Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.07/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. Тус яамнаас халдварын голомттой бүс нутаг руу аялахгүй байх, гадаадаас ирж байгаа иргэд хариуцлагатай байхыг зөвлөж байгаа юм.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр Истанбул Москва 129 зорчигчоос 2 хүнийг тусгаарлажээ. Истанбул-УБ чиглэлээр 217 хүн ирсэн байна. Мөн БНСУ Японоос ирсэн зургаан хүнийг ажиглалтад авна. Инчоний нисэх буудлаас транзит чиглэлээр зорчсон 31 иргэнийг эмчийн хяналтад авчээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Австрали улсаас ирсэн иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн мэтээр ойлгуулсан мэдээлэл ташаа. Өчигдөр /2020.03.06/ХӨСҮТ-д хоёр, Баганбаян 12, нийт 25 хүнийг ажиглалтад авч байна. Иргэд анхаарлаа сулруулахгүй, улам хариуцлагатай байх нь чухал. Гадаадын улс орнуудаар зорчиж байгаа иргэд хариуцлагатай байхыг анхааруулъя.
ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.НАРАНТУЯА:
-Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Хятад улсад халдварын эрчим тогтворжих хандлагатай болсон сайн мэдээтэй. Харин Өмнөд Солонгос болон Иран, Итали орнуудад хүнд нөхцөл байдал үүсээд байна. ДЭМБ-ын өгч буй зөвлөмжийн дагуу өндөр настан болон уушги, зүрхний өвчтэй хүмүүс олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй. Өндөр настан гэдэгт 65-с дээш настай хүмүүсийг голчлон хамруулж буй. Ийм хүмүүст шинэ коронавирусээр халдварласан тохиолдолд илүү хүндрэх, нас барах магадлал нь хоёр дахин их байна. Мөн нийт нас барсан хүмүүсийн 13.6 хувь нь зүрх судасны өвчтэй хүмүүс байсан.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:
-Манай Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг уртасгасан цагаар ажиллаж байна. Маргааш болон УОК-ын хуралд оруулах асуудлаа хэлэлцэж байна. Өнөөдрийг хүртэл нийт 883 иргэнийг тусгаарлаж, ажиглалтад авсан. Одоогийн байдлаар 497 хүн ажиглалтад байна. Өчигдөр Истанбул-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 129 иргэнээс сэжигтэй хоёр иргэнийг “Асралт Мед” эмнэлэгт, нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн “Истанбул-Улаанбаатар” чиглэлийн нислэгээр ирсэн 217 хүний зургааг ажиглалтад шилжүүлэх төлөвтэй байна. Учир нь тэд Өмнөд Солонгос болон Япон улсад зорчсон түүхтэй байгаа.
Мөн БНСУ-ын Инчоны нисэх буудлаас транзит хийсэн 31 иргэнд үзлэг хийж байна. Сэлэнгийн боомтоор орж ирсэн нэг хүнийг тусгаарлаж, ажиглалтад авсан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байна.
Холбоотой мэдээ