НЭМЭЛТ: 15:30 ЦАГ
Салхитын мөнгөний ордын хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх шүүгч нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 09:00 цагт эхэлсэн тус хурал түр завсарлаад байсан билээ.
САЛХИТЫН ОРДЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ШҮҮГЧ НАРЫГ ШҮҮЖ БАЙНА
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.03.09/ Салхитын мөнгөний ордын хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгийг хээл хахууль авсан гэх үйлдэлд буруутган шалгасан байдаг.
Харин хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү мэдээлэхдээ “Салхитын мөнгөний ордын асуудалтай холбогдуулан нэр бүхий зургаан шүүгчид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчид өөр төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна” хэмээн мэдээлсэн билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ