсөн онд дөрвөн сэжигтнийг нэрлэсэн нь ОХУ-ын иргэн Игорь Гиркин, Сергей Дубинский, Олег Дулатов болон Украины Леонид Харченко нар аж.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ "Мөрдөн байцаагчид шүүх хурал болохоос өмнө Москваг буруутган, хэвлэл мэдээллийг ашиглан нотлох баримтын дутууг гүйцээхийг оролдсон" гэжээ.
Малайзын агаарын тээврийн “Boeing 777” нисэх онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Украины зүүн хэсгийн дээгүүр нисч явахдаа Бук ангиллын пуужинд оногдон сүйрсэн. Украины зүүн хэсэгт 2014 онд салан тусгаарлах тэмцэл өрнөсөн юм.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ