Спортын ертөнц дэх арьс өнгөний үзэл

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Спортын ертөнц дэх арьс өнгөний үзэл

Спортын ертөнц дэх арьс өнгөний үзэл

Сүүлийн жилүүдэд спортын ертөнцөд арьс өнгөөр ялгаварлах үзэл их гарах болсон. Бид төдийлөн анзаардаггүй ч Монгол Улсад ч энэ асуудал ажиглагдаж байгаа нь нууц биш юм.

Арьс өнгөөр ялгаварлах үзэл бүр дээр үеэс гаралтай. Тодруулбал, 1936 оны Герман улсад Адольф Гитлерийн хараан дор зохион байгуулагдсан зуны олимп арьс өнгөний үзлийг ихээхэн дэвэргэсэн, шударга бус, “нацист наадам” болсон гэж хүмүүс үздэг.

Олимпийн эрх олгох тэмцээнээсээ эхлээд зөвхөн Германы холбоотон болсон улсуудын тамирчдыг оролцуулсан нь олимпийн үеэр асуудлыг улам хурцатгасан. Энэ шударга бус байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй Испани болон ЗХУ-ууд “бойкот” зарлаж, олимпийн наадамд оролцоогүй. Мөн олимпийн наадамд Африк-Америк болон Еврей тамирчдыг хавчин гадуурхах үзэл газар авч, нацист хэвлэлийнхэн хар арьст тамирчдыг “хар хөлсний цэргүүд” хэмээн тодорхойлж байлаа.

Еврейчүүдийг үздэггүй Адольф Гитлер Германы олимпийн шигшээд багтаад байсан Бергманн Ламбертыг еврей хэмээн шигшээ багаасаа хөөж байсан түүхтэй. Уг арьсны өнгөний үзэл Германаар ч зогсохгүй америкчуудын дунд элбэг гарч байжээ. АНУ-ын хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагч Дин Громвелл өөрсдийн хар арьст тамирчдаа “Тэд бол ширэнгэн ойд үхэл, амьдралын зааг дээр гүйдэг хүмүүс. Үсэрч, харайж, гүйнэ гэдэг бол тэдний амьд үлдэх арга зам” хэмээжээ. 1936 оны Герман улсад зохион байгуулагдсан зуны олимпийн наадамд АНУ-ын Африк-Америк гаралтай Жесси Оуэнс 100 м, 200 м, уртын харайлт, 4х100 м зэрэг төрлүүдэд алтан медаль хүртэж, өөрийгөө дэлхий нийтэд таниулж байв.

Өнөө үед бидний өндөр хөгжилтэй хэмээн боддог улсуудад энэ арьс өнгөний үзэл ихээхэн газар авч байгааг та бүхэн харж болно. АНУ, Их Британи, Хятад, ОХУ, Итали зэрэг улсуудад арьс өнгөний үзэл ихээр гарч, хүний эрхийг дээдэлдэг гэгддэг ч үнэн хэрэгтээ тийм биш юм.

Монголын үзэгчдийн хувьд легионер тоглогчдыг “шоглох” байдалтай байдаг нь арьс өнгөний үзэл гаргаж буй үйлдэл юм. Ялангуяа сагсан бөмбөгийн лигт тоглож буй өнгөт арьст тоглогчдыг үзэгчид элдвээр хэлэх, хараах, талбай дээр зодох гэх мэт үйлдлүүд удаа дараа гарч байсан.

Багийн спорт юм уу бүлэг зодоон юм уу?

Posted by Eagle News on Thursday, February 2, 2017

Хятадын хөлбөмбөг, сагсан бөмбөгийн лигүүдэд хар арьст тоглогчдыг элдвээр дуудах, заналхийлэх зэрэг байдал өчнөөн гарч байсан. Хятадын хөлбөмбөгийн лигт тоглож байсан Демба Ба-г Чаньчун багийн Жан Ли тоглолтын турш “Чи муу хар” хэмээн хэлж байсан ба Демба Ба тэсгэл алдан тоглолтыг дундаас нь орхин гарсан юм. Мөн Хятадын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтын үеэр үзэгчид талбай дээрх өнгөт арьст тоглогчдыг элдвээр дуудаж, тус тоглолтыг зогсоож байв.

Хөлбөмбөгийн спорт нь бараг шашин шахуу болсон Итали, ОХУ, Их Британи зэрэг улсуудад өнгөт арьст тоглогчид тоглоно гэдэг амаргүй даваа. Хэдэн жишээ дурдахад, өнгөрсөн зун Испанийн Барселона багаас бөөн дуулиан шуугиан болж ОХУ-ын Санк-Петербург хотын Зенит багт ирж байсан Малком эхний тоглолтдоо л Оросын “ультра” фэнүүдийн зовлонг амссан. Түүнийг дөнгөж эхний тоглолтдоо оролцож байхад “Мы играем белыми” буюу “Бид цагаанаар тоглодог” хэмээх баннер барьж эсэргүүцлээ илэрхийлсэн. Малком энэ улиралд ердөө дөрвөн тоглолтод оролцож 63 минутыг талбайд өнгөрүүлээд байна.

Тэгвэл Итали улсад Италийн хөлбөмбөгийн холбоо өнгөт арьст тоглогчдынхоо эрх ашгийг хамгаалахын тулд кампанит ажил явуулж, үзэгч фэнүүдээ энэ тал дээр сургаж байгаа гэж хэлж болно.

Италийн арьс өнгөний үзлийг хамгийн их мэдэрсэн хүмүүсийн нэг бол Марио Балотелли. Италийн хөлбөмбөгийн шигшээ багт тоглосон анхны өнгөт арьст тоглогч болж Италийн шигшээг Евро-2012 тэмцээнд мөнгөн медаль хүртэхэд нь гол үүрэг гүйцэтгэсэн түүнийг италичууд хангалттай гомдоосон.

Хаа ч тоглосон түүнийг элдвээр хэлж, банан шидэж, сармагчингийн дуу авиа гаргадаг бөгөөд түүнд зөвхөн хөлбөмбөг л энэ зовлонгоо давахад нь тусалж байна.

Мөн түүнээс гадна Интер Миланы Бельги довтлогч Ромелу Лукаку одоо энэ зовлонг ихээр амсаж байгаа. Энэ улиралд дэндүү ганган байгаа түүнийг эсрэг багийн фэнүүд шатааж, бухимдуулахын тулд элдвийн зүйлс их хийж байгаа юм. Итали бол өнгөт арьст тоглогчдын хувьд зүрх зүсэм улс.

Харин Их Британи улсын хувьд сүүлийн үед арьс өнгөний үзэл гаарч байна. Хамгийн алдартай арьс өнгөний зөрчилдөөн Патрис Эвра болон Луйс Суарез нарын хооронд болж байлаа.

Тухайн үед Ливерпүүл багт тоглож байсан Уругвай довтлогч Луйс Суарез Манчестер Юнайтед багийн франц хамгаалагчийн Патрис Эвраг арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гарган "Negro" хэмээн дуудсан гэх шуугиан гарсан. Үүнийг Патрис Эвра ч баталсан. Харин дараа нь Ливерпүүл болон Манчестер Юнайтед багууд дахин таарч тоглоход Луйс Суйрез Патрис Эвратай гар барихаас татгалзаж байлаа.

Солонгос довтлогч Сон Хюн-Мин дээр гэхэд хэд хэдэн жишээ байна. 13 настай Бөрнли багийн дэмжигч Сон Хюн-Минийг "онигор" гэж шоглосныхоо төлөө бүх насаараа цэнгэлдэхэд орж тоглолт үзэх боломжгүй болсон бол Челсигийн хөгжөөн дэмжигчид мөн түүнийг ялгаварлан гадуурхсан үгс хэлснийхээ төлөө шийтгүүлсэн.

Түүнээс гадна Челсигийн хамгаалагч Антонио Рудигерыг Тоттенхэм Хотспур багийн дэмжигчид арьс өнгөнөөр нь гадуурхан "сармагчин" хэмээн дуудсан хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа ажээ. Доорх зурагт Антонио Рудигер Тоттенхем Хотспур багийн дэмжигчдийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлж "сармагчин"-ы үйлдэл гаргаж байна.

Арьс өнгөний үзэл спортын салбарт нь ихээр гардаг бас нэгэн улс бол эрх чөлөөний орон гэгддэг АНУ. Үзэгч фэнүүд, багийн эзэд нь хэтэрхий их эрх эдэлж, арьс өнгөний үзэл их гарч байгаа гэж хэлж болно. Та бүхний сайн мэдэх гольфын спортын бүх цагийн шилдэг тоглогчдын нэг Тайгер Вудс арьс өнгөний үзлийн золиос болж байв.

1997 онд 21 насандаа эрэгтэйчүүдийн мэйжор гольфын тэмцээнд түрүүлсэн анхны өнгөт арьст болсон түүнийг Фюззи Зойллер “Тэр хүү сайн чиглүүлж, сайн цохиж байгаа. Тэр ялахын тулд бүх зүйлийг хийж байна. Гэхдээ та нар түүнийг энэ хүртэл ирэхдээ юу хийж байсныг мэдэх үү? Түүнийг сайн магтаад, баяр хүргээрэй, тэгээд дараа жил шарсан тахиагаар үйлчлэхгүй гэж хэлээрэй” хэмээжээ.

Шарсан тахиа гэдэг нь дээр үед өнгөт арьст боолууд хямдхан шим тэжээлтэйг нь бодож тахианы мах идэж махаа орлуулдаг байсан тухай Миссуригийн их сургуулийн профессор Клайре Шмидт ярьжээ. Мөн тэрбээр “Боолууд тахианы махыг гараараа иддэг байсан учраас энэ нь бас бохир заваан, бүдүүлэг гэсэн утгыг илэрхийлж болно” хэмээжээ.

Мөн 2011 онд гольфчин Стив Уилльямс Тайгер Вудсыг “хар бөгсний нүх” хэмээн тодорхойлж байсан юм. Гэвч дараа нь тэрбээр би “тэнэг” гэсэн утгаар нь хэлсэн юм гэжээ. Arse гэдэг үг нь хүний бөгсний нүх болон тэнэг гэсэн хоёр утгаар ашиглагддаг ажээ. Гэвч ямар ч байсан Стив Уилльямс дараа нь Тайгер Вудсээс уучлалт гуйсан юм.

Хамгийн сүүлийн дуулиант хэргийн эзэн бол Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Лос-Анжелес Клипперс багийн хуучин эзэн болох Доналд Стерлин. NBA-ийн зүгээс хүртэл түүнийг арьс өнгөний үзэл гаргасных нь төлөө багаа зарахыг шаардаж байсан бол дасгалжуулагч Док Риверс болон багийн тамирчид нь ажил хаялт зарлаж байсан юм.

Доналд Стерлин өөрийн хуучин найз охин В.Стивианогийн  сагсан бөмбөгийн домогт тоглогч Мэжик Жонсонтой авахуулсан зургийг нь хараад “Та нарын хар хүмүүстэй холбоо тогтоож, тэднийгээ нэвтрүүлэхийг хүсч байгаа нь надад төвөг учруулж байна. Чи юу хийх ёстой вэ? Чи хар хүмүүстэй унтаж болно. Тэднийг гэртээ оруулаад юу хүссэнээ хий. Би чамаас гуйх жижигхэн гуйлт бол тэднийгээ битгий их хөөргө, бас битгий миний тоглоомонд оролцуулаад бай” хэмээжээ.

NBA-ийн комиссар Адам Силвер болон NBA-ийн багуудын эзэмшигчдийн зөвлөлөөс Лос-Анжелес Клипперс багийг Microsoft компаний захирал Стив Балмерт 2 тэрбум ам.доллараар зарж, хуучин багийн эзэн Дональд Стерлинийг бүх насаар нь NBA-ээс хориглосон юм.

Та бүхэн анзаарсан бол дэлхийн хамгийн их үзэгч сонирхогчтой спортуудад арьс өнгөний үзэл ихээр гардаг нь ажиглагдсан байх. Үзэгч, хөгжөөн дэмжигч бүр спортын соёлд суралцаж, зөв энхийн замаар баг тамирчдаа дэмжиж, хэн нэгнийг ялгаварлан гадуурхах бус, байгаа байдлаар нь зөв хүлээн авч байвал спортын ертөнцөд нэгэн дэвшил болох биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж