УОК: БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг түр зогсоосон хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

УОК: БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг түр зогсоосон хугацааг сунгалаа

УОК: БНСУ, Япон, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн нислэгийг түр зогсоосон хугацааг сунгалаа

НЭМЭЛТ: Улсын онцгой комисс өнөөдөр /2020.3.8/ 12.00 цагаас эхлэн хуралдсан. Хурлаар хэлэлцсэн асуудал, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

СЭРЭМЖЭЭ АЛДАХГҮЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Байдал амаргүй байна. Дэлхийн 99 оронд covid-19-ийн халдвар тархаж, өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Тиймээс бид тайвширч болохгүй. Хийж буй ажлаа сайжруулж, сонор сэрэмжээ сайжруулах шаардлагатай байна. Тусгаарлах байр олныг гаргасан. Одоогоор 500 орчим хүн тусгаарлах байранд бий” гэлээ.

ТУСГААРЛАХ ЖУРАМ БАТЛАХ ҮҮРЭГ ӨГСӨН

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Улсын онцгой комиссын ес дэх хурал боллоо. Шадар сайд мэдээллийн эхэнд хэлсэнчлэн 99 оронд халдвар тархаж, 106 мянга 139 хүн халдвар авч, 3600 хүн нас бараад байна. ДЭМБ улс орнуудад зөвлөгөө өгсөөр байгаа. Дэлхийн бөмбөрцгийн нэг ч орон манайд халдвар гарахгүй гэж бодож болохгүй гэж зөвлөж байгаа. ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд УОК салбар бүрт үүрэг өгч, ажиллаж байна. Оношилгоо эмчилгээний чиглэлээр туршлага судалж байна. ДЭМБ-ын зургаан хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг манай улсад ажиллаж байгаа. Өнөөдрийн хурлаар иргэдийг тусгаарлах журам батлах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгсөн. Оношлууртай холбоотой асуудлаар БНСУ, Япон улстай ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр ЭМЯ-наас ОХУ-д ажиллаж байгаа баг давхар судалгаа хийж байгаа” гэлээ.

ГУРАВДУГААР САРЫН 28-НЫГ ХҮРТЭЛ ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙГ ЗОГСООЛОО

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монгол Улсаас гадагш явдаг нислэгийг гуравдугаар сарын 11-ныг хүртэл зогсоосон байсан. БНСУ-Монгол-БНСУ, Япон-Улаанбаатар-Япон, Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл буюу өвлийн нислэгийн цагийн хуваарь дуустал нисгэхгүй байх шийдвэр гаргалаа.

Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэх эсэх асуудалтай холбоотойгоор дахин мэдээлэл хийнэ.

Европын нислэгийн асуудлын хувьд Туркиш эйрлайнс болон Москвагаар дамжин Герман руу гарч буй нислэгт онцгой анхаарч байна. Энэ чиглэлээс гуравдагч орны иргэнийг оруулахгүй байх, Гадаад яам энэ чиглэлд виз олгохгүй байх чиглэл өгсөн. Хэрвээ энэ чиглэлд нөхцөл байдал хүндэрвэл энэ чиглэлийн нислэгийг зогсоох эсэхийг Улсын онцгой комиссын хурлаар шийднэ.

ЭКСПОРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 12 МЯНГАН ТОНН МАХЫГ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД ЗАРЦУУЛНА

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан

Коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд шилжиж байна. Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой байна. Өнгөрсөн жил 60-70 тонн мах нийлүүлж байсан. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн байсан нь  чанарын шаардлага хангаагүй болохоор дотоодын зах зээлд борлуулахаар болсон.

Монгол Улс 407 мянган тонн улаанбуудай хураасан ч 246 мянга нь чанарын шаардлага хангасан. Энэ нь нэг жилийн гурилын хэрэгцээний 80 хувийг хангаж байгаа. Үлдсэн хувийг оны сүүлээр импортолно. 100 мянган тонн улаанбуудай импортолж, 90 мянгыг гурил үйлдвэрлэхэд зарцуулах бөгөөд энэ нь 60 мянган тонн гурил болно. Цагаан будаа, элсэн чихэр зэрэг 100 хувь импортолдог бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хүнсний бүтээгдэхүүнийг хэмнэлттэй ашиглах горимд шилжих шаардлагатай байна.

НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАЖЭЭ

ОБЕГ-ын штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, байгууллагын ирүүлсэн хандив нэг тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгийг халдвартай тэмцэхэд ажиллаж буй ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах, илүү цагийн хөлсөнд зарцуулна.

Түүнчлэн дэлхийн улс орны бараг 50 орчим хувьд нь covid-19-ийн халдвар илэрсэн тул онцын шаардлагагүй л бол гуравдугаар сарын 30-ныг хүртэл гаднын оронд зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Улсын онцгой комиссын хурал өнөөдөр /2020.3.8/ 12.00 цагт эхэллээ. Хурлаар түр зогсоосон олон улсын нислэгүүдийн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын талаар ярилцах юм. Тухайлбал,

  • Монгол Улс- БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх
  • Европоос ирэх зорчигчдын тоог хязгаарлах
  • Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх
  • Covid-19-ийн  халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ
  • Нүүрс тээвэр, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-аас эхлүүлэх эсэх
  • Covid-19-ийн халдвартай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлж буй хандив зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Р.ДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж