Сурвалжлага: Үргүйдэл залуусыг шаналгаж байна | News.MN

Сурвалжлага: Үргүйдэл залуусыг шаналгаж байна

Сурвалжлага: Үргүйдэл залуусыг шаналгаж байна

Сурвалжлага: Үргүйдэл залуусыг шаналгаж байна

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал.  Тиймээс ч монголчууд "Үртэй хүн жаргаж, үндэстэй мод навчилна" гэж ярьдаг.  Гэвч, эцэг, эх болж чадахгүй шаналж суугаа гэр бүл  Монголд олон бий. Үүнээс болж олон гэр бүл салж, сарнихад хүрч байна.

Монголд өнөөдөр дөрвөн гэр бүл тутмын нэг нь үргүйдэлтэй гэсэн судалгаа бий. Энэ нь маш өндөр тоо болохыг эмч мэргэжилтнүүд сануулах болсон. Гэхдээ үр шилжүүлэн суулгах аргаар олон арван гэр бүлд аз жаргал бэлэглэсэн баярт мэдээ маш олон. Үр шилжүүлэн суулгах нь үйлчлүүлэгчдийн хувийн нууцад хамаардаг тул одоогоор Монголд хуруу шилний хүүхэд төрсөн, төрөөгүй гэж хэлэх боломжгүй байдаг аж.

ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АРГААР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХОД 7-12 САЯ ТӨГРӨГ

Монголд 2011 оны арваннэгдүгээр сард анхны үр шилжүүлэн суулгах төв байгуулагдаж байсан бол 2018 оны байдлаар ЭХЭМҮТ, “Си эйл даблью эйч”, “Өөжин мед”, “Баянгол” зэрэг эмнэлгүүд үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр эмнэлгүүдэд жилд 300-500 хос хандаж, шинжилгээнд хамрагдаж үйлчилгээ авдаг бөгөөд эмнэлэг тус бүрийн эмчилгээний төлбөр харилцан адилгүй. Тухайлбал, "Өөжин мед" эмнэлэгт энэ төрлийн үйлчилгээ 7-12 сая төгрөгийн өртөгтэй байна.

"Өөжин мед" эмнэлэг нь тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд тус эмнэлэг 500 айлд аз жаргал бэлэглэжээ. Энэ оны хоёрдугаар сарын 7-нд нэгэн хос шинэ хүнээ өлгийдөн авчээ. Харин тус эмнэлгийн хувьд 500 дахь хүүхдээ өлгийдөн авсан баярт үйл явдал тохиов. Тус эмнэлэг 2015 онд үүдээ нээснээс хойш анхны хүүхдээ 2016 онд хүлээн авч байжээ.

Энэ удаагийн сурвалжлагаар гэр бүлд тулгамдсан үргүйдлийн асуудлыг хөндөж, ийм оноштойгоор шаналж буй хүмүүст бага ч болов тус болох зорилгоор "Өөжин мед" эмнэлгийг зорилоо.

Хан-Уул дүүргийн нутаг, Олимпын хорооны харалдаа үйл ажиллагаа явуулдаг таван давхар барилга бүхий эмнэлэг нь хоёр давхартаа угтах үйлчилгээтэй. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс цөөнгүй байв.

Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзсан хоёр цаг гаруй хугацаанд арав гаруй үйлчлүүлэгч ирсэн юм. Улсын эмнэлэг шиг ачаалалгүй ч эмчийн үүд сахиж, цагаа харсан хосууд болон эмэгтэйчүүд хүлээлгийн танхимд цөөнгүй байлаа. Эмч нарын өрөө сул харагдсангүй. Өрөө бүр үйлчлүүлэгчтэй байлаа. Эндээс харвал үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бололтой. Насны хувьд голдуу 25-35 насныхан байв.

 ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО ЖИЛЭЭС ЖИЛД НЭМЭГДЭЖ, ТӨРӨХ ХҮҮХДИЙН ТОО Ч ӨСЧ БАЙНА

"Өөжин мед" эмнэлгийн Ерөнхий менежер Ж.СОЛОНГО: 

-Монголд үр шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөр гадаадын орнуудаас 2-3 дахин бага. Гаднын орнуудад онгоцны билет, байрлах газар, эмчилгээний төлбөр зэрэг зардал өндөр гардаг. Эдгээр зардлыг Монголдоо хэмнэх боломжтой. Манай эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг дагаад төрөх хүүхдүүдийн тоо өсч байна. Эмчилгээний хувьд Япон улсын Като Лэдеис Клиник эмнэлгийн Байгалийн мөчлөгт зөөлөн сэдээлтийн арга ашигладаг. Өөрөөр хэлбэл, манай эмнэлэг япон технологийн дагуу Монголд эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа юм. Эмч мэргэжилтнүүдийн хувьд Япон улсад суралцаж төгссөн гэдгээрээ онцлог” гэлээ.

Үр шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нь лабораторийн нөхцөлд эр, эм бэлгийн эсийг уулзуулж, үр хөврөл болгож тодорхой зэрэгт хүрсний дараа эхийн умайд шилжүүлэн суулгадаг байна. Айл гэрт аз жаргал бэлэглэх энэхүү чухал үйл явцыг эмнэлгийн эмбриологич эмч нар хариуцдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг байна. Эмбриологич нь лабораторийн нөхцөлд эсийг уулзуулах, чанарыг сайжруулах, үр хөврөлийг хариуцдаг бол эмч нарын хувьд өндгөн эсийг соруулах, үр шилжүүлэн суулгах өдрийг товлох, үр тогтсон үед ургийн гажгийг хянадаг байна.

ХОСУУД ИХЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ СОНИРХОЛТОЙ БОЛСОН Ч ЭНЭ НЬ АЮУЛТАЙ

"Өөжин мед" эмнэлгийн ахлах эмбриологич  Г.ЧИНЗОРИГ:  

-Үр тогтоох үйл явц болоод тэдгээрийн шилжүүлэн суулгалт, хөврөлд хийгддэг ажилбарууд нь биднээс алхам тутамд маш их анхаарал халамж ур чадварыг шаарддаг. Эр бэлгийн эс болоод өндгөн эсийн чанараас шалтгаалан бид үйлчлүүлэгчиддээ хоёр төрлийн үр тогтоох аргыг санал болгодог. Тэдгээр нь уламжлалт буюу байгалийн болон тарьж үр тогтоох арга юм. Спермийг үрийн шингэнээс хөдөлгөөнтэй эр бэлгийн эс ялгах замаар цуглуулан авдаг. Эсийн чанар гэдэг нь үр шилжүүлэн суулгах эмчилгээнд чухал ойлголт билээ. Жишээ нь эрэгтэй эс буюу сперм нь хэвийндээ нэг 1 мл үрийн шингэнд 15 саяаас дээш тоотой түүний хамгийн багадаа 40%-ийг хөдөлгөөнтэй эр бэлгийн эс эзэлж байх ёстой байдаг бөгөөд түүнээс гадна эр бэлгийн эсийн чанарыг илэрхийлдэг олон үзүүлэлтүүд байдаг.  Бид эрэгтэй шалтгаант бүх төрлийн үргүйдлийн үед үзүүлдэг лабораторын болоод мэс ажилбарын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүний дараагаар өндгөн эсийг цуглуулж авах шаардлагатай. Өндгөн эсийг тусгай зориулалтын нарийн зүүгээр соруулах замаар цуглуулж авдаг. Манай эмнэлгийн хувьд уг ажилбарт ороход унтуулга болоод мэдээ алдуулалт шаарддаггүй бөгөөд өвдөлт болоод цус алдах эрсдэл маш бага байдгаараа онцлогтой билээ. Өндгөн эс болоод эр бэлгийн эсийг үнэлсний дараагаар үр тогтоох ажилбар хийгддэг. Эвсэл үр үүсээд тодорхой хугацааны дараагаар хуваагдал орж эсийн хөжлийн үйл явц эхэлнэ. Тухайн үйлчлүүлэгчийн биеийн онцлогоос шалтгаалан бид хөгжлийн ямар шатанд нь үр хөврөлийг ээжид нь суулгах вэ гэдгийг үйлчлүүлэгчтэй хамтарч шийддэг. Өөрөөр хэлбэл хүн бүрийн эмчилгээний төлөвлөгөө тухайн хүний онцлогоос шалтгаалан өөр байдаг гэсэн үг юм. Эмэгтэйн нөхөн үржихүйн тогтолцоо сар бүр нэг өндгөн эс боловсруулж, нэг үр хөврөл тодорхой хугацаанд хүлээж авч тээж төрүүлэх зохилдлогоотой байдаг билээ. Иймээс зөв цаг хугацаанд нь шилжүүлэн суулгалт хийх нь жирэмслэлт амжилттай болох чухал алхам юм.

Бид зөвхөн нэг үр хөврөлийг эхийн умайд шилжүүлэн суулгахыг зөвлөдөг. Учир нь ихэр жирэмсэн нь ургийн гажиг үүсэх эрсдэл ихтэй, амьд төрөлтийг бууруулдаг гэх мэт хэдэн хэдэн тооны эрсдлийг дагуулж байдаг талтай. Сүүлийн үед Европын холбооны нөхөн үржихүйн нийгэмлгийн зохион байгуулдаг хурлууд дээр ч үүний талаар ихээхэн яригдаж нэг үр хөврөл шилжүүлэн суулгах нь үр дүн өндөртэй байгааг судалгаагаар харуулсаар байна. Гэсэн хэдий ч зарим үйлчлүүлэгчид маань эрсдлээс эмээлгүйгээр ихэрлэх хүсэлтэй байдаг, бид мэдээж үүнийг харгалзан үзэн зарим тохиолдолд ихэр суулгалт хийдэг.

2018 оноос эхлэн эсийг шилжүүлэн суулгахаас өмнөх генетикийн шинжилгээг бид эх орондоо нэвтрүүлээд байна. Үүнийг олон улсад PGT-A гэж нэрлэдэг. Уг шинжилгээг хийсний давуу тал нь суулгалт хийхээс өмнө үр хөврөлийн хромосыг шинжилсний үндсэн дээр зөв хромосомын бүрдэлтэй хөврөлийг эхийн умайд суулгах юм. Эвсэл үрүүд лабораторын орчинд хөгжиж тодорхой хэмжээний байгалийн шалгарлыг даван туулсны үндсэн дээр үр хөврөл болж чаддаг. Энэ хүртэл хөгжсөн хөврөлүүд хромосомын хувьд харьцангуй эрүүл байх магадлалтай хэдий ч ургийн гажиг үүсэх өндөр эрсдэлтэй эсүүд хөгжиж суулгалтанд орж болдог. Тэгхээр энэ эрсдлээс зайлсхийж байгаа нь хамгийн гол давуу тал юм. Мөн удмын мэдээллийн дарааллыг тогтоох явцад хөврөлийн хүйс тодорхой болдог. Эхнэр нөхөр зөвшөөрөх юм бол бид ямар төрлийн хүйстэй хүүхэд суулгах гэж байгаагаа хэлдэг. Тиймээс манай эмнэлэг дээр ямар төрлийн хүйсийн үр хөврөл суулгах эсэхийг сонгох боломжтой болж байгаа юм.

ГЭР БҮЛЭЭ ТӨЛӨВЛӨХӨӨСӨӨ ӨМНӨ ЭСЭЭ ХАДГАЛУУЛАХ НЬ ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ

"Өөжин мед" эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, эмэгтэйчүүдийн эмч Б.Цогзолмаатай ярилцав.

-"Өөжин мед" эмнэлэг 500 дахь хүүхдээ өлгийдөн авсан баярт мэдээг дуулгасан. Хосууд хэзээ шинэ хүнээ өлгийдөн авсан бэ?

-Бид 2018 оны арван хоёрдугаар сард 300 дахь хүүхдээ өлгийдөн авч байсан бол жил зургаан сарын дараа 500 дахь хүүхдээ өлгийдлөө. Манай эмнэлэг үүдээ нээснээс хойш жил ирэх тусам үйлчлүүлэгчдийн тоо ихэсч байна. Энэ жил манай эмнэлгийн таван жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойтой давхцаж бид бүхэн 500 дахь хүүхдээ өлгийдөн авсан нь маш том амжилт. Хосууд анхны оролдлогоор жирэмсэн болж, энэ оны хоёрдугаар сарын 7-нд хүүтэй болсон. Насны хувьд аав нь 39, ээж нь 35-тай. Ерөнхийдөө 35 настайдаа анхны оролдлогоор жирэмсэн болсныг амжилттай тохиолдол гэж үздэг. Учир нь үр шилжүүлэн суулгах мэс ажилбар, эмчилгээ наснаас шалтгаалдаг. Нөхөн үржихүйн насны жирэмслэх хамгийн тохиромжтой үе бол 20-35 нас. Энэ хугацаанд 3-5 жилийн хугацаанд дахин жирэмслэлтийг төлөвлөх хэрэгтэй. Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд олон удаагийн оролдлогоор амжилттай болох тохиолдол байна гэсэн үг. Нас залуу байх тусам эхний оролдлогоор амжилттай үр тогтох магадлал өндөр. Нас ахих тусам олон удаагийн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд жирэмсэлдэг.

Үргүйдлийн гол шалтгаан юу вэ?

-Үргүйдэл нь маш олон шалтгаантай. Монгол гэр бүлийн хувьд эмэгтэй талаас үр хоолойн битүүрлийн шалтгаантай байдаг. Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад илүү өндөр хувийг эзэлж байна. Эрэгтэй талаас үрийн суваг битүүрэлтэй байх шалтгаан голлох байр суурийг эзэлдэг. Мөн эмэгтэйчүүдэд үргүйдлийн наалдац үүсэх шалтгаан нь үрэвсэлт өвчин голлож байна. Үр шилжүүлэн суулгах эмчилгээ гэхээр хамгийн түрүүнд үргүйдлийн тухай ярих хэрэгтэй болно.

Үргүйдэл гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хоёр бүтэн жил хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ороод жирэмслэхгүй бол  үргүйдэл гэж тооцдог. Бид хосуудыг ирэхэд шалтгааныг нь олдог. Учир нь үргүйдлийн шалтгааныг эрэгтэй болон эмэгтэй талаас, шалтгаан нь тодорхойгүй гэж ангилдаг. Нийт үргүйдлийн хувийг авч үзвэл 30-40 хувь нь эрэгтэйгээс шалтгаалдаг.

Үргүйдэл нь эрэгтэй, эмэгтэйгээс 50 50 хувийн шалтгаантай бол үлдсэн 10-20 хувь нь шалтгаан тодорхойгүй. Эмэгтэйгээс өндгөн эс боловсрохгүй байх, үрийн хоолой битүүрэлтэй, умайд бүтцийн өөрчлөлтэй байх зэрэг шалтгаанууд нөлөөлдөг бол эрэгтэй талаас эр бэлгийн эсийн тоо цөөхөн, эсийн хөдөлгөөн буурах, хэвийн бус эсүүдийн тоо ихсэх зэрэг шалтгаан орно. Үүнээс гадна эр бэлгийн эс гадагшлахгүй байх нь хамгийн том шалтгаан байдаг. Энэ тохиолдолд нарийвчилсан нэмэлт шинжилгээ авч, эс нь үр тогтоох боломжтой юу гэдгийг тогтоох аргаар шийдвэрлэдэг.

-Эмбриологич "Сүүлийн үед эрэгтэй талаас үргүйдлийн шалтгаан ихэнх хувийг эзэлж байна" гэж хэллээ. Үргүйдэл бол залуу гэр бүлийн хувьд тулгамдсан асуудал шүү дээ?

-Хүмүүсийн ихэнх нь үргүйдэл эмэгтэйгээс шалтгаалдаг мэтээр ойлгодог боловч эрэгтэйгээс ч бас шалтгаална. Ерөнхийдөө үргүйдэл нь эрэгтэй, эмэгтэйгээс 50, 50 хувийн харьцаатай шалтгаалж байна. Үргүйдэлд нийгэм, биологи, эдийн засаг, экологийн талаас нөлөөлж байна. Үргүйдэл нь манай нийгмийн өмнө тулгамдсан асуудал болсон. Энэ чиглэлээр үйл ажиллагаа үзүүлэх эмнэлгүүдийн тоо нэмэгдэж байгаа нь эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.

-Үр шилжүүлэн суулгах эмчилгээ амжилтгүй болох сөрөг хүчин зүйлүүд байдаг уу?

-Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд сөргөөр нөлөөлдөг зүйл нь амьдралын буруу хэв маяг. Хорт зуршлууд хамгийн сөрөг нөлөөтэй. Дээр нь стресс, агаарын бохирдол, хоол хүнсний аюулгүй байдал эсүүдийн чанарт нөлөөлдөг тул үр шилжүүлэн суулгах эмчилгээнд их сөрөг нөлөө үзүүлдэг. Олон удаагийн эмчилгээний үр дүнд жирэмслэнэ. Мөн дээр дурдсан шалтгаануудыг эмчилж байж үр шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай болно. Тиймээс бид үйлчлүүлэгчдэдээ ажил, амралтаа зохицуулах, хорт зуршлуудаас сэргийлэхийг зөвлөдөг.

Жишээ татахад, тамхи эсийн чанарт хамгийн их нөлөөлдөг. Манай эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийг харахад тамхидалт их байна уу даа гэж ажиглаж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд үргүйдэлд тамхидал их нөлөөлж байгаа болов уу.

Дээр нь манайд импортлогдож буй жимс жимсгэнэ, хүнсний ногоо, тахианы мах зэрэг бусад бүтээгдэхүүнүүд эсийн чанарыг муутгадаг. Хамгийн тулгамдаж буй асуудал нь агаарын бохирдол эсийн чанарт нөлөөлөхийн зэрэгцээ эмэгтэй хүний өндгөвчний нөөцөд сөргөөр нөлөөлж байна гэсэн судалгаанууд бий.

-Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон ч амжилтгүй болох тохиолдлууд байдаг. Шалтгаан нь юу вэ?

-Үр шилжүүлэн суулгах эмнэлгүүд Монголд нээгдэхээс өмнө хосууд гадны орнуудыг зорьдог байсан. Ази болон Европын орнуудад очиж нэг удаагийн эмчилгээнд орох зардлаар Монголд 2-3 удаа эмчилгээнд орох боломжтой гэдгийг хосууд хэлдэг. Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд нэг удаа ороод амжилттай болдоггүй. Олон удаагийн оролдлогоор эмчилгээнд ордог. Зарим хосуудын хувьд уйгагүй эмчилгээнд орж хүүхэдтэй болсон тохиолдол бий. Залууст хандаж хэлэхэд эмчилгээнд явахаас өмнө эрт оношлуулах хэрэгтэй. Аль болох эрт эмчид үзүүлэх тусам үр шилжүүлэн суулгахад амжилттай болоход нөлөөлнө. Монголчуудын дундаж наслалт тийм ч өндөр биш учраас нөхөн үржихүйн насандаа хүүхдээ төрүүлэх нь зөв. Залууст хандаж хэлэхэд эрт эмчид хандаарай гэж зөвлөе.

Оройтож эмнэлэгт хандах тусам үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ороод ч үр дүнгүй болох тохиолдлууд байдаг. Жил болон жилээс дээш хугацаанд жирэмслээгүй бол эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Эмэгтэй хүн анх эхээс төрөхдөө тодорхой тооны өндгөн эсийн нөөцтэй төрдөг. Өндгөн эс нь сарын тэмдэг ирснээс хойш гадагшилсаар байгаад дуусч цэвэршдэг. Энэ нь эмэгтэй хүний удамшлын онцлог болон механик болон химийн хүчин зүйлүүд, туяа эмчилгээ, аарцгийн бага хөндийд хийлгэсэн мэс засал зэргээс өндгөн эсийн үйл ажиллагаа буурдаг. Эдгээр шалтгаануудаас үүдэн өндгөн эсийн нөөц багасвал жирэмслэхэд оройтох шалтгаан болдог. Тиймээс эмчилгээнд орохоос өмнө эсээ хадгалуулах уу эсвэл эмчилгээнд орсны дараа эсээ хадгалуулах уу гэдгээ эмчээс асууж, нөхөн үржихүйгээ төлөвлөх нь зүйтэй. Хэрэв өндгөн эсийн нөөц эрт дуусвал өндөр өртгөөн хэчнээн удаа үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгээд үр дүнгүй болох тохиолдол байна.

-Үр шилжүүлэн суулгахад өндгөн эсийг гаргаж авах өдрийг товлох хугацаа их чухал гэж сонссон?

-Тухайн ээжийн биед өндгөн эс боловсорч гүйцсэний дараа бид соруулж авах замаар хадгалдаг. Өндгөн эсийг авах нь эмчийн шийдвэр, ур чадвараас шалтгаална. Тэгэхээр зөв цагт өндгөн эсээ авах нь чухал. Оройтож авахад өндгөн эс хагарах эрсдэлтэй. Эсвэл боловсроогүй эс авдаг. Эмэгтэйн биед өндгөн эс боловсорсон үед л соруулж авч, хадгалалт хийдэг.

Хэрэв 35 наснаас хойш гэр бүлээ төлөвлөвөл залуу байхдаа эсээ хадгалуулах нь хамгийн оновчтой сонголт. Сүүлийн үед томоохон компаниуд ажилчдаа залуу байх үед нь эсийг нь авч хадгалуулах сонголтууд бий болсон. Мөн дээр дурдснаар өндгөн эсийн цөөн нөөцтэй эмэгтэйчүүд эсээ эрт хадгалуулах хэрэгтэй.

Магадгүй амжилтад хүрснийхээ дараа гэр бүлээ төлөвлөж хүүхэдтэй болъё гэхэд оройтсон бол залуу байхдаа хадгалуулсан эсээр үр шилжүүлэн суулгах аргаар жирэмслэх боломжтой. Тиймээс нөхөн үржихүйн насандаа эсээ хадгалуулах зүйтэй.

-Ганц бие болон хосуудын хувьд хүүхэдтэй болохоосоо өмнө эсээ хэр их хадгалуулдаг вэ?

-Манай эмнэлэгт эмчилгээний шаардлагаар болон эсийн нөөц нь бага бол хадгалуулах тохиолдол их байна. Үйлчлүүлэгчид эсийн нөөцөө оношлуулдаг, эрт дуусч байгааг мэдсэн бол хадгалуулах тохиолдол бий. Залуус энэ чиглэлээр мэдлэгтэй болсон.

 -Эрчүүдийн хувьд бага насандаа гахайн хавдар тусах нь ирээдүйд үргүйдэлтэй болоход нөлөөлөх үү?

-Эрэгтэйчүүдийн үргүйдлийн үндсэн шалтгаан нь үрийн хоолойн битүүрэлт. Үрэвсэлт өвчнүүдээс болж үр дамжуулдаг суваг нь битүүрдэг. Хоёр дахь шалтгаан нь бага насандаа өвдөж байсан өвчнүүд болон мэс засалд орж байсан бол төмсөгний үйл ажиллагаа буурч, эсүүдээ боловсруулж чадахгүй байх нь үргүйдлийн голлох шалтгааныг эзэлдэг.

-Хосууд ямар тохиолдолд тээгч эхээр хүүхдээ төрүүлдэг вэ?

-Эрүүл мэндийн тодорхой заалтаар эмэгтэйчүүд байгалиараа төрөх боломжгүй байдаг. Төрөлхийн умай байхгүй, эсвэл төрөхийн хүндрэлээс болоод умайгаа тайруулсан, наалдац үүссэн, ээжид жирэмсэн үед амь насанд нь хүндрэл учрах үед тээгч эх авах заалттай. Ерөнхийдөө хосуудын хувьд үр шилжүүлэн суулгаад үр дүнгүй, умайгаа тайруулсан, наалдац үүссэн зэрэг эмгэгүүдийн үед тээгч эх авах тохиолдол гардаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Smile 2020-03-09 64.119.19.68

Mongold oiroltsoogoor teegch ehiin too hed baidag ym bol ene talaar delgerengui medeelel baidag ym bolov uu ? Donoriin tuhai huulid Teegch ehiin talaarh 2 zuil baigaa humuusee geree contractaa mash sn unshaj baij gereegee hiij baigaarai ylanguya gadagshaa teegch eh zuuchlana gsn gazar ntree medej avah ni zuitei shu

Avatar

zochin 2020-03-09 202.9.40.128

sn bnu ervvl boijij bga 6sard topoh hvvgee opgvvlex gsen ym holboo barix hvmvvs dugaaraa vldeegeerei

Avatar

Зочин 2020-03-09 122.201.31.249

Миний мэдэхээр бидний залуу нас буюу 1980-аад оны эхэн үед залуучуудад ийм асуудал бараг байдаггүй байсан, эдүгээ залуусын эрүүл мэнд мууджээ!! Төр засаг маань үүнд анхаарах завгүй (4 жилд амжаад юу хусах вэ гээд) байх шиг байна даа!!!

Avatar

ZochinZochin 2020-03-09 192.82.75.132

Anagaah uhaanii hugjild bishirye. Zaluuchuud hanydaa unenh, ger buliin ariun jurmiig sahih heregtei. Zarim huniig harahad hetsuu l haragdah yum. Yu ch hojihguigeer barahgui belgiin zamiin uvhin mach ih bolson shuu dee.

Avatar

Зочин 2020-03-09 202.126.88.69

Eldev belgiin bolood belgiin bus uvchnii urshig shuu dee ene urguidel bol..

Avatar

Zochin 2020-03-09 103.229.122.106

Mongol hoolo id zaluuchuud, hudalaa mayaglaj gadnii esen busiin hool idej biee horduulj bna, hoolnoos shuud hamaaraltai.

Avatar

иргэн 2020-03-09 66.181.179.158

Сайхан болжээ, амжилт хүсье. Энэ бол маш чухал үйлчилгээ. Хоёр талаасаа сэтгэл сайн байх нь чухал шүү.

Avatar

Зочин 2020-03-09 103.212.118.113

Unegui ur togtoochih garuud zunduu baigaadaa

Avatar

Зочин 2020-03-09 207.195.65.37

manai neg tanil amerik xyn xiilgesen 53000$ tolson gesen, xyyxdiig n mash ynetei xyyxed gej bid xamaagyi xyrxees aigaad, tyyntei xaritsuulax yum bol mash khyamd yuum bainoo, xediig xiilgesen ch yaxav

Avatar

Зочин 2020-03-09 103.26.195.32

MONGOLD GEGETEND BAIDAG SOLONGOS EMLEGT L BU HANDARAI BI HULHIDULSAN BAYNGOL EMNELEG HAMGIN SAIN N YM BILE BI BOLSON

Avatar

Зочин 2020-03-09 1.214.86.232

Бүү хандаарай гэж хэлж болохгүй. Зөндөө хүмүүс ирээд хүүхэдтэй болоод явж байгаа шүү дээ. Солонгос улс манай монголд ямар их ээлтэй билээ дээ

Avatar

Зочин 2020-03-09 1.214.86.232

Солонгосын Сөүл хотод байрлах Миз Мэди эмэгтэйчүүдийн эмнэлэгт үр шилжүүлэн суулгах ажилбар хамгийн өндөр төвшинд хийгдсээр байна. Хэрэв та холбоо барихыг хүсвэл. 010-7672-1296 болон Bataa tsolmon (dalain ereg deer awhuulsan uurin zurag maan bgaa ^^,cover ni ygaan ungutui gvvrnii zurag) Монголын үрс маш олон болох болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж