News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
Б.БАТТӨМӨР: МОНГОЛД ГЭР БҮЛИЙН БАНКУУД БИЙ БОЛЧИХСОН
Цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Шинэ коронавирусийн тархалтаас болж тодорхой хилийн боомтууд зогссонтой холбоотойгоор хамгийн эхлээд үзүүлж буй нөлөө бол нүүрсний экспорт. Энэ хэрээр төсвийн орлого тасрах нь. Өнөөдөр эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Коронавирус гэж айхтар өвчин дэлхийд гарч, дэлхийн болон Монголын эдийн засагт таагүй байдал үүсч байна. Энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс эхний нэг сарын байдлаар төсвийн орлого 210 тэрбум орчим төгрөгөөр тасалдсан. Цаашид эдийн засагт учруулах эрсдэл хэр удаан үргэлжлэх үү гэдэг нь өвчний тархалтаас хамаарна. Одоогоор нөхцөл байдлыг дүгнэхэд эрт байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж ирсэн ажлуудын нэг нь эдийн засгийн нэг жилийн хүндрэлийг давах чадавхыг бий болгосон. Нэг жилдээ Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй үед нөхцөл байдлыг дордуулахгүйгээр аваад явах чадамжтай гэсэн мэдээллийг Сангийн сайд ч хэлсэн. Энэ чадавх дээрээ тулгуурлан нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгч асуудалд хандвал эрсдэлийг даван туулах боломж бидэнд бий.
-Төлөвлөсөн 42 сая тонн нүүрс экспортлох боломжгүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол байна. Төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлохын тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ?
-Нүүрсний экспортыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхдээ зөв менежментээр явуулбал алдангийг нөхөх боломжтой. Өмнө нь хэвийн үйл ажиллагаатай үед Гашуунсухайтын боомтоор 2000 гаруй машин гардаг. Гашуунсухайтын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг тооцоод үзвэл дээрх тооны машин гаргах боломж бололцоо нь хомс. Тэгэхээр нүүрсний машины тоог нь бууруулж, бүтээмжийг нь дээшлүүлэх боломж байгаа. Компаниуд нь хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, төр нь бодлогоор дэмжих гэх мэт хаана хаанаа шуурхай ажиллаж байж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ЭМЭГТЭЙЧҮҮД ДАРГА БОЛОХЫН ТӨЛӨӨ ТЭГШ БАЙДАЛ ЯРЬДАГГҮЙ ЮМ"
Шийдвэр гаргах төвшинд жендерийн тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилт хангалтгүй байна. Энэ асуудлыг хөндөн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Намрын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед эмэгтэй нэр дэвшигчийн квотыг 30 хувиар тусгах санал орж ирсэн ч олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан. Шалтгаан нь юу байсан бэ?
-УИХ-д сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй бол 13 нь эмэгтэй. Өмнөх зургаан парламенттай харьцуулахад энэ УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байгаа нь тооны хувьд ахисан үзүүлэлт ч зарим асуудлаар шийдвэр гаргах төвшинд бидний санал цөөдөж байна. Энэний гол шалтгаан нь нөгөө л тэгш бус байдал. Жишээлбэл, таны асуусан УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоох заалтыг оруулж чадаагүй нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, эрэгтэй гишүүд нэр дэвших квотоо алдахаас айсан. Хоёрт, тэд “Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дэмждэггүй. Эсрэг хүйсийн хоёр нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөхөд эмэгтэй сонгогч эрэгтэйг нь илүү дэмждэг. Олон нийтэд танигдсан нэг суудал авчрах эмэгтэй нэр дэвшигч цөөн байна” гэх зэргээр үгсэн, Ардчилсан нам, МАН гэж ялгаралгүй амбицаа нэгтгэснээр санал хураах үед 30 хувийн квотыг дэмжилгүй унагаасан. Санал унасан учраас эмэгтэйчүүдийн квот хуучнаараа буюу 20 хувиараа үлдсэн.
Судлаад үзэхэд 2004-2008 оны парламентад таван эмэгтэй гишүүн сонгогдон ажиллах хугацаандаа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр санал оруулж байсан ч унагаасан байдаг юм. Энэ явдал сая бас л давтагдлаа. 20 хувийн квот бол 2008-2012 онд ажилласан парламентын УИХ-ын сонгуулийн тухай хуульд суулгаж өгсөн заалт юм. Үр дүнд нь 2012-2916 оны УИХ-ын сонгуульд 11 эмэгтэй гишүүн, 2016 онд 13 гишүүн сонгогдсон ч олон улсын эмэгтэй парламентчдын дунджаас 21.9 хувиар бага байна. Уг нь 2005 онд УИХ –ын 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг батлахдаа 2015 он гэхэд улс төр, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч амьдрал дээр өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Улс төрийн голлох намууд дүрэмдээ сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн 25-30 хүртэл хувь нь эмэгтэйчүүд байна гэж тусгасан ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг кнопийн ард сууж байгаа эрэгтэй гишүүд дэмжээгүй. Мөн энэ асуудлаар санал хураах үед эмэгтэй гишүүд маань 13-уулаа сууж байсан бол шийдвэр арай өөр гарах боломж байсан. Нэг үгээр хэлбэл, үеийн үед УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тусгана гэж ярьсаар ирсэн ч эцсийн мөчид кноп дарахад энэ заалтыг унагачихаад байгаа нь эрэгтэй гишүүд эмэгтэйчүүдэд итгэх итгэл бага байгаатай л холбоотой юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Д.ТОГТОХСҮРЭН: ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАХГҮЙ
МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн /2020.03.06/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудлууд хэлэлцсэн бэ?
-Намын Удирдах зөвлөлийн хурлаар сонгуульд бэлтгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд холбогдох ажлын хэсгүүдийг байгуулахаар болсон.
-Бага хурал хэзээ хуралдах вэ?
-Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Шинэ коронавирус тархахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ сарын 31-ний өдрийг дуустал аливаа олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд саналаа хэлж байгаа. Бид ч гэсэн Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хэлсэн. Энэ сарын 20-24 ныг хүртэл улс төрийн бүх нам, эвсэл заавал төлөөллийн төв байгууллагаа хуралдуулж, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах ёстой. Энэ бололцоог хангах талаас нь анхаарч өгөөч гэж нам, эвслүүд хүсэлт тавьж байгаа. Улсын онгой комисс ярилцах байх гэж бодож байна. Хэрэв хуулийн хугацаандаа ариун цэврийн дэглэмийг сайтар сахиад хоёр өдөртөө багтаан намууд хурлаа хийх бололцоог олговол сонгууль хойшлогдохгүй байх зэрэг цааш цаашдын үйл ажиллагаанд тустай.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙГООР БИТГИЙ УЛС ТӨР ХИЙГЭЭЧ ЭЭ
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас салбарынх нь асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Нүүрсний экспорт гуравдугаар сарын 15-нд эхэлж амжихаар байна уу. Бэлтгэл ажлууд нь хэрхэн хангагдаж байна вэ?
-УОК-ын даргаас хэд хэдэн чиглэл өгсөн. Энэ хүрээнд түүхий газрын тосыг тээвэрлэх асуудлыг Ө.Энхтүвшин сайд өөрөө хариуцаж өнөө, маргаашгүй Дорнод аймагт очиж, газар дээр нь ажиллана. Зам тээврийн сайд өнөөдөр Замын-Үүдэд ажиллаж байна. Миний бие Гашуунсухайтын боомт мөн Шивээхүрэнгийн боомтод ажиллана. Тээвэрлэлтэй холбоотойгоор ариутгал, жолооч нарын эрүүл ахуйг хангуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн. Нэг удаагийн ариутгалын иж бүрэн хувцас, тээвэрлэлт болон олборлолт хийж байгаа ААН-үүдэд чиглэл өгсний дагуу танилцахын сацуу хил гаалиа цаашид хэрхэх асуудлаар Хятадын талаар ярилцана.
-Нүүрс тээвэрлэлтийн машинуудад квот тогтоох уу?
-Ярилцаж байгаад хүчин чадал сайтай жишээ нь орон нутгийн Тавантолгой, “Энержи ресурс” компанийн удирдлагуудтай уулзаж байгаад шийдвэрлэнэ. Мөн Цагаан хаднаас цаашаа гарах нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг давхар нягталж байгаад Хятадын талтай ярилцана. Юуны түрүүнд аюулгүй байдал хамгийн чухал байна. Коронавирус бидний төсөөлснөөс ч маш хурдацтай тархаж байна. Тиймээс бидний хувьд аюулгүй байдал, эдийн засгаа хослуулах шаардлагатай байна. Аль нэгийг нь орхигдуулаад өвчин манай улсад нэг л ороод ирвэл жижиг эдийн засагтай улсад хүнд байдал үүснэ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ТУСГААРЛАГДСАН ХҮМҮҮС ТАВАН ОДТОЙ ЗОЧИД БУУДАЛ НЭХЭЖ БАЙНА"
Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй ч нэгдүгээр сарын 9-нөөс хойш 841 хүнийг ажиглалтад авсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд сэжигтэй гэж үзсэн тохиолдолд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Асралт мед, Жаргалантын ам, Багабаянт, Сэлэнгэ, Дарханд 14 хоног тусгаарлаж байгаа билээ. Сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэдийн эмчилгээний зардал, төлбөрийн асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодрууллаа.
-Сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хүмүүс эмнэлгийн зардлаа төлдөг үү?
-Коронавирусийн сэжигтэй тохиолдлоор эмнэлгийн ажиглалтад 14 хоног тусгаарлагдсан иргэдээс эмчилгээний зардлын төлбөр төлсөн хүн байхгүй. Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш хоёр сар гаруйн хугацаанд 841 хүнийг ажиглалтад авч, тодорхой хэмжээгээр тусгаарлах арга хэмжээ авсан. Тусгаарлагдаж буй хүмүүсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын асуудлыг одоогоор Эрүүл мэндийн даатгал, халамжийн мөнгөнөөс гаргах боломж байна уу гэдгийг хуульд нийцүүлэн судлах чиглэлийг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яаманд чиглэл өгсөн. Энэ асуудалд гарц олохоор бид судалж байна. Хэрэв ямар нэгэн гарц байхгүй тохиолдолд иргэдэд тодорхой хэмжээний санхүүгийн төлбөр ногдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар эмнэлгийн төлбөр, зардлын асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Бидний зүгээс иргэдэд халдвар гарсан бүс нутаг руу зорчихгүй байхыг сэрэмжлүүлсээр ирсэн ч гадаадын улс орнуудаар зорчих тохиолдол гарсаар байна. Иргэдийн зарим нь халдвар гарсан улс орноор зорчоогүй гэдгийг хэлж байгаа ч Япон-Турк-Тайланд зэрэг маш олон орноор дамжсан байдаг. Тиймээс бид эрсдэлээ тооцож иргэдийг хилээр нэвтрэх үед халууныг нь хэмжих зэрэг шат дараалсан арга хэмжээг авч байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"UFС-ЭЭС САНАЛ БОЛГОСОН ЯМАР Ч ТАМИРЧИНТАЙ ТУЛАЛДАХАД БЭЛЭН"
Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй томоохон холбоодын нэг болох АНУ-ын UFC холбооны анхны монгол тамирчин болсон Данаагийн Батгэрэлтэй хийсэн ярилцлагыг таньд хүргэж байна. Тэрбээр энэ сарын 8-нд UFC 248-ийн хүрээнд АНУ-ын Лас-Вегас хотод Аргентин тулаанч Гуйдо Ганнеттитэй тулалдахаар учраа таараад байгаа юм. Дэлхийн шилдгүүд хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч бол Данаагийн Батгэрэл. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин тэрбээр мэргэжлийн дэвжээнд найм тулалдахдаа зургаад нь ялаад байгаа юм. “One championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь байжээ. Д.Батгэрэл өнгөрсөн оны наймдугаар сард UFC холбоотой 20 сарын гэрээ байгуулсан юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайхан шинэлэв үү?
-Сайхан шинэллээ.
–Таны бэлтгэл хэр хангагдаж байна вэ. Хүссэн хэмжээндээ хүртэл бэлтгэлээ хангаж чадаж байна уу. Хаана, хэний удирдлага дор бэлтгэлээ хангаж байна вэ?
-Бэлтгэл маш сайн хангагдаж байна. Америк улсад Jackson Wink MMA Academy болох мэргэжлийн холимог тулааны академид, үүсгэн байгуулагч Greg Jackson болох Wink нарын удирдлага дор үндсэн бэлтгэлээ хийж байгаа. Барилдаан болон Jiu Jitsu-гийн бэлтгэлийг Эндрюй Тэнсэн (Andrew Tennyson) болон Харри нартай, мөн босоо тулаан болон довтолгооны бэлтгэлийг Брэндон Гипсон (Brandon Gibson) болон Жой нартай хийж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Н.ЯЛАЛТ: БЕРЛИНИЙ КИНО НААДМААС ОЛЗТОЙ ИРЛЭЭ
Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалтыг "Агаа" хэмээх хөтлөгчийн нэрээр нь хүмүүс андахгүй. Үзэгчид түүнийг “дотортой” сайн жүжигчин хэмээн үнэлэх нь ч бий. Тэрбээр хоёрдугаар сарын 20-29-ний өдрүүдэд Берлиний кино наадамд оролцоод иржээ. Жүжигчин Н.Ялалт мэргэжлээсээ гадна найруулагчийн карьераа эхлүүлж, ирэх намраас анхны дэлгэцийн уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орох гэнэ. Чадварлаг жүжигчин маань тайзан дээр сонгодог жүжигт тоглох хүсэлтэй яваагаа ч дуулгасан. Ингээд эх орондоо ирээд удаагүй байхад нь уулзаж, ярилцлаа.
-Та сайн явж ирэв үү. “Явсан хүний үгийг сонс” гэдэг дээ. Дэлхийн “А” зэрэглэлийн Берлиний кино наадмын сонин сайхнаас ярилцлагаа эхлэе. Энэ жилийн кино наадам хэр өргөн цар хүрээтэй болов?
-Энэ жил Берлиний кино наадмыг 70 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм билээ. Олон улсын кино наадам учраас зохион байгуулалт сайтай, өргөн хүрээнд болдог юм байна. Дэлхийн олон орны уран бүтээлчид богино болон бүрэн хэмжээний, баримтат кино гээд бүх төрөл жанрын уран бүтээлээрээ өрсөлдлөө.
Дэлхийн “А” зэрэглэлийн кино наадамд хүссэн хүн бүр оролцох боломжгүй. Эхлээд уран бүтээлээ илгээж, уг наадмын шаардлагыг хангасан тохиолдолд оролцох эрхтэй болдог. Берлиний кино наадам бусад олон улсын кино наадмуудыг бодвол интертайнмент чиглэл багатай, улс төрийн өнгө аястай. Шагнал хүртэж буй бүтээлүүд нь дэлхий нийтийг хамарсан асуудлыг харуулсан байдгаараа онцлог. Ерөнхийдөө АНУ, ОХУ, Иран, Аргентин, Итали, БНСУ, Энэтхэг, Франц, Герман, Монгол зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлээ “өвөртлөн” ирсэн байлаа. Надтай хамт Монголоос жүжигчин Д.Батцэцэг, Б.Бат-Ирээдүй, Т.Энэрэл нар оролцоод ирсэн.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
“АНУ РУУ ИЛГЭЭСЭН ЗАХИДЛЫН ХАРИУ ИРЭЭГҮЙ БАЙНА”
Хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед цагийг тун үр дүнтэй өнгөрүүлж буй П.Төгөлдөр хүүгийн туршлагаас хуваалцахыг зорилоо. Арван настай ч номын амтанд дурласан энэ жаал ихэвчлэн англи хэл дээр ном уншдаг аж. Нийслэлийн 52 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч тэрбээр өдгөө 100 гаруй ном уншсан гэнэ. Мөн түүний мөрөөдөл өвөө /Ардын уран зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Бааст агсны ач охины хүү нь/ шигээ зохиолч болох.
-Саяхан “Books with Tuguldur” пэйж хуудас ажиллуулж, уншсан номынхоо сониноос найзуудтайгаа хуваалцах болсон. Одоогоор энэ хуудас нь хэдэн дагагчтай болоод байна вэ. Дагагчдын ихэнх нь чиний үеийнхэн үү?
-“Books with Tuguldur” хуудас маань 2100 дагагчтай болсон. Дагагчдын маань олонх нь эцэг, эхчүүд. Бас миний үеийн хүүхдүүд ч бий. Эцэг, эхчүүд маань хүүхдээ яаж номд дуртай болгох вэ, яаж англи хэл сургах вэ, ямар ном сонговол дээр вэ гэж их асуудаг. Харин манай үеийнхэн сайн найзууд болцгооё гэдэг, бас сонирхолтой асуултууд асуудаг.
-Уншсан номуудынх нь ихэнх нь англи хэл дээр юм билээ. Яагаад монгол хэлээр биш англи хэл дээр ном уншдаг юм бэ. Одоогоор хэчнээн ном уншаад байна вэ?
-Англи хэл дээр ном уншдаг маань олон шалтгаантай. Нэгдүгээрт, багаасаа англи хэл сурсан болохоор англи хэл дээр ном унших нь надад илүү хялбар байдаг. Хоёрт, миний сонирхсон ном, цувралуудын цөөнийг нь монгол хэлээр орчуулсан ч бусдыг нь орчуулаагүй байдаг. Би номын цувралаа гүйцээж уншихын тулд англи хэлээр хэвлэгдсэн номыг нь олж уншдаг. Монгол хэл дээрх номыг ч уншдаг. Одоогоор англи, монгол нийт 100 гаруй ном уншсан байна. Монгол номоос дурдвал “Ногун”, “Динзаг”-ийн цуврал, “100 баримт”-ын цувралууд, “Илбэ” болон үлгэрийн номууд уншсан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ