Италийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд орлоо

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Италийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд орлоо

Италийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд орлоо

“Covid-19” халдвараар өнөөдрийн байдлаар /2020.03.09/ дэлхий даяар 104 улсад тархаж, 110 мянга орчим хүн өвчилж, 3800 гаруй хүн нас бараад байна. Харин эдгэрсэн хүний тоо 62 мянга давжээ.

Халдварын голомт болсон Хятад улсад байдал харьцангуй тогтворжиж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд найман хүн шинээр халдвар авч, нэг хүн нас барсан байна. Харин АНУ, Итали, Өмнөд Солонгос, Иран, Франц, Герман, Япон зэрэг улсуудад халдварын тохиолдол огцом нэмэгдсээр байна.

Европ тивийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Итали улсад л гэхэд өчигдөр буюу Ням гаригт халдварын улмаас 133 хүн нас барж, 1492 хүн шинээр халдвар авчээ. Нийт 7,375 хүн халдвар авч, 366 өвчтөн нас барснаар тус улс нас барсан хүний тоогоор дэлхийд Хятадын дараа хоёрт орж, халдварын тоогоор Өмнөд Солонгосыг гүйцсэн байна. Халдварын тархалт огцом өсч байгаатай холбогдуулан Ромын Пап лам Францис онлайнаар мөргөл үйлдэж байгаа аж.

Тус улсын Засгийн газар умард бүсийн мужуудад хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хамгийн их халдвар тархаад буй Ломбарди муж бүхэлдээ, бусад дөрвөн мужийн 14 дүүрэгт нийлээд 15 сая орчим хүн хөл хорионд орсон байна. Энэ нь Италийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд орсон гэсэн үг юм.

Харин АНУ-ын хувьд 103 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 538 болжээ. Мөн гурван хүн нас барснаар нас барсан хүний тоо 22 болсон байна.

Өмнөд Солонгост 341 хүн шинээр халдвар авч, нийт халдварын тоо 7382 болсон бол нас барагсдын тоо 51 хүрчээ. Япон улсын хувьд коронавирусээр халдварласан хүний тоо 41-ээр нэмэгдэж, нийт халдвар авагсдын тоо 502 боллоо. Үүнээс гадна "Diamond Princess" аяллын хөлөг онгоцон дээр 696 хүн халдвар аваад байгаа юм. Мөн халдвар авсан хүний тоо “Diamond Princess” хөлгийн нас барсан 7 зорчигчтой нийлээд 14 болоод байна.

Иранд 743 шинэ тохиодол бүртгэгдэж, нийт 6566 хүн халдвар авчээ. Харин нас барсан хүний тоо 49-өөр нэмэгдэж 194 болсон байна. Түүнчлэн Герман, Испани, Франц зэрэг Европын орнуудад халдвар эрчимтэй нэмэгдэж, нөхцөл байдал хүндрээд байна.

Эх сурвалж: WORLDOMETERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж