БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцан төгссөн, гэрээний үүргээ биелүүлсэн 14 мянган иргэний зээлийн төлбөрийг чөлөөлөх журмын төслийг УИХ-ын даргад өчигдөр өргөн барьсан. Уг журмын талаар Ё.Баатарбилэг сайдаас зарим зүйлийг тодрууллаа.
-Боловсролын зээлийн сангийн журмыг өргөн барьсан. Тус журмын талаар тодруулбал?
-1993 онд Сургалтын төрийн сан гэж байгуулснаас хойш амьжиргааны баталгаажих төвшингөөс доош доогуур орлоготой айл өрх, тэтгэврийн, өрх толгойлсон, өнчин, сургалтын чанар сайтай, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийг төлж хөнгөлж өгдөг сан юм. Ингэхдээ сурлагын чанар өндөр, төгсөөд ажил мэргэжлээрээ таваас дээш жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ажиллавал дипломыг нь буцааж өгөх гэрээ хийдэг. Одоо манай Боловсролын зээлийн санд дотоодын их, дээд сургууль төгссөн 14 мянган оюутны 16 тэрбум орчим төгрөгийн зээлийн барьцаанд дипломууд нь хураалттай байна. Энэ бол 2008-2016 онд суралцаж төгссөн хүмүүс. 2008 оноос өмнө төгссөн 26 мянган оюутны 11 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг дүгнэж, дипломыг нь буцаан олгосон. Тэгэхээр үндсэндээ жилд 10 орчим мянган оюутан Боловсролын зээлийн санд хамрагдаж байна. Гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийнхээ дипломыг төр олгох хэрэгтэй. Хууль нь 2012 онд батлагдсан юм байна. Журмыг нь одоо Их хурлаар шинэчилэн батлах юм. Мөн энэ журманд гэрээгээ биелүүлээгүй хүмүүсийн зээлийг эргэн төлүүлэх асуудал ч туссан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн зээлийг хөнгөвчлөх, нас барсан хүмүүсийн зээлийг хүчингүй болгох асуудал байна. Ингээд цогцоороо зээлийн журмаа шинэчилж Их хурлаар батлуулах асуудал юм. Дээр нь зээл эргэж төлүүлэх журам бас бий. Эргэж төлүүлсэн сангаараа дараагийн зээлээ санхүүжүүлнэ. Үүнийг ямар учиртай улстөржүүлэв гэдгийг сайн мэдэхгүй байна. Доторх агуулгыг нь сайн ойлголгүйгээр улстөржүүлж байгаад харамсаж байна. Энэ бол 27 жил үргэлжилсэн зээлийн сан. Маш олон залуу Монголынхоо их дээд сургуульд суралцаж төгсөөд эх орондоо ажиллаж амьдраад явж байна. Сайн сурлагатай, амьдралын боломж муутай залуусаа Монголын төр дэмжих ёстой.
-Гадаадад сурч төгссөн хүмүүст үйлчлэх үү?
-Гадаадынх мөн 1990 оны сүүлээс эхэлсэн. Ер нь Монголын төр гурван удаа шийдвэр гаргасан байдаг. 1920-иод онд барууны орнуудад Монголын залуучуудыг сургах ажлыг Монголын төр хийсэн. 1920 онд төрөөс бүх зардлыг нь төлж сургасан. Их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг нараас эхлээд залуучууд бий. Дараа нь социалист орнуудад хоёр улсын Засгийн газрын шугамаар сургасан. Гуравдугаар, давлагаа нь 1990-ээд оны сүүлээр олон мянган залуучууд суралцаж төгссөн. Гуравдугаар давлагаа нь 1990-ээд оноос эхэлсэн. Шинэ цаг үед нийцсэн, өндөр хөгжилтэй орнууд руу явуулах шаардлагатай гээд 1700 орчим залууг сургасан. Энэ ганц Боловсролын сангийн зээл биш. Энэ залуучууд мөн дотоодынхонтой адил гэрээний үүрэг нь биелэгдээд явахаар дипломоо чөлөөлүүлдэг. Тэр нь жил бүр гэрээ нь дүгнэгдээд сайдын тушаалаар шийдвэрлэгдээд явдаг. Одоогийн байдлаар 170 орчим хүний асуудал байна. Үүн дээр ажлын хэсэг гарч ажиллаад хүмүүстэй нь холбогдоод зээлийг эргэн төлүүлэх ажлыг хийж байна. Бусад хүмүүсийн асуудал тухайн үеийн журам, хуулийн хүрээнд шийдэгдээд явсан.
-170 орчим хүн хэдий хэмжээний зээл төлөөгүй байгаа вэ?
-14 мянган хүн гээд байгаа нь дотоодын их дээд сургуулиудыг төгссөн залуусын асуудал. Бидний тооцож байгаагаар энэ жил 10 мянга орчим оюутан зээлийн санд хамрагдана. Өмнөх хоёр удаагийн чөлөөлөлтөөр 26 мянган оюутан хамрагдсан. Ажил хийгээгүй, нийгмийн даатгал төлөөгүй бол заавал зээлээ төлнө. 2012 онд журам нь батлагдаад найман жил хүлээгдээд байна. Эх орондоо ажиллаад байдаг, гэрээний нөхцөл нь биелэгдсэн байхад дипломоо авч чадаагүй хүмүүс байна.
-Төрийн өндөр албан тушаалтан болон хамаарал бүхий хүмүүс төрийн зээлээр гадаадад сураад зээлээ төлөөгүй, тэдний зээлийг төр тэглэх гэж байна гэсэн ойлголт нийгэмд байна?
-2008-2016 оны хооронд төрөөс боловсролын зээлийн санд олгож байгаад дэмжлэг юм. Энэ аль ч улс оронд байдаг. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол зээлээ төлнө. Биелүүлсэн бол чөлөөлнө. Одоо мөрдөгдөж байгаагаар 5 жил хугацаанд нийгмийн даатгал төлсөн, эх орондоо болон эх орноо төлөөлж гадаад улсад ажилласан бол зээлээс чөлөөлнө гэсэн гэрээтэй. Сургалтын зээлийг эргэн төлөх хугацаа зээл авсан хугацаанаас илүүгүй байх ёстой гэж байгаа.
Холбоотой мэдээ