“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад Дорноговь аймгийг онцолж байна.
Аливаа сонгуульд сонгогчид ямар сонголт хийхээс тухайн аймгийн “өнгийг” тодорхойлж болдог. Ялангуяа олон удаагийн сонгуулийн дүнгээр нь тухайн аймагт аль нам ялалт байгуулж болох прогнозыг албан бусаар гаргаж болдог. Дорноговь аймгийн хувьд дандаа МАН-д итгэл үзүүлж ирсэн. 2008 онд АН-ын гишүүн Я.Батсуурийг сонгосныг эс тооцвол шүү дээ. Хэзээнээс МАН-д итгэл үзүүлж ирсэн Дорноговь аймаг энэ жил дангаараа хоёр мандаттай болж буй. Хуучин Говьсүмбэр аймагтаа нэгтгэгдэж, хоёр мандаттай болж байсан бол энэ удаад Говьсүмбэрийг Дундговь аймагтай нэгтгэж байгаа учраас Дорноговь аймаг дангаараа хоёр мандаттай болж буй. Энэ удаагийн 2020 оны прогнозыг харахад ч МАН-д итгэл үзүүлэх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд бий.
МАН-ААС Б.ДЭЛГЭРСАЙХАНТАЙ ДӨРӨӨ ХАРШУУЛАХ НЭР ДЭВШИГЧ ТОДРООГҮЙ БАЙНА
Дорноговь аймагт өнгөрсөн сонгуульд Говьсүмбэр аймагтай нэгдэж, хоёр мандаттай байсан бөгөөд МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар сонгогдож байв. Энэ удаад Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж байгаа учраас Г.Мөнхцэцэг гишүүний хувьд Дорноговьд нэр дэвшихгүй тойргоо дагах болов уу. Тэгвэл Дорноговь аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өрсөлдөх нь тодорхой. Тэрбээр 2016 оны сонгуульд тус аймгаас ялалт байгуулж гишүүнээр сонгогдсон юм. Харин түүнтэй хамт саяхан ажлаа өгсөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал О.Одбаяр нэр дэвших сонирхолтой байгаа. Тиймдээ ч төрийн албаны ажлаа өгч, Дорноговь аймгийг зорих болсон. О.Одбаярыг МАН-ын гишүүн Л.Одончимэдийн хүү гэдгээр нь дорноговьчууд андахгүй. Гэвч түүнээс гадна Дорноговь аймгийн одоогийн Засаг дарга, аймгийн намын дарга Т.Энхтүвшин бас өрсөлдөхөөр яригдаж байна. Тэдний аль аль нь улс төрийн дэмжлэг сайтай байгаа учраас намын Бага хурал Б.Дэлгэрсайхантай хамт О.Одбаяр, Т.Энхтүвшин нарын нэгийг явуулах болов уу.
АН-ЫН НЭР ДЭВШИГЧДИЙН СУРАГ "БҮДЭГ" БАЙНА
Ардчилсан намд дорноговьчууд нэг удаа итгэл үзүүлж байсан нь 2008 оны сонгууль. Тус сонгуульд Я.Батсуурь ялалт байгуулж байсан бөгөөд түүний хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй л болов уу. Учир нь авлигын хэргээр хуулийн байгууллагад дуудагдах болсон учраас энэ удаад нэр дэвшихгүй болов уу. Хэдийгээр АН-ын өрсөлдөгчид 100 хувь тодроогүй байгаа ч урьдчилсан байдлаар тус намын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцааны бодлогын зөвлөлийн дарга Д.Алтангэрэл, түүнтэй хамт аймгийн ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар нар өрсөлдөх сурагтай. Д.Алтангэрэлийн хувьд эдийн засагч мэргэжилтэй ч дорноговьчуудад төдийлөн “танил” бус хүн бол Г.Ганбаатарын хувьд 2016 оны сонгуульд өрсөлдөж, ялагдаж байсан юм. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн квотод Г.Гантогтох гэх эмэгтэй яригдаж буй юм байна.
ДОРНОГОВЬ АЙМГААС УИХ-Д СОНГОГДОЖ БАЙСАН ГИШҮҮД:
- 1992: МАН-ын гишүүн Ё.Адилбиш, Ц.Шаравдорж
- 1996: МАН-ын гишүүн Ё.Адилбиш, Ц.Шаравдорж
- 2000: МАН-ын гишүүн Ц.Шаравдорж, Л.Одончимэд
- 2004: МАН-ын гишүүн Л.Одончимэд, Ц.Шаравдорж
- 2008: МАН-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь
- 2012: МАН-ын гишүүн Ж.Батсуурь
- 2016: МАН-ын гишүүн Б. Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ