“Австралиас ирсэн эмэгтэйгээс шинж тэмдэг илэрсэн”

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

“Австралиас ирсэн эмэгтэйгээс шинж тэмдэг илэрсэн”

“Австралиас ирсэн эмэгтэйгээс шинж тэмдэг илэрсэн”

НЭМЭЛТ:

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.


-Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр иргэнд халуурах, цээжээр өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д тусгаарласан гэсэн. Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хоёр иргэн ямар улсаас ирсэн юм бол?

-Өнөөдөр өглөө 06.30 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг “Буянт-Ухаа” -д газардсан. Онгоцонд нийт 104 зорчигч ирсэн. Өглөөний онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Таван хүний гурав нь Италиас, хоёр нь Австралиас ирсэн.

Австралиас ирсэн ээж, охин хоёр хуралд оролцохоор яваад, ирсэн. Ээжид нь шинэ коронавирусийн халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, хоолой нь өвдсөн зовиуртай байсан учраас хүүхэдтэй нь хамт тусгаарласан.

Харин Италийн Милан хотод суралцаж байсан гурван оюутныг түр ажиглах байранд тусгаарласан. Үндсэндээ эдгээр таван хүний хоёрыг нь сэжигтэй тохиолдлоор авч, гурвыг нь ажиглалтад аваад байна. Өнөө өглөөний байдлаар 17 хүнийг тусгаарлах байранд авсан. Тэдний тавыг нь ХӨСҮТ-д, үлдсэн 12 хүнийг Цэргийн амралт дахь ажиглах байранд тусгаарлаад байна.

-Насны хувьд?

-Тусгаарлагдсан таван иргэний гурав нь Италид суралцдаг бол Австрали улсаас ирсэн хоёр иргэн хуралд оролцоод ирсэн. Насны хувьд 20-25 насны оюутан залуус байгаа бол Австралиас ирсэн нэг иргэн 40 гаруй насны эмэгтэй, охин нь 18 настай.

-Иргэдийн хувьд хилийн боомтууд дээр хийж буй хяналт шалгалтад эргэлзээтэй хандаж байна. Ер нь хилийн боомтууд дээр хэрхэн хяналт шалгалт хийж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Бид “Буянт-Ухаа” боомтод онгоц ирэх болгонд очиж эрэмбэлэн ангилал хийж, тусгаарлах, ажиглах шаардлагатай хүмүүсийг авч байгаа. Уг хяналт шалгалтаар эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сэжигтэй тохиолдлоор бүртгэн ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Мөн COVID-19 халдварын дэгдэлт өндөр байгаа Иран, БНХАУ, БНСУ, Италиас ирсэн хүмүүсийг авч, ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Эдгээр улсын бусад хот болон Японоос ирсэн зорчигчдыг тусгайлан бэлтгэсэн ажиглах байруудад 14 хоног ажиглалтад авч байгаа.

Хилийн боомтууд дээр адилхан хяналтыг тавьж байгаа. Жишээлбэл, “Буянт-Ухаа” боомт дээр хилийн нэвтрэх цэг дээр хилийн мэргэжлийн хяналтын газар эхлээд зорчигчидтой уулзаж, хаагуур явсан тухай аяллын түүхийг нь судална. Тэгээд зайнаас биеийн халууныг нь үзнэ. Гол тусгаарлах ёстой таван улс орноос ирсэн, тодорхой хэмжээний шинж тэмдэг илэрсэн эсэхийг нь ялгаад тусгаарлах өрөөндөө авна. Тэрний дараагаар ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээгээр гүнзгийрүүлсэн судалгааг хийж, ХӨСҮТ юм уу, ажиглах байранд тусгаарлах уу гэдгийг тогтоон тусгаарлаж байна.

-Эрүүл мэндийн яамны өчигдрийн /2020.03.25/ мэдээллээр гэр бүлийн гурван хүн Итали улсаар зорчсон түүхээ нуун дарагдуулсан гэсэн. Эдгээр иргэдийг виз олголтыг хянаагүй юм уу?

-Тэр гэр бүлийн хувьд аль, аль талдаа аяллын түүх дээр ойлголцоогүй юм шиг байна лээ. Тэр хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй учраас 14 хоног түр ажиглах байранд тусгаарласан. Мэргэжилтнүүдтэй сайн ойлголцоогүй асуудал гарсан байх. Гадаад паспорт дээрх штамбыг нь харсан л байх. Өөрсдөө ч гэсэн буруугаа ойлгоод хүрээд ирсэн.

-Өдөрт “Буянт-Ухаа” боомт дээр хэчнээн иргэнд хяналт тавьж, ажиллаж байна вэ?

-Өдөрт нэг нислэг газардах тохиолдол бий. Зарим өдөр хоёр, гурван ч нислэг газардаж байна. Монгол иргэдийн хувьд дэлхийн бусад орнуудаар зорчоод ОХУ-аар дамжин “Буянт-Ухаа” боомтоор орж ирж байгаа.

-Монгол Улсад шинэ коронавирусийн халдвартай тохиолдол бүртгэгдлээ гэхэд хэчнээн хүнд халдварлах эрсдэлтэй вэ?

-Дэлхийн олон улсад бүртгэгдэж буй бүртгэлийг харахад ихэвчлэн олуулаа нэг дор байсан хүмүүсээс голомтлон халдвар гарах тохиолдол маш их байна. Гэр бүл, хамт олны голомт үүсч байна. Нэг өрхийн голомтыг авч үзвэл нэг хүн халдвар авбал тэр айлын бүх хүн өвдөх эрсдэлтэй. Тийм учраас нэг хүн өвдөөд лабораториор батлагдах юм бол тэр гэр бүлийг сарын хугацаанд хянана. Тэр өрхөд долоо, 14, 21, 28 хоногт нь хүмүүсийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, тухайн гэр бүлийн дараагийн нэг хүнд халдварлавал хяналтын хугацааг сунгаад явна.

Тэгэхээр өнөөдөр хэдэн хүнд шууд халдварлана гэж хэлэх боломжгүй. Хүмүүс аль болох гэртээ, албан байгууллага дээрээ хоорондоо 1-2 метрийн зайнаас харьцах хэрэгтэй. Тийм учраас иргэдийг аль болох олон хүнтэй газар битгий яв, гэр бүл дотроо ч гэсэн аль болох өөрийгөө тусгаарлах шаардлагатай.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ


Д.Нямхүү: Хоёр иргэнд халуурсан, ханилгасан зовиур илэрч, ХӨСҮТ-д хяналтад авсан

Дэлхийн 86 оронд Covid-19 халдвар тархжээhttps://news.mn/r/2270279/

Posted by News.mn on Thursday, March 5, 2020

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.3.6/ ээлжит мэдээллээ хийлээ.

ХҮНД ӨВЧТӨНИЙГ ЭМНЭЛЭГТ, ХӨНГӨН БОЛ ГЭРТ НЬ БАЙЛГАНА

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “ДЭМБ-ын зөвлөх баг Монголд гурван чиглэлээр ажиллаж байна. Covid-19-ийн халдвар дэлхийн 86 орныг хамраад байна. Итали зэрэг оронд эрчтэй тархаж байгаа хэвээр байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн зөвлөгөөний дагуу хүнд хэлбэрийн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх, хөнгөн бол гэрт нь байлгах арга хэмжээ авч байгаа” гэлээ.

ЗАСГИЙН ГАЗАР БҮХ БОЛОМЖИЙГ АШИГЛАЖ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Дэлхийн олон оронд халдвар бүртгэгдээд байна. Европын орнуудад халдвар эрчимтэй тархаж байна. Хоёрдугаар тохиолдлын тоогоор БНСУ орж байна. Өвчлөлийн ерөнхий байдлаар олон оронд тархсан ч цаашид өвчлөлийн тархалтыг зогсоох нааштай зүйл ажиглагдаж байгаа. Халдварын голомт шинээр бүтгэгдээгүй байна. Сүүлийн 2-3 долоо хоногт олон улсын байгууллагууд бэлэн байдалтай оролцож байна. ДЭМБ-аар дамжуулан Германаас зөвлөх баг ирж ажиллалаа. Олон улсын яаралтай тусламжийн баг үндэсний багтай ажиллаж байна. Монголд нэг ч халдвар бүртгэгдээгүй байгаа, Засгийн газар бүх боломжийг ашиглан ажиллаж байна” гэсэн юм.

БЭЛТГЭЛИЙГ МАШ САЙН ХАНГАСАН БАЙНА

ДЭМБ-ийн Яаралтай тусламжийн багийн ахлагч Хауке Флориан “Монгол Улсад одоогоор нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч шинжлэх ухааны судалгааг нарийн ажиглан бэлтгэлээ ханган ажиллахыг зөвлөж байна. Эмнэлгүүдээр явахдаа халдвар бүртгэгдвэл авах арга хэмжээний бэлтгэл маш сайн хангагдсаныг ажиглалаа. Өвчтөний 80 хувьд халдвар хөнгөн хэлбэрээр халдварладаг тул энэ тохиолдолд хэрхэн ажиллах талаар зохих арга хэмжээг авах шаардлагатай. Өчигдөр Улаанбаатар хотод сургагч багш нарт сургалт явуулсан. Ингэснээр өрх, дүүргийн эмнэлэгт бэлэн байдлыг хангах сургагч багш нартай болсон. Мөн сургалтаар хувийн хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн ажилтан хэрхэн зөв зохистой ашиглах талаар заасан. Халдвараас сэргийлэхийн тулд эмнэлэгт яаралтай хэвтэх шаардлагагүй өвчтөнд хэрхэн тусламж үзүүлэх талаар ярилцсан. ДЭМБ-ын удирдамжийг дагахыг зөвлөж байгаа. Эрүүл мэндийн ажилтан тусгай үед N95 маскыг заавал зүүхийг зөвлөж байгаа. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээний үед иргэд ханиалгаж, найтаахдаа тохойгоо нугалж найтаах, олон нийтээр цуглахгүй байх, 1.5 метрийн зайтай байх, нэг минут тутамд гараа савандаж угаах, хувь хүн өөрийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй” гэв.

НАЙМАН ХҮНИЙГ АЖИГЛАЛТАД АВСАН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 4-нд ирсэн тохиолдлуудын хариу сөрөг гарсан. Мөн сарын 5-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй ч таван хүнийг ХӨСҮТ-д,  гурван хүнийг Дархан-Уул аймагт гээд найман хүнийг ажиглалтад авсан” гэлээ.

БЕРЛИН-УЛААНБААТАРЫН ОНГОЦООР 104 ЗОРЧИГЧ ИРСЭН

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 858 иргэнийг ажиглалтад авснаас одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Сэжигтэй тохиолдлоор 256 тохиолдлыг авч, хяналт шинжилгээ хийсэн. Итали улсаар зорчсон гурван иргэн Алтанбулгийн хилээр орж ирсэн тохиолдол бий. Нийт гурван иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлаад байна. Өнөөдөр /2020.3.6/ Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 104 иргэн ирсэнээс 17-г нь ажиглалтад авсан. Тавыг нь ХӨСҮТ-д, 12-нь Бага Баянгийн амралтын газарт аваачсан. Зорчигчдын хоёрт нь халуурсан, халиалгасан гэсэн зовуурь байгаа тул ХӨСҮТ-д аваачсан” гэсэн юм.

Р.РЕНЧИНДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
12
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж