&#34Focus Darkhan&#34 эртэч уулзалтандаа урив

Хуучирсан мэдээ: 2015.11.09-нд нийтлэгдсэн

&#34Focus Darkhan&#34 эртэч уулзалтандаа урив

Дархан нутгийн мэдээллийн төв цэг "FOCUS DARKHAN" сэтгүүлээс зохион байгуулдаг “Өглөөний эртэч уулзалт”-ын клуб уншигчдаа урилаа. Нийгэм, эдийн засаг, мэдээллийн энэ сэтгүүл нь  Дархан хотынхоо нэрийг Монгол даяар төдийгүй Дэлхий даяар цуурайтуулан "Дарханых" хэмээн овоглогддог залуусынхаа хийж бүтээсэн, зорин тэмүүлж буй амжилтын талаар олж мэдсэнээ уншигч түмэнтэйгээ хуваалцдаг. Сэтгүүлийн хуудсыг эргүүлэхтэй зэрэгцэн өглөөний эртэч уулзалтуудын сонин сайхан сэтгэл татлаа.

Бага балчир хүүхдээ сургуульд хэрхэн бэлтгэж, тэднийг ном сурах хүсэл эрмэлзэлтэй болгон хөгжүүлэх талаар багш Гүндэгмаа, Алтантуяа нарыг урьж ярилцсан нь уулзалтанд оролцогчдын сэтгэлд нийцжээ. Сэтгэл санааны тав тухгүй өөрчлөлт нь хэнийг ч ялгадаггүй учраас хүүхдийнхээ бодол санааг тайвшруулах Stress Ball аргыг багш нар заав. Арга нь маш амархан. Аав ээж нар нь гартаа тааралдсан энгийн юмсаар гуравхан ширхэг бөмбөлөг хийхэд л энэ аргыг сурч авна гэх жишээтэй. Өглөөний эртэч уулзалтанд тун  сонирхолтой зочдыг урьдаг. Клубынхаа тав дахь уулзалтыг "Бяцхан үрс ба сургууль" сэдвээр явуулахдаа "EQ garden" сургалтын төвийг үүсгэн байгуулагч, “Montessori” номын зохиогч, "ECO kindergarten" цэцэрлэгийн зөвлөх, "Охид хөвгүүдийн хөгжих аргын ялгаа" сэдэвт судалгааны арга зүйг боловсруулсан, гурван хүүхдийн ээж, залуу бүсгүй О.Гүндэгмааг урьж санал бодлоо хуваалцсан нь оролцогчдод тун ч таалагдсан. Өөр нэг уулзалтаа “Эмэгтэйчүүд ба мөнгө” сэдвээр хийжээ. Эмэгтэй хүн мөнгөтэй үргэлж ойрхон байж өдөр тутам жижиг сажиг зүйлд ч түүнийг хэрхэн зарцуулах вэ гэдэг дээр шийдвэр гаргах болдог. Ялангуяа гэрийн эзэгтэй нар нөхрийнхөө олсон мөнгийг хямгатай зарцуулах гэж хичнээн хичээгээд ч хэтэрхий үрэлгэн гэх үгэнд өртөх нь энүүхэнд. Уулзалтад оролцсон бүсгүйчүүд өрхийн төсвөө хэрхэн зөв бүрдүүлэх, түүнийгээ үр ашигтай яаж  зарцуулах, оновчтой ухаалаг худалдан авалт хийх овсгоо самбаа, өрхийн нэмэлт орлогыг хаанаас бий болгох вэ гээд амин асуудлаар ярилцсан байна. Өөрсдийн амьдралд тохиолдсон бэрхшээлээ ямар аргаар даван туулсан тухайгаа харилцан ярилцаж санал бодлоо хуваалцжээ. Энэ мэтээр өглөөний эртэч уулзалтын сониноос дэлгэхэд урт яриа болно.

Харин "FOCUS DARKHAN" сэтгүүлийн энэ удаагийн шинэхэн дугаарын хуудсыг нээцгээе.

Монголчуудын дунд "Бодлын хулгайч" киноны “Журам”-ын дүрээр танигдсан, МУСТА А.Болорсүхийн илэн далангүй энгүүн ярианд автан, холын Америкийг гайхшруулж ердийн нэгэн бялууг урлагийн гайхалтай бүтээл болгон урладаг М.Наранчимэгийн урын санг бишрэн, хурд, авхаалж самбаа, багийн ажиллагааны цогц болсон сагсан бөмбөгийн спортын ертөнцөд "Дарханы Ихээ" хэмээн дуудагддаг Г.Ихбаярын эрч хүчийг сэтгүүл уншигчиддаа мэдрүүлж байна.

Ө.Рагчаасүрэн.  

Бурхантын хөндий

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж