Гэм буруугаа хүлээсэн Б.Батзоригт хамгийн бага ял онооно

Хуучирсан мэдээ: 2020.03.09-нд нийтлэгдсэн

Гэм буруугаа хүлээсэн Б.Батзоригт хамгийн бага ял онооно

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа олон тэрбумын зээл авсан нь тодорхой болж, нийгэмд багагүй шуугиан тарьж байлаа. Уг асуудлаас болж зарим гишүүд эхнэр хүүхэд, ээж ааваа "танихгүйд хүрсэн" бол  зарим нь тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, сонгогчдоо бодлогоор дэмжих үүднээс зээл авч өгсөн гэх тайлбарыг хийж байсан билээ. 

Харин сөрөг хүчин болон олон нийтийн сүлжээнд МАН-ын гишүүд  ЖДҮХС-гийн мөнгийг хувааж авсан нь Ж.Эрдэнэбатын засгийг огцруулсны төлбөр хэмээн улстөржиж байв. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан гишүүдэд хариуцлага тооцох хүсэлтийг хууль, шүүхийнхэнд одоо ч тавьж, эсэргүүцлээ илэрхийлж буй. У.Хүрэлсүхийн Засгийн газрын цөөнгүй сайд, болон МАН-ын 49 гишүүнд одоогоор хууль, шүүхээс ямар нэг хариуцлага, шийтгэл оноогоогүй байгаа юм.   юм.

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас 15 гишүүнийг  хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж хэрэг үүсгэсэн ч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй учраас хэргийг хаасан юм. Харин үлдсэн 34- гишүүний асуудал  иргэдийн анхаарлын төвд, 2018 онд дэгдсэн уг дуулианыг хууль шүүх нь ч бараг "мартах" тал руугаа орж байна. Уг нь,  улстөрчийн ёс зүй өндөртэй, хариуцлагатай оронд ард түмэнд очих ёстой зээлийг хамаарал бүхий этгээд болон хамаатан садныхаа компанид авсан гишүүд нь аль хэзээний огцорч, хууль шүүх нь ч тэдэнд шударгаар хариуцлага тооцчихсон байх байсан биз. Харамсалтай нь, Монголд авлига ялна.

Б.БАТЗОРИГИЙГ ЭНЭ САРЫН 10-НЫ ӨДӨР ШҮҮНЭ 

ЖДҮХС-гийн зээлийн намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Өөрөө ч хамгийн өндөр үнийн дүн бүхий зээлийг авсан байдаг. Тиймээс энэ сарын 5-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд /ХХААС/ асан Б.Батзоригт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн өөртөө авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байна. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзжээ. Түүнд  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны 08.30 цагт товлосон байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасч, 10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

  ӨМНӨ НЬ ТҮҮНД НАЙМАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООХ ХУУЛИЙН ЗААЛТААР ШҮҮЖ БАЙСАН

Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Энэхүү хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан нь энэ  юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.

Өмнө нь түүнд найман жилийн хорих ял оноох хуулийн заалтаар шүүж байсан бол энэ удаад хэргээ хүлээсэн гэж үзэж, хялбаршуулсан журмаар хэлэлцэхээр болж байгаа юм.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж, ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэдэг юм байна.

Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял оногдуулна гэж үзэн ял тохиролцон, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүргүүлсэн гэх мэдээлэл бий.

Хэрэв шүүх уг хэргийг прокурорын саналын дагуу шийдвэл Б.Батзориг нэг жилээс илүү хугацаагаар хоригдохгүй, таван жилийн хугацаанд нийтийн албанд томилогдохгүй гэсэн үг. 

Б.БАТЗОРИГ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ИНГЭЖ ХЭЛЖ БАЙСАН Ч ТЭРБЭЭР ОДОО ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж