Тойм: Олны анхаарал татсан шүүх хурал шийдвэрээ танилцуулав

Хуучирсан мэдээ: 2020.03.08-нд нийтлэгдсэн

Тойм: Олны анхаарал татсан шүүх хурал шийдвэрээ танилцуулав

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна


Г.АДИЛБАЯРТ НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 4 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСЧ, 18 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙН ЯЛ ОНООВ 

Өнгөрч буй долоо хоногт олон нийтийн анхаарлыг татсан хэд, хэдэн шүүх хурал болж, шийдврээ гаргалаа. Тухайлбал, Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга асан, дэд хурандаа Д.Адилбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт /хахууль авах/ гэсэн үндэслэлээр буруутгасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож, шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 18 сая төгрөгийн торгуулийн ял, Шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 13.5 саятөгрөгийн торгуулийн ял оноолоо.

Мөн Д.Адилбаяраас 35 сая төгрөг, Б.Цолмонгоос таван сая төгрөг тус, тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Г.ДОРЖЗОДОВТ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЛАА

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан Эрүүгийн хуульд зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан гэх зүйл ангиар өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 05-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцжээ.

Улмаар прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

ШШГЕГ-ЫН ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНЫ ДАРГА, ХУРАНДАА Х.АРИУНБОЛДОД НЭГ САР ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболдыг өнгөрөгч Лхагва гариг/2020.03.04/-т цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх ийг шийдэх шүүх хурал пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, нэг сар хорих шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, шүүхээс яллагдагчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй, дээрх үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзжээ. Улмаар яллагдагч Х.Ариунболдод 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙГООР БИТГИЙ УЛС ТӨР ХИЙГЭЭЧ ЭЭ

Өнгөрч буй долоо хоногийн Даваа гаригт АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нар цахим орчинд Тавантолгойн 30 хувийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар хувьчлах гэж байна  хэмээх мэдэгдлийг хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нэр төрөө сэргээлгэхээр С.Эрдэнийн шүүхэд өгч буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр сэтгүүлчдэд өгсөн тодруулгадаа:

"2015 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Тавантолгойг хувийн компанид өгөх гэж байсныг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа зогсоосон нь сайшаалтай зүйл бий. Тухайн үед ажлын хэсэгт нь би орж ажиллаж байсан. Би ч тэр үед ажлын хэсэгт ороод, "Тавантолгой" төрийн мэдэлд байж, цаашаа хөгжих ёстой гэдэг байр суурийг баримталж байсан. У.Хүрэлсүх даргын Засгийн газар байгуулагдсанаас хойш "Тавантолгой"-н бүлэг ордыг бид яах ёстой юм. Энэ асуудлыг хариуцаж байгаа сайдын хувьд судалж, санал боловсруулж, танилцуул" гэсэн чиглэлийг өгсөн. Мэдээж "Шинхуа" групптэй холбоотой, төмөр зам барих, нүүрсний экспорттой холбоотой хүндрэлүүд гарч мэдэх нь гэдэг ярианууд ч хүчтэй байсан.

"Тавантолгой" 10 жилийн хугацаанд улс төрийн зовлонг туулсан. Мега төсөл гэдэг дандаа л улс төрийн хардалт сэрдэлт дагуулдаг зүйл. Бид бодож бодож олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болгоё гэж шийдсэн. Ингэснээр илүү ил тод, засаглал сайтай, үйл ажиллагаа нь олон улсын стандартын дагуу явах нь манай ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл гэж үзэж, бирж дээр гарах нь хамгийн зөв гэж үзсэн. Дараа нь Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн хувилбарыг ярилцаж байж, 2018 оны зургаадугаар сарын 14-нд ҮАБЗ-ийн зөвлөмжийг ч гаргуулсан. "Эрдэнэс Тавантолгой"компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй гаргахыг ҮАБЗ-өөс зөвлөмж байдлаар УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Дараа нь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Томоохон төслийг бид нууж хаасан юм огт байхгүй. Оюутолгойн төсөл зэрэг өмнөх түүхээ давтаж болохгүй. Ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүх замбараагүй явж ирсэн уул уурхайн асуудлыг цэгцэлж ирсэн. Энэ байр сууриндаа одоо ч хэвээр.

Үүнээс хойш 10 гаруй тогтоол Засгийн газар гаргасан. Ямар нэг маргаан элдэв гүтгэлэг гарах вий гэж болгоомжилсон. Тал талын зөвшилцлийг хангаж Тавантолгойн орд ард түмний мэдэлд Төрийн өмчит компани байх нь зөв гэж үзээд холбогдох шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь 2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Тавантолгойн ордоор битгий улс төр хийгээч ээ. Улсын эрх ашиг аль нэг намын эрх ашгаас илүү шүү.

Улс төрийн эрх ашиг байлаа ч гэсэн тоглоом тоотой нь дээр. Аливаа зүйлд зөв хандах ёстой. Өөрөө анхнаас нь дэмжээд явж байсан атлаа тухайн үед яагаад асуудал тавиагүй юм. Энэ бүхэн асуултын тэмдэг хэвээр байна.

Хоёр хүн лайв хийгээд "У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр "Тавантолгой"-г зарах гэж байна" гэх шиг. Хятадуудад зарах нь гэх мэт хачин хачин юм ярьж болохгүй л дээ. Энэ ордыг хоёр хүн нийлээд зарчихдаг ч юм биш. Монголын төрийн бүх хяналт, механизмаар ороод, шийдвэрээ гаргаад явж байгаа.Нийт Тавантолгойн зургаан орд дээр найман тусгай зөвшөөрөл байдаг. Найман тусгай зөвшөөрлийн нэг участик дээр нь эхний ээлжинд үнэлгээ тогтоон, үнэ цэнийг нь олон улсын стандарт хүргэх нь зөв юм байна гэж үзэж байгаа. Бүх ордны 30 хувийг тавиад тууна гэдэг асар том эрсдэл хүлээх учраас чухал хүлээгдэж байсан хэмжээний ч юм уу өөрсдийн нь яриад байгаа таван тэрбум ам.долларын хэмжээ бол бүхэл ордоороо. Найман тусгай зөвшөөрөл буюу зургаан орд дээр Зүүн Цанхийн ордын 100 хувь гэж үзэхэд 30 хувь дээр нь л хөрөнгө босгох ажлыг хийхгүйгээр цаашдаа болохгүй юм байна гэж байгаа юм. Тавантолгойн бүлэг ордын хайгуул 55 хувь дээрээ хийгдсэн зарим нь хайгуулынхаа нөөцийг олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хараахан тогтоож амжаагүй байна" гэжээ.

СУРАГЧДААС ЭНЭ ЖИЛ УЛСЫН БОЛОН АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТ АВАХГҮЙ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай пүрэв гаригт уулзаж, санал солилцжээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй гэдгийг мэдэгдлээ.

Улмаар хорио тавигдаж хичээл эхлэхээр сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэж, теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар үргэлжлэх бөгөөд хаврын хичээл тарах үед Элсэлтийн ерөнхий шалгалт л авах аж.

Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авлаа. Ирэх долоо хоногоос эхлэн сурагчдын теле хичээлийн шинэ хуваарь телевизүүдээр цацагдах бөгөөд теле хичээл амжилттай үргэлжилж байгааг салбарын сайд онцлов.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "Сурагчдаас анги төгсөх улсын шалгалт авахгүй. Харин 12 дугаар ангийн хүүхдүүдээс ЭЕШ авна. Ер нь төгсөх шалгалт ач холбогдолтой зүйл биш. Улсын шалгалтууддаа сайн бэлдээд орох ёстой байдаг. Одоо бол хоцрогдолтой гэдэг юм уу нөхөж үзэж байгаа тохиолдолд ирэх хоёр сарын хугацаанд хичээлээ нөхөж үзэхгүй бол шалгалтад бэлдэж байгаа гэж хүүхдүүдийг их сарниулдаг. Улсын шалгалтыг ганц хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ нүдээд бусад хичээлүүдээ орхигдуулах гээд байдаг учраас бүх хичээлүүдээр нь жигдхэн хүүхдээ төгсгө гэдэг чиглэлийг өгсөн. Явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнэнэ" гэжээ.

14413 ИРГЭНИЙ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМ 16 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНД ХАДГАЛАГДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Б.Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Сургалтын төрийн сан байгуулагдсан 1993 оноос хойш 30 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 70 мянга гаруй иргэн сургалтын төлбөрийн зээл, 1997 оноос хойш 2200 иргэн гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахдаа сургалтын төлбөрийн болон амьжиргааны зээл, 2000 оноос хойш 55 мянга гаруй төрийн албан хаагчийн хүүхэд сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан байна.

Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна.

Тиймээс Засгийн газрын шийдвэрүүд, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын тогтоол, журмын төслийг боловсруулсан байна.

Журмын төсөлд:

  • сургалтын төлбөрийн зээлийг дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад шаардлага ханган элссэн, хяналтын тоонд багтсан иргэнд олгох;
  • зээл авсан оюутан сургууль төгсөж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш 10 жилээс ихгүй хугацаанд гэрээний дагуу зээлийг эргэн төлөх;
  • дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцан төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ 3 жил улстаа ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд сургалтын зээлийн 50 хувийг хөнгөлөх;
  • эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо болон эх орноо төлөөлөн гадаадад 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллан, нийгмийн даатгал төлсөн тохиолдолд зээлээс бүрэн чөлөөлөх;
  • иргэн нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд зээлийг хүчингүй болгох;
  •  сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгасан байна.

ТҮРЭЭСЛЭГЧИД 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХИЙГ ШААРДЛАА

Коронавирусийн тархалт олон улсад нэмэгдэж байгаа нь дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, онцгой нөхцөл байдал үүсч, бизнес эрхлэгчид, ялангуяа түрээслэгчид туйлын хүнд байдалд ороод байгаа талаар Түрээслэгчдийн эрхийн хамгаалах зөвлөл өнгөрч буй долоо хоногт мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар, эдийн засгийн энэ хүнд нөхцөлд Монгол Улсын дундаж давхар нэрвэгдэх эрсдэл үүсч байгаа тул Засгийн газраас хувийн хэвшлээ дэмжиж, 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, 2020 улсын төсөвт тодотгол хийхийг уриалсан юм.

Улаанбаатар хотод бүртгэлтэй 50 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид байна. Мөн бүртгэлгүй хувиараа аж ахуй эрхэлдэг 60 орчим мянга гаруй иргэд болон ар гэрийнхэн гээд олон мянган хүмүүсийн асуудал юм

Үүсээд буй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд Монголын өмгөөлөгчдийн холбоо нийт хуульч, өмгөөлөгч нартаа ард иргэдийн нуруу дээр бодитой тулгараад буй банкны зээл, түрээсийн төлбөр, ББСБ-ын хүүг анхааралдаа авч, хууль эрх зүйн хүрээнд гаргалгааг судалж, ард иргэдээ туслалцаа үзүүлэхийг Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор уриалсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж