“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой ярилцлаа. Тэрбээр энэ жил шинэхэн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустай хамтран цоо шинэ уран бүтээлүүдийг үзэгч, сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлд “Vandebo” хамтлагтай хамтран шинэ уран бүтээл хийсэн байсан. Уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлье?
-Сүүлийн үед ажил ундарч байна. “Vandebo” хамтлагтай хамтарсан шинэ уран бүтээл гаргасныг үзэгч, сонсогчид маань мэдэж байгаа. Мөн “The Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн эхний цувралын шилдэг оролцогчдынхоо уран бүтээлүүдийг хийж байна.
Хамгийн түрүүнд дуучин Ариу буюу Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин”, дараагаар нь дуучин Билгүүн, Бүжээ нарын уран бүтээл дээр ажиллалаа. Тун удахгүй багийнхаа дараа дараагийн бүтээлийг гаргах гээд бэлдэж байна.
-Монгол Улсдаа дэлхийн стандарт хангасан албан ёсны “А” зэрэглэлийн студи байгуулах гэж байгаа гэж сонссон. Студиэ бидэнд танилцуулж болох уу?
-Шинэхэн “440 HZ” нэртэй дуу бичлэгийн студийнхээ тоног төхөөрөмжийг Английн “SSL” компаниас оруулж ирсэн. Студийн зураг төслийг АНУ-ын дэлхийд алдартай студийн дизайнерууд гардаж, зөвлөгөөний дагуу ажлуудыг нь хийсэн. Энэ студийнхээ тоног төхөөрөмж, материалыг Англи, Америкаас авч, албан ёсны дэлхийн стандартын студийг Монголдоо хийхээр зорьж байна. Студиэ энэ жилдээ багтаж ашиглалтанд оруулна.
-Цоо шинэ дүр төрх, залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаагаа дуулгасан. Залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллахад юун дээр анхаарч, дэмжин ажиллах бол?
-Залуу уран бүтээлчдэд хамгийн эхэнд продюсерууд, дууны найруулга хийх хүмүүс чухал байдаг. Учир нь тэдэнд зөвлөгөө өгч, хамтарч ажиллах мэргэжилтнүүд шаардлагатай болдог. Тэр талаас нь залуу уран бүтээлчдээ дэмжих ажлыг манай “B production” байнга хийдэг. Тэр ч утгаараа “The Voice of Mongolia” шоугаар манай багт орж ирсэн залуусын эхний уран бүтээлийг нь дэмжин зөвлөж, чиглэл өгч ажиллаж байна даа.
-Монголын рок попын ертөнц сүүлийн жилүүдэд нам жим байлаа. Шинэ хамтлаг дуучид ч төрөн гарах нь багасчээ. Гарсан ч тайзнаасаа удахгүй буудаг. Таныхаар энэ юутай холбоотой гэж бодож байна?
-Залуу дуучид гарч ирээд алга болно гэдэг бол нэгдүгээрт менежмэнт, менежер, продюсер, санхүүгийн байдалтай холбоотой гэсэн үг. Уран бүтээлийн бодлого чиг хандлага байхгүй учраас ийм тогтворгүй байгаа болов уу.
Рекордсууд Монголд албан ёсоор нээгдэх юм бол санхүүгийн байдал, менежмэнт, продюсерууд, ая зохиогч нар бүгд нэг баг болж, нэг дуучин юм уу, хамтлаг дээр ажиллана. Энэ талын менежмент манайд дутагдалтай байгаа нь үнэн.
-“Камертон” шиг хөвгүүдийн хамтлаг дахин гарч ирэх болов уу?
-Гарна л гэж боддог, итгэдэг, хүлээдэг. Би өөрөө ч бас төрүүлж гаргахыг бодож эрэл хайгуул хийсээр л яваа.
-Таныг “The Voice Mongolia” шоуны шүүгч болсноос хойш үзэгчид торгон мэдрэмжтэй, хүнд урмын үг хэлж чаддаг, хошин мэдрэмжтэй гэж магтах болжээ. Ер нь та хэр мэдрэмжтэй хүн бэ?
-Би байгаагаараа л байгаа. /инээв/ “The Voice Mongolia” шоун дээр ч мөн адил. Шоу маань өөрөө их гоё болж байна. Дээрээс нь шоу хийж байгаа продюсерууд, баг хамт олон шоугаа маш сайхан хийж, үзэгчдэд хүргэж чадаж байна.
Миний хувьд үнэхээр сэтгэлд хүртэл сайхан дуулсан тэр л оролцогчдод тухайн үедээ төрсөн сэтгэл хөдлөлөөрөө хандаж, хэлмээр байгаа зүйлээ л хэлдэг. Мөн бидний үг хэн нэгний хувьд үнэхээр үнэ цэнэтэй байгааг харахад ч маш сайхан санагддаг.
-Бас их романтик хүн үү?
–Би их романтик хүн.
-“The Voice Mongolia” шоуны энэ жилийн багаа хэрхэн бүрдүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Миний хувьд энэ жилийн багаа маш эрч хүчтэй, зүрх сэтгэлээсээ дуулдаг, чанартай баг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хамгийн гол нь бүгд л амжилттай явж ялагчийн төлөө өрсөлдөх, цаашлаад манай багаас ялагч төрөх хэмжээний байхаар хичээж ажиллана.
Энэ жилийн шоу илүү чанаржиж, сонирхолтой болсон. Оролцож байгаа залуучууд маань ч гэсэн авьяастай, чадварлаг оролцогчид байгаа нь дөрвөн шүүгчийн хувьд бас их өрсөлдөөнтэй гоё шоу болж байна гэж хувьдаа дүгнэж байна.
–Сүүлд шоуны оролцогч Х.Ядамд өөрийн хүзүүний зүүлтээ бэлэглэсэн. Яагаад хүзүүний зүүлтээ бэлэглэсэн юм бэ?
-Тэр бол миний тухайн үеийн сэтгэл хөдлөл байсан. Уг шоуны тайзан дээр түүний хоолой бол үнэхээр тасархай байсан. Тэр утгаараа би өөрийнхөө байнга зүүдэг зүүлтээ “Х.Ядамын хоолойг улам илүү гялалзаж яваарай” гэж бэлгэдэж өгсөн.
-Ер нь та юугаар гоёх дуртай вэ?
-Найз нөхөд, уран бүтээл, ажил хөдөлмөр, амжилтаараа гоёх дуртай даа.
-Танд дахин кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?
-Тэр тал дээр ёстой бодсон юм алга.
-Дэлхий даяар аюулт өвчин дэгдээд байна. Энэ цаг үед иргэдээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Дуу хөгжим гэдэг бол хүн бүрт аз жаргал, итгэл, инээд хөөр бэлэглэдэг. Манай “The Voice of Mongolia” шоу ч бас хүн бүрт эерэг энерги бэлэглэж, дархлааг нь дэмжиж өгч байгаад их баяртай байна. Тэгээд энэ ярилцлагыг уншиж байгаа хүн бүр ариун цэвэр, сахилга батаа сайн сахиж маскаа сайн зүүж, гараа байнга ариутгаж төр засгаас явуулж байгаа бүх зүйлийг сайн биелүүлээрэй гэж хүсмээр байна. Мөн “The Voice of Mongolia” шоугаа долоон хоног бүр хүлээн авч үзээрэй.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ