Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар олон арван мянган хүнд халдварлаад буй энэ цаг үед дэлхийн зарим хэвлэлээр коронавирусийг Чернобылийн гамшигтай зүйрлэсэн утгатай нийтлэлүүд гарчээ.
"The Diplomat" сонинд:
Горбачёвын ЗХУ болон Ши Жиньпиний Хятад улс хоёрын хооронд маш олон ялгаа бий. Гэхдээ Ши Жиньпиний хувьд Горбачёвтай адил санаа зовох ёстой зүйл хангалттай олон байна. “Миний “Перестройка /өөрчлөн байгуулалт/”-аас илүү ЗХУ-ыг задрахад хүргэсэн гол шалтгаан бол Чернобылийн гамшиг байсан байж магадгүй юм” гэж ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв Чернобылийн цөмийн гамшгийн 20 жилийн ойн тэмдэглэлдээ өгүүлжээ. Мөн тэрбээр “Чернобылийн осол”-ыг түүхэн эргэлтийн цэг байсан хэмээгээд гамшгаас өмнөх Орос улс, гамшгийн дараах Орос улс хоёр тэс ондоо гэдгийг онцолсон байна
Үүний нэгэн адил “COVID-19” буюу коронавирусийн дараах үр дүн нь Хятад болон дэлхийн бусад улс орнуудад тодорхойгүй хэвээр байгаа боловч вирусийн нөлөө Хятад улсын удирдагчдын хувьд Чернобыль шиг түүхэн эргэлтийн цэг болж байж мэдэх юм.
Горбачёвын ЗХУ-тай адил 21-р зууны Хятадын авторитаризмын түүхэнд ч "гамшгийн өмнөх үе" ба "гамшгийн дараах үе" гэж бас байх нь дамжиггүй.
Бүтцийн үүднээс авч үзвэл, 1980-аад онд ЗХУ-ын ард иргэд төрийн тогтолцоо, намын удирдлагад итгэх итгэлгүй болсон, эдийн засгийн хувьд ч доройтож байсан юм. Чернобылийн гамшгаас өмнөх хэдэн сарын хугацаанд газрын тос, байгалийн хийн үнэ огцом унав (1980 онд газрын тос нэг баррель нь 120 ам.доллар байсан бол 1986 оны гуравдугаар сард нэг баррель нь 24 ам.доллар болж буурсан). Энэ байдал нь тус улсын нөөцийг маш хурдан хугацаанд хоосолж орхисон байна. ДНБ-ий өсөлт ч нэг хувиас бага байна гэж тооцоолж байв.
Дэглэмийн хууль ёсны байдлыг хадгалах нь большевикийн хувьсгалын дараа буюу 1930-аад оны дунд үеэс Сталин засгийн эрхээ нэгтгэж байсан үеэс илүү өндөр түвшний шахалт, хүчирхийллийг шаардах болсон. Гэхдээ Горбачёвын арга барил дэглэмийг хэвээр үлдээж чадаагүй боловч Зөвлөлтийн эзэнт гүрний задралын үеэр их хэмжээний цус урсахаас сэргийлж чадсан юм.
2011 оны Фүкүшимагийн цөмийн дэлбэрэлтийн дараа тухайн үеийн Японы Ерөнхий сайд Наото Кан эрх мэдлээ бататгах, ард иргэддээ ойр байгаагаа мэдрүүлэхийн тулд цахилгаан станц руу өөрийн биеэр очсон, 2001 онд АНУ-д Дэлхийн худалдааны төв террорист халдлагад өртсөний дараа гал сөнөөгчдийг тэвэрч буй Жорж Бушийн зураг олон нийтэд нийтлэгдсэн зэрэгтэй адил халдварт өвчин тахлын хэмжээнд хүрэхийн ирмэг Ши Жиньпин халдварын голомтод өөрийн биеэр очсон юм.
"Newsweek" сэтгүүлд:
Халдварт өвчнийг дарахын тулд Хятад улс ард иргэдийг гэрт “хорьж” дайны үеийнх шиг бэлэн байдалд шилжсэн. “South China Morning Post” сонинд өгсөн ярилцлагадаа Чикагогийн их сургуулийн улс төр судлаач, профессор Дали Ян энэ дэгдэлт нь 1986 онд Украинд болсон Чернобылийн АЦС-ын гамшгийн дараа үлдсэн гамшигтай адил сүйрэл үүсгэнэ гэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр коронавирусийн халдвараар маш олон хүн өвчлөхөөс гадна дараа нь яг л Чернобылийн гамшигт өртсөн хүмүүс шиг энэ вирусийн эсрэг олон жилийн турш тэмцэх шаардлага үүсч магадгүй гэж үзжээ. Түүнчлэн халдварт өвчнийг дарж чадахгүй бол Хятадын ард түмэн, длхий нийт Хятадын одоогийн удирдагчдыг буруутгаж, тэднээс хариуцлага нэхэх болно гэжээ. Цөмийн реактор дэлбэрсний дараа олон арван хүн нас барж, Беларусь, Украйн, Орост сая сая хүн өртсөн. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас ч шинэ төрлийн коронавирусийг “дэлхий даяар онц байдал зарлахад хүрсэн” хэмээн үзсэн.
Түүнчлэн "Wall Street Journal", "Forbes" зэрэг томоохон хэвлэлүүдэд ч дээрхтэй адил утга бүхий нийтлэлүүд гарсан юм.
Энэ мэт нийтлэлүүд ихэвчлэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа цаг үед Хятадын Коммунист Намын /ХКН/ төв хэвлэл болох “Global Times” сонин барууныхан дээрх мэдээллүүдийг хэт улс төржсөн мэдээлэл гэж буруутгажээ.
Тус сонинд “Хэн ч аймшигт өвчнийг хүсээгүй. Мөн энэ өвчин дэлхий даяар тархсан гэдэгтэй санал нийлж байна. Улс төрийн тогтолцоо зэргээс үл хамаааран дэлхий нийтээрээ, бүх улс орнууд халдварт өвчинтэй чадах чинээгээрээ тэмцэж байна. Хятад улс ч мөн адил. Халдвар дэгдээгүй улс орнууд ч урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсаар байна. Айдас бодит амьдрал дээр байсаар байна. Хүмүүс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ аюулгүй байлгахын тулд хийж болох бүхнээ хийж байна.
Хятадын Засгийн газар ч үймээн самуун гаргахаас аль болох зайлсхийж, хүмүүсийг ухамсартайгаар сэрэмжтэй байлгахын тулд чадах бүхнээ хийж байна.Яг энэ үед коронавирусийн халдвараас аюултай нэг зүйл байгаа нь барууны зарим мэдээллийн хэрэгслүүд хүмүүсийн өвчин зовлонгоор улс төр хийж байгаа явдал юм. Энэ мэт мэдээллүүд нь хүмүүсийн тархийг угааж, харин ч эсрэгээрээ үймээн самуун дэгдээх үндэс болно” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: THE DIPLOMAT, NEWSWEEK, GLOBAL TIMES
Холбоотой мэдээ