МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гаригт /2020.03.06/ хуралдаж, 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлаа хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн бэлтгэл ажлаа хангахад хэн ямар үүрэгтэй оролцох вэ гэдгээ тодорхой болгожээ. Ялангуяа намын сурталчилгааны ажлыг олон нийтэд хэрхэн хүргэх талаар хэд хэдэн ажлын хэсэг байгуулжээ. Түүнээс гадна 2019 оны ажлаа дүгнэн аймаг, дүүргийн намын хороодын ажлаа дүгнэсэн байна. Нийслэлийн тэргүүний намын хороогоор Баянгол дүүрэг шалгарсан бол орон нутагт мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэл сайтай аймгаар Увс аймаг тодорч, Дорноговь аймаг удаалжээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлтэй үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учраас ийнхүү “даруухнаар” шилдгүүдээ тодруулаад өнгөрсөн аж. Түүнээс гадна Удирдах зөвлөлийн хуралдаанаар нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг яаралтай чөлөөлж, орны хүнийг нь томилохыг намын генсект үүрэг болгосон байна. Харин чөлөөлөх, томилох асуудлыг албажуулах асуудлыг намын бага хурлаар шийдэж, хариуцлагын асуудлыг яаралтай шийдэх ёстой хэмээн үүрэг өгчээ.
Мөн Удирдах зөвлөлийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн дагуу намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй. Тэгвэл мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсч, гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд мөрийн хөтөлбөрөө баталгаажуулж, 2020 оны сонгуульд орохоо хуулийн дагуу баталгаажуулах юм байна.
Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчид тавдугаар сарын 16-ны өдөр тодорхой болох учраас түүнээс өмнө рейтингийн судалгаагаа тодорхой болгож, энэхүү судалгааны дүнгээр нэр дэвшигчдээ тодорхой болгохыг намын удирдлагад үүрэг болгожээ. 2020 оны сонгуульд оролцохдоо энэ удаад рейтингийн судалгаа явуулж, түүний дагуу нэр дэвшигчдээ тодорхой болгохоор эрх баригчид бэлтгэж буй.
Хуулийн дагуу нэр дэвшигчид тавдугаар сарын 16-наас хойш тодорхой болох учраас улс төрийн сонгуульд оролцох намуудын хувьд олон төрлийн рейтинг тогтоох судалгааг, олон аргаар явуулдаг уламжлалтай. Тэгвэл эхнээсээ намууд судалгаагаа баталгаажуулж, 2020 оны сонгуулийн прогнозоо хийж эхэлжээ. Тухайлбал, МАН 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийг албан бусаар "тодруулсан байна". Энэхүү судалгааны дүн бүхий нэрсийн жагсаалт МАН-ын генсек Д.Амарбаясгаланд л байгаа бөгөөд одоогоор нууцын зэрэглэлтэй байгаа гэнэ.
2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийн жагсаалтад УИХ-ын гишүүн М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг зэрэг 10 гаруй нэр байгаа гэх мэдээлэл байна. Түүнээс гадна Ардчилсан намын Б.Наранхүү тэргүүтэй хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх "хар" жагсаалт байгаа гэнэ. Гэвч энэ бол албан ёсны, бүх нийтийг хамарсан судалгаа биш бөгөөд МАН-ын 2020 оны сонгуулийн бэлтгэл ажилд зориулсан судалгааны дүн гэдгийг онцолж хэлье. Зөвхөн МАН-аас явуулж буй судалгаа бөгөөд урьдчилсан байдлаар авсан судалгаа гэнэ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ