ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг зурж зөвшөөрсөн Хойд туйлд 2035 он хүртэл хэрэгжих энх тайван, тогтвортой байдлын төслийн дагуу хойд туйлд Оросын цэргийн анги нээгдлээ.
Хойд туйл дахь төрийн бодлогын баримт бичигт Орос улс хойд туйлд цэргийн анги болон эргийн аюулгүй байдлын систем бий болгосныг тэмдэглэсэн байна. Тус цэргийн ангийн ирэх 15 жилд гүйцэтгэх гол үүрэг нь ОХУ-ын эсрэг цэргийн заналхийллээс урьдчилан сэргийлэх бөгөөд цаашдаа улам өргөжих гэнэ.
Мөн тус бүсийн хүчийг сайжруулахын тулд ОХУ дэд бүтцийг засварлахын зэрэгцээ агаар, тэнгис, усан доорх тагнуулын системийг чанаржуулах аж.
Сүүлийн үед ОХУ-ын эсрэг бүс нутгийн бусад орны цэргийн хүчирхэгжилт, Оросын хойд туйл дахь ажиллагааг таслан зогсоох гэсэн ажиллагаа зэрэг олон аюул заналхийлж байсан билээ.
Дээр дурдсан баримт бичигт хойд туйлыг энх тайван, тогтвортой, харилцан ашигтай түншлэлийн нутаг хэвээр байлгахын төлөө Орос орон чадах бүхнээ хийх ёстой хэмээжээ.
Мөн ОХУ-ын эрмэлзэж буй өөр нэг тал нь ОХУ-ын хойд туйлын бүсийг стратегийн нөөц бааз болгон хөгжүүлэх, цаашлаад Кара тэнгисээс Берингийн хоолой хүртэл умард тэнгисийн маршрут дагуух эдийн засгийн өсөлтийг хөнгөвчлөх, амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа ажээ.
Төслийн дагуу хөгжихөд тухайн бүс нутгийн байгалийн тогтоц болон уугуул иргэдийн амьдралын хэв маягт саад болохгүй байх ёстой. Мөн ОХУ-ын хувьд тухайн бүс нутгийг сонирхож буй бусад улс болох Канад, Дани, Норвеги, АНУ зэрэг орнуудаас өрсөж давуу тал олж авахын тулд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.
Эх сурвалж: rt.com
Холбоотой мэдээ