Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 29-р тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр /2020.03.08/ явагдлаа. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Манчестер хотын хоёр баг болох Манчестер Юнайтед болон Манчестер Сити багуудын хооронд явагдаж өнгөрлөө. Хоёр багийн тоглолт Манчестер Юнайтедын Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд явагдаж "улаан чөтгөрүүд" 2:0-ийн харьцаатай талбайн зочид болох Манчестер Сити багийг буулган авлаа.
Тоглолтын агуулгын хувьд Манчестер Сити баг 73 хувьтай бөмбөг эзэмшиж илүүрхсэн боловч Манчестер Юнайтед баг Ситигийн хаалга руу 12 удаа цохиж зургаа нь хаалгаа оносон үзүүлэлттэй байжээ. Тус тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 30 дах минутад Манчестер Юнайтед багийн Франц жигүүрийн довтлогч Антони Марсиал оруулж талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Харин тоглолтын эцсийн гоолыг "улаан чөтгөрүүд"-ийн залуу тоглогч Скотт Мактоминей 90+6 дах минутад оруулж баг нь хотынхоо дербид ялалт байгууллаа.
Ийнхүү Манчестер Юнайтед баг энэ улиралд Манчестер Сити багтай Премьер лигийн хүрээнд хоёр тоглохдоо хоёуланд нь ялж байна. Энэхүү хоёр багийн эхний тоглолт өнгөрөгч оны арванхоёдугаар сарын 8-нд явагдаж, Манчестер Юнайтед 2:1-ийн харьцаатай Манчестер Сити багийг талбайд нь Этихад цэнгэлдэх хүрээлэнд хожиж байжээ.
Одоогийн байдлаар Английн Премьер лигт Манчестер Сити баг нэг тоглолт дутуу хүснэгтийн дэд байранд 57 оноотой бичигдэж байгаа бол Манчестер Юнайтед 45 оноотой тавдугаар байранд бичигдэж байна.
Энэ өдөр явагдсан бусад тоглолтын үр дүн:
- Бөрнли 1:1 Тоттенхэм Хотспур
- Челси 4:0 Эвэртон
Холбоотой мэдээ