МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн /2020.03.06/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ямар асуудлууд хэлэлцсэн бэ?
-Намын Удирдах зөвлөлийн хурлаар сонгуульд бэлтгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ хүрээнд холбогдох ажлын хэсгүүдийг байгуулахаар болсон.
-Бага хурал хэзээ хуралдах вэ?
-Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Шинэ коронавирус тархахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ сарын 31-ний өдрийг дуустал аливаа олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намууд саналаа хэлж байгаа. Бид ч гэсэн Сонгуулийн ерөнхий хороонд саналаа хэлсэн. Энэ сарын 20-24 ныг хүртэл улс төрийн бүх нам, эвсэл заавал төлөөллийн төв байгууллагаа хуралдуулж, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах ёстой. Энэ бололцоог хангах талаас нь анхаарч өгөөч гэж нам, эвслүүд хүсэлт тавьж байгаа. Улсын онгой комисс ярилцах байх гэж бодож байна. Хэрэв хуулийн хугацаандаа ариун цэврийн дэглэмийг сайтар сахиад хоёр өдөртөө багтаан намууд хурлаа хийх бололцоог олговол сонгууль хойшлогдохгүй байх зэрэг цааш цаашдын үйл ажиллагаанд тустай.
-Хэрэв Улсын онцгой комисс зөвшөөрөхгүй бол хэрхэх вэ?
-Энэ тохиолдолд намууд онлайнаар хурлаа хийх боломжтой. Гэхдээ үүнийг нам, эвслүүд хүлээж авах эсэхийг хэлж мэдэхгүй.
-УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн гэдэг үндэслэлээр нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УЗ-ын хуралдаанаас гаргасан байна. Хэзээ чөлөөлөгдөх вэ?
-Ц.Бат-Энхийн асуудлыг намын дарга танилцуулж хариуцлага тооцно гэдгийг хэлсэн. Манай намын дүрмээр намын нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг Бага хурлаар шийдвэрлэдэг албан тушаалтан. Тийм учраас УЗ-өөс шууд чөлөөлөх боломжгүй учир намын Бага хурлаар оруулахаар шийдвэрлэсэн.
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах уу?
-Одоогоор УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар төлөвлөсөн зүйл алга.
Холбоотой мэдээ