Анхаар: АМИНААС ЧУХАЛ АЯЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Анхаар: АМИНААС ЧУХАЛ АЯЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ

Анхаар: АМИНААС ЧУХАЛ АЯЛАЛ ГЭЖ БАЙХГҮЙ

Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн коронавирусийн тархалт дэлхийн өнцөг булан бүрт "зөөвөрлөгдөөд" байна.  Тиймээс өөрсдийгөө болон хайртай бүхнээ, эх орноо хамгаалах үүднээс шаардлагатай болон шаардлагагүйгээр голомтын бүс нутгууд, шинэ коронавирусийн халдвар илэрсэн орнууд руу аль болох зорчихгүй байхыг сануулж буй. Голомттой улс орнууд руу хийх нислэгүүдийг цуцалж, хорио цээр тогтоосон ч монголчууд гадагшаа явж, ирсэн хэвээр.

“Амны хаалтаа зүү, ариун цэврийг сахь, өвчлөл гарсан бүс нутаг рүү битгий зорч, халдвар гарсан бүсээс ирсэн бол өөрийгөө 14 хоног тусгаарла”.  Энэхүү мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Эрүүл мэндийн яам, Засгийн газар, холбогдох байгууллагуудаас өгч,  төр засгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч буй ч монголчууд хил даван аяласан, аялаж ирээд тусгаарлалтад орохоос татгалзсан талаарх мэдээлэл тасрахгүй байна. Хамгийн сүүлд гэхэд "Ремакс" компанийн ажилтнууд сануулсаар байтал гадагшаа явсан, тэдний оролцсон хурлын нэг оролцогчоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн.

Анхааруулж, сануулсаар байтал гадагшаа гэр бүлээрээ, хамт олноороо явж, эрсдэлд өөрийгөө болон хайртай бүхнээ оруулж буй хүмүүст хандан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн зүгээс халдварын тархалт буурч, хөл хориог цуцалтад ядаж өвчлөл гарсан бүс нутаг руу зорчихгүй байхыг гуйхад хүрэв. Тэрбээр “Италиас 27, Иранаас 12 улсад шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдсөн. Энэ нь манай ард иргэд онцын шаардлагагүй бол гадаадын аль ч улс руу зорчих хэрэггүй гэдгийг уриалахыг хүсэж байна. Дэлхийн бөмбөрцгийн улс орнуудын 50 гаруй хувьд шинэ коронавирусийн халдвар нэгэнт илэрлээ. Зарим орны хувьд бусад оронд зөөвөрлөгдөх бодит эрсдэл байгаа учраас ядаж гуравдугаар сарын 30-ныг хүртэл гадаадын аль ч улс орон руу зорчихгүй байж, тэсээч ээ" гэв.

Коронавирусийн халдвар хүрээгээ улам тэлж, Хятад, Америк, БНСУ, Итали, Франц гээд өндөр хөгжилтэй орнууд барьц алдан тэвдэж буй голомт руу зорчиж буй нь өөрийгөө болон эх орноо эрсдэлд оруулж буй үйлдэл. Тэд өвчин зөөвөрлөөд ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь, олон оронд тархсан коронавирус хүнээр зөөвөрлөгдөж буй юм. Тиймээс аминаас чухал аялал гэж байхгүй юм.

Энэ сарын 6-ны өдөр Москвагаар дамжин ирсэн гэр бүлийн гурван хүн Итали улсад зорчсоноо нуусан төдийгүй тусгаарлах байр руу биш ажил руугаа шууд явсан болохыг холбогдох байгууллагаас тогтоосон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Үүгээр ч зогсохгүй нэгэн зорчигч онгоцны буудалд газардсан даруйдаа Налайх руу зугтаж, тусгаарлагдсан иргэдийн зарим нь согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчлүүд гаргасаар байгаа нь хувь хүний хариуцлагатай салшгүй холбоотой. Тэр бүү хэл энэ сарын 3-ны өдрөөс улс хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор хяналтын постуудад зорчигчдын халууныг хэмжиж буй.

Налайхын хяналтын постоор гэхэд дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийн жолоочдоос жийптэй “ах” нар л тэдний шаардлагыг үл тоон халуунаа хэмжүүлж, асуумж бөглөхгүй зөрчил гаргаж байгааг тус постод ажиллаж буй холбогдох албаныхан хэлж байгаа юм. Иргэний үүргээ ухамсарласан ч тэр, төрийн алба хаагчдын цаг наргүй ажлыг хүндэтгэсэн ч тэр хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх учиртай.

Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэй бүс нутагт хамаарч буй нь бид сонор сэрэмжээ алдаж болохгүйг анхааруулж буйн дохио.

Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа ч, Монголд одоогоор халдвар бүртгэгдээгүй байгаа нь төр засгийн болон иргэдийн хүчин зүтгэлтэй холбоотой. Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш 883 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад авснаас өнөөдрийн байдлаар 500 орчим хүн тусгаарлах байранд эмнэлгийн хяналтад байгаа юм. Гэвч тусгаарлах байранд буй иргэд халуунаа хэмжүүлэхгүй, архидан согтуурах гэх мэт зөрчил гаргасаар байгаа тул хатуу хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулахад хүрэв.

 Үхэл баян, ядуу гэж хэнийг ч ялгахгүйтэй адил монгол хүн коронавирусийн халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Ийм байхад нэг хүний хэнэггүй зан, тэнэг үйлдлээс болж хүн амын аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал үүсэхийг ч үгүйсгэхгүй. Хэрэв Covid-19”-ийн халдвар бүртгэгдвэл маш хүнд нөхцөл байдал үүснэ. Иймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх шаардлагатай байна. Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө хангалттай харсан. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол халдвар хаалга тогшилгүй хойморт залрахад тун ойрхон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
9
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж