Хорио цээрийн үед оператор компаниудын орлого нэмэгдсэн үү?

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн үед оператор компаниудын орлого нэмэгдсэн үү?

Хорио цээрийн үед оператор компаниудын орлого нэмэгдсэн үү?

Дэлхийн олон оронд аюул дагуулж буй шинэ коронавирусийн халдвараас тархалттай уялдуулан Монголын төр засаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тодорхой арга хэмжээ авч буй. Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 31-нийг дуустал карантилж, гадаад орнуудад хийх нислэгүүдийг энэ сарын 28 хүртэл хязгаарлаж, амралт, сувилал, баар сауныг нэг сарын хугацаагаар хаасан.

Улс орон бүхэлдээ хорио цээр тогтоосон энэ үед  жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого зогсч, худалдааны эргэлт саарсан зэрэг эдийн засагт багагүй хүндрэл үүссэн. Энэ нь улсын төсөв тасалдах, банкны секторт чанаргүй хэмжээ нэмэгдэх, компаниуд үйлдвэрлэлээ зогсоосноор ажлын байрны цомхотгол явагдах, ажилгүйдэл нэмэгдэх бодит эрсдэлийг үүсгэсэн.

Тэгвэл хорио цээрийн үед  хамгийн эрэлттэй байгаа хэрэглээ дата, бизнес нь Facebook, Instagram-аар дамжуулах зар сурталчилгаа болоод байна.

Сошиал медиа нь тогтвортой орлогын эх үүсвэр болох хууль ёсны баялгийг санал болгодоггүй ч хязгааргүй мэдээллийн урсгал нь аливаа бизнесийг хөгжин цэцэглэхэд тусалдаг. Монгол Улсын хувьд ч бизнесийн байгууллагууд энэ төрлийн маркетингийг эрчимтэйгээр хэрэглэх болсон.   Сошиал медиа сувгуудыг ашиглах бизнесийн байгууллага болон хувь хүмүүс, хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрчээ.  Үүний 2.1 сая нь гар утсаараа нийгмийн сүлжээд холбогддог  хэрэглэгчид.  Гурван сая гаруй хүн амтайгаа харьцуулахад маш өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын хоёр нь гар утсаараа нийгмийн сүлжээнд холбогддог юм байна. 

Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 2019 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд 219 мянгаар буюу 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. “Facebook”-ээр зар сурталчилгаа дамжуулахад дунджаар 2.1 сая хүнд хүрэх боломжтой гэж “We Are Social”, “Hootsuite” судалгааны байгууллагууд сүүлд гаргасан тайландаа оруулжээ. Энэ нь өнгөрсөн улирлаас таван хувиар өссөн үзүүлэлт аж.

Үүнээс гадна “Instagram”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 420 мянга, “Twitter”-ийнх 52 мянга, “Linkedin”-ийнх 200 мянга хүрч өсчээ. Тиймээс эдгээр платформуудыг ашиглавал төдий тооны хэрэглэгчдэд зар сурталчилгаагаа хүргэх боломжтой гэж тооцоолжээ.

Үүрэн холбооны дөрвөн оператор компани нийт 4.2 сая хэрэглэгчтэй,  "Мобиком" 37.8 хувь, "Скайтел"16.5 хувь, "Юнител" 34 хувь, "Жи-мобайл" 11.6 хувь эзэлж байна. Бид дээрх компаниудтай холбогдож, 2020 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх дата хэрэглэгчдийн тоон мэдээллийг авахыг хүссэн боловч  байгууллагын нууц гэх шалтгаанаар татгалзсан хариу өгсөн юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос оператор компаниудын дата хэрэглэгчдийн тоон судалгааг жилдээ хоёр удаа авдаг бөгөөд ирэх дөрөвдүгээр сард гарах юм байна.

Дээрх дөрвөн оператор компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдэд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтдээ давхардсан тоогоор 81 сая мессежийг хэрэглэгчдэд хүргэсэн байна. Үүнийг мөнгөн дүн рүү шилжүүлбэл 1.8 тэрбум төгрөг аж.

Ямартай ч хөл хорионы энэ үед “Мобиком” корпорацийн  “Манай интернэт” үйлчилгээний болон "Мобинет" өрхийн интернэтийн одоогийн хэрэглэгчдийн гуравдугаар сарын төлбөрийн суурь хураамжийг 50 хувь хөнгөлөхөөр болсон байна. Ингэснээр хорио цээрийн үед гэрээсээ ажиллаж байгаа иргэд, онлайн хичээл үзэж байгаа оюутан сурагчид гэрээсээ гарахгүй байж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, гэртээ тав тухтай байх боломж бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Харин гуравдугаар сарын 10-аас хойш “Манай интернэт” болон "Мобинет" өрхийн интернэтийн шинэ хэрэглэгч болсон тохиолдолд гуравдугаар сарын төлбөрийг мөн адил 50 хувь хөнгөлөх юм байна.

"Юнител" компанийн хувьд  хөл хориотой байгаа энэ үед хүмүүсийн дата ашиглах хэрэгцээ их байгаа учраас гуравдугаар сараас эхлэн хоёр дахин үржигддэг дата урамшууллыг дахин эхлүүлсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж