Н.Ялалт: Берлиний кино наадмаас олзтой ирлээ | News.MN

Н.Ялалт: Берлиний кино наадмаас олзтой ирлээ

Н.Ялалт: Берлиний кино наадмаас олзтой ирлээ

Н.Ялалт: Берлиний кино наадмаас олзтой ирлээ

Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалтыг "Агаа" хэмээх хөтлөгчийн нэрээр нь хүмүүс андахгүй. Үзэгчид түүнийг “дотортой” сайн жүжигчин хэмээн үнэлэх нь ч бий. Тэрбээр хоёрдугаар сарын 20-29-ний өдрүүдэд Берлиний кино наадамд оролцоод иржээ. Жүжигчин Н.Ялалт мэргэжлээсээ гадна найруулагчийн карьераа эхлүүлж, ирэх намраас анхны дэлгэцийн уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан орох гэнэ.

Чадварлаг жүжигчин маань тайзан дээр сонгодог жүжигт тоглох хүсэлтэй яваагаа ч дуулгасан. Ингээд эх орондоо ирээд удаагүй байхад нь уулзаж, ярилцлаа.


-Та сайн явж ирэв үү. “Явсан хүний үгийг сонс” гэдэг дээ. Дэлхийн “А” зэрэглэлийн Берлиний кино наадмын сонин сайхнаас ярилцлагаа эхлэе. Энэ жилийн кино наадам хэр өргөн цар хүрээтэй болов?

-Энэ жил Берлиний кино наадмыг 70 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм билээ. Олон улсын кино наадам учраас зохион байгуулалт сайтай, өргөн хүрээнд болдог юм байна. Дэлхийн олон орны уран бүтээлчид богино болон бүрэн хэмжээний, баримтат кино гээд бүх төрөл жанрын уран бүтээлээрээ өрсөлдлөө.

Дэлхийн “А” зэрэглэлийн кино наадамд хүссэн хүн бүр оролцох боломжгүй. Эхлээд уран бүтээлээ илгээж, уг  наадмын шаардлагыг хангасан тохиолдолд оролцох эрхтэй болдог. Берлиний кино наадам бусад олон улсын кино наадмуудыг бодвол интертайнмент чиглэл багатай, улс төрийн өнгө аястай. Шагнал хүртэж буй бүтээлүүд нь дэлхий нийтийг хамарсан асуудлыг харуулсан байдгаараа онцлог. Ерөнхийдөө АНУ, ОХУ, Иран, Аргентин, Итали, БНСУ, Энэтхэг, Франц, Герман, Монгол зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлээ “өвөртлөн” ирсэн байлаа. Надтай хамт Монголоос жүжигчин Д.Батцэцэг, Б.Бат-Ирээдүй, Т.Энэрэл нар оролцоод ирсэн.

-Монгол уран бүтээлчдийн “Алтан судал” уран сайхны киног үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-“Алтан судал” кино нь агуулгын хувьд өргөн цар хүрээг нэг гэр бүл дээр төлөөлөн харуулсан юм. Сэдэв дэлхийн үзэгчдэд их сонирхолтой санагдсан байх. Үзэгчид бидний киног өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. Кино гарч дуусахад үзэгчдийн алга ташилт тасраагүй. Уран бүтээлч хүний хувьд маш сайхан мэдрэмж авсан. Ийм түвшний үзэгчид байгаа учраас тэнд цугласан уран бүтээлчид чанартай бүтээлийн төлөө тэмцэхээс өөр аргагүй байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн.

Бид “Generation” буюу өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сэдэвтэй киноны төрөлд оролцсон, нэр дэвшсэн сектортоо “Болор баавгай” шагналын төлөө өрсөлдсөн. Манай секторт шилдэг киног нь АНУ-ын уран бүтээлчид хүртсэн. Харин манай секторын богино хэмжээний киноны тэргүүн шагналын эзнээр Аргентины найруулагч шалгарсан. Миний мэдрэмжээр бид “Болор баавгай” шагналыг атгаад алдсан. Манай “Алтан судал” кино Берлиний кино наадамд нэлээд шуугиан тарьж, үзэгчдийн талархал хүлээсэн.

Кино дууссаны дараа уран бүтээлчид нь тайзнаа гарч, үзэгчидтэй яриа өрнүүлдэг юм билээ. Тэр үеэр маш олон үзэгч гол дүрд тоглосон Б.Бат-Ирээдүй хүүг "кинон дээр дуулсан дуугаа дуулаач” гэдэг хүсэлтийг тавьсан. Тэр хүсэлтийг хүлээн аваад хүүг дуугаа дуулахад танхим чив чимээгүй болж сонссон. Тэр мэдрэмжийн талаар Германы зарим хэвлэл онцолсон байна лээ. Бидний хувьд кино наадамд оролцоно, нэр дэвшинэ гэдэг маш том амжилт. Энэ жил уг наадмын захирлуудын бүрэлдэхүүн солигдсон гэж сонссон. Тиймээс шинэ захирлуудын харж байгаа өнцөг, үнэлгээ, өнгө аяс өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдсөн гэх яриа гарч байна лээ.

-“Алтан судал” уран сайхны кино Монголынхоо үзэгчдэд хараахан хүрч эхлээгүй байгаа. Киноны баг бүрэлдэхүүнээ танилцуулахгүй юу?

-Энэхүү уран бүтээлийн маань эхлэл болсон хүн нь Даваагийн Бямбасүрэн найруулагч. Энэ хүнийг монголчууд төдийгүй дэлхийн үзэгчид “Ингэн нулимс”, “Шар нохойн там” киногоор нь андахгүй. Тэрхүү киногоороо “Оскар”-т хүртэл нэр дэвшиж байсныг үзэгчид мэдэж байгаа биз. Д.Бямбасүрэн найруулагчийн энэ бүтээл олон жилийн өмнөөс хийгдэхээр яригдаж байсан ч тодорхой бэрхшээл тулгарч, төслөө зогсоох хэмжээнд очиж байсан гэсэн.

Энэ төсөл маань хоёр жилийн өмнө биелэлээ олж, 2018 оны наймдугаар сард  зураг авалтаа эхэлсэн. Нийтдээ 70 гаруй Монгол уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны продюсер талыг Германы “Basis Berlin” кино компани хариуцсан. Харин зохион байгуулалт, оффисын ажил, зураг авалтын ажлыг Монгол, Герман, Араб, Австри, Ливан зэрэг таван орны уран бүтээлчид хамтран ажилласан. Киноны зураг авалтыг Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сум, Улаанбаатар хотод хийсэн.

-Та дүрийнхээ тухай яриач. Өмнө нь тоглож байсан дүрүүдээс юугаараа онцлог байв?

-Анх надаас 2018 оны зургадугаар сард кино проб авсан. Сарын дараа надад кино пробонд тэнцсэн гэдэг мэдээг дуулгасан. Тэгээд наймдугаар сарын 3-нд Төв аймгийн Заамар сумын нутагт байх Сов гэж хуучнаар оросуудын хэлж заншсан газар зураг авалтаа эхэлсэн. Миний хувьд эгэл жирийн малчин залуу, сайн аавын дүрд тоглосон. Малчин хэдий ч өөрөө техникт их сонирхолтой учраас хог дээрээс болох болохгүй юм цуглуулж байгаад нэг машин босгоод уначихсан.

Хар багаасаа төрж, өссөн нутагт нь үйл ажиллагаа явуулж буй уул уурхай компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байгаад бухимдаж явдаг. Нутаг орныхоо эко системийг алдагдуулахгүйн төлөө тэмцэж буй аавын дүр л дээ. Харамсалтай нь, зөвшөөрөлгүй олборлолт хийж буй уурхайгаас болж осолд ороод өөд болчихдог.

Киноны маань гол дүрд Дундговь аймгийн Өндөр шил сумын 14 настай Б.Бат-Ирээдүй гэх малчин хүү, түүний ээжид жүжигчин Т.Энэрэл тоглосон. Гол дүрд тоглох хүүгээ олохын тулд гурван сарын турш 2500 орчим хүүхдээс сонгон шалгаруулж, хайж олсон. Миний дүр  ослоор нас барсан ч гэсэн үйл хэрэг нь хүү, эхнэрээр нь дамжин үргэлжилж байгаа талаар өгүүлдэг. Өмнө нь тоглож байсан дүрүүдээс ялгаатай нь гэвэл энэ дүр маань илүү одоо цагийн, энгийн малчин, тэмцэгч залуугийн дүр.

-Сүүлийн үед Монголын уран бүтээлчид олон улсын кино фестивалиудад бүтээлээ “сойж” чамгүй амжилттай явна. Ер нь олон улсын кино наадамд бүтээлээ илгээж, өрсөлдөхөд юун дээр анхаарах ёстой вэ?

-Мэдээж олон улсын кино наадамд нэр дэвшихэд маш олон шалгуурыг даван гарах шаардлагатай. Продюсерууд өөрсдийнхөө киног наадамд сойхын тулд ямар сэдэв барьж авах бэ, ямар асуудал дэвшүүлэх вэ, киног яаж сонирхолтой байлгах вэ, үзэгчид, шүүгчдийн анхаарлыг юугаар татах вэ гэдгийг маш сайн бодолцож, кино хийх ёстой байх л даа. Магадгүй Монголын үзэгчид “Алтан судал” киног үзэх юм бол байдаг л амьдрал гэж харах биз. Бид дотор нь байгаа учраас тийм ч сонирхол татдаггүй байж магадгүй.

Манай уран бүтээлчид дэлхийн үзэгчдийг татья гэвэл бусдын бүтээлийг хуулж хийхээс илүү өөрсдийн өнгө аястай, соёл уламжлалыг сонирхолтой, бодитойгоор бүтээлдээ харуулах хэрэгтэй. Монгол айл ингэж гал түлж, нүүхдээ гэрийн бууриа цэвэрлэж, мал, байгальтайгаа ямар шүтэлцээтэй амьдарч байгаа тухай маш сонирхолтойгоор зөв өнцгөөс үзүүлж чадах юм бол дэлхийн үзэгчид сонирхоно гэж бодсон.

Гэтэл өнөө цагийн уран бүтээлчид үзэгчдэд зориулан хөнгөн инээдмийн кино эсвэл хүн уйлуулж л байвал сайн кино гэдэг ойлголтыг төрүүлж байна. Бүх зовлон нэг хүн дээр цугларсан юм шиг кино хийгээд байна шүү дээ. Энэ нь Монголынхоо зах зээлд үзэгчдийнхээ хэрэгцээг хангаж байгаа ч гадагшаа гарахаараа хэний ч сонирхлыг татахгүй болчихоод байна. Тэгэхээр уран бүтээлээ гадагшаа гаргахыг хүсвэл болж өгвөл өөрийн харах өнцгийг гадна талд тавиад дотогшоо харвал илүү сонирхолтой бүтээл хийх юм болов уу гэж бодогдсон.

-“Алтан судал” кино Монголдоо хэзээ нээлтээ хийх вэ?

-“Алтан судал” уран сайхны кино хоёрдугаар сарын 23-нд Берлиний кино наадам дээр анхны нээлтээ хийсэн. Монгол үзэгчдийн хүртээл болгох эрх “Монгол HD” телевизэд байгаа. Сураг сонсох нь ээ, ирэх аравдугаар сард зохион байгуулах “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киногоор гаргана гэж дуулсан. Тиймээс ирэх намраас Монголынхоо үзэгчдэд хүрчих байх. Цаашдаа энэ кино 20-30 улсад гарахаар төлөвлөгдөөд буй. Түгээлтийн ажлыг Германы “Фандора” фильм зохион байгуулж байгаа. Дэлхий нийтээр кино театруудад үзэгчдийн хүртээл болох юм билээ.

а ихэвчлэн эерэг дүр бүтээсэн харагддаг. Ер нь хэчнээн дүр дээр ажилласан байдаг бол?

-Би өөрийгөө хэдэн дүрд тоглов, хэдэн кинонд ажиллав гэж тоолж үзээгүй. Гэхдээ овоо л тоо гарах байх. Дүрүүдийн хувьд магадгүй эерэг тал руу их тоглосон байж магадгүй. Гэхдээ өөрөө бол эсрэг дүрд тоглох дуртай хүн шүү дээ. /инээв/ Тэр ч утгаараа ганц хоёр эсрэг дүр надад бий. Хамгийн гол нь би кинонд жүжигчнээр тоглоё гэж хүсэхээсээ илүү найруулагчийн сонголтоор дүр дээр ажилладаг.

Тэгэхээр миний энэ кинонд тоглоод байгаа маань мундаг чадалтайдаа бус найруулагчийн сонголтоос л болж байна. Найруулагч нар “Ялалт миний бодож байгаа энэ дүрд тохирно” гэж бодсоны үндсэн дээр надтай хамтарч ажиллаж байгаа байх. Мөн олон сайхан найзууд маань намайг кинонд урьж, хамтарч ажилладаг. Ер нь би хувьдаа дүрийг гол, туслах гэж гололгүйгээр тоглож байгаа дүр болгон дээрээ өөрийгөө дайчилж, ажиллахыг боддог.

-Таны үеийнхэн хэдийнэ найруулагчийн карьераа хөөгөөд эхэлчихсэн. Таны хувьд найруулагчаар өөрийгөө сорьж үзэх бодол бий юу?

-Надад тийм бодол бий. Тийм бодолтой учраас ажлаа эхлээд явж байна. Манай эхнэр сэтгүүлч мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл, бичдэг, судалдаг талын хүн. Бид хоёр нийлээд жил гаруйн өмнө “Нандин фильм” гэж продакшн байгуулсан. Үндсэндээ пропакшныхаа үйл ажиллагааг идэвхтэй явуулж чадахгүй киноноос нөгөө кинонд ажиллаад завгүй байлаа. Эхнэр маань ойрхон хоёр хүүхдээ төрүүлсэн учраас хүүхдүүддээ бас анхаарал хандуулах шаардлагатай байлаа. Тиймээс өөрсдийнхөө бие даасан уран бүтээлийг хийж чадахгүйгээр нэлээн цалгардлаа. Энэ жилээс компанийнхаа ажилд анхаарч, болж өгвөл ирэх намраас бүрэн хэмжээний уран сайхны кино хийх төлөвлөгөө гаргаад, зохиол дээрээ ажиллаж байна.

Би Берлиний кино наадам явахаасаа өмнө киноныхоо зохиолын санааг олчихсон байсан. Тэндээс ирээд бусад орны уран бүтээлчдийн хийж буй кинонуудыг хараад бүр ингэж хийх ёстой юм байна, ингэж зохиолоо өөрчилье, тэгж байж гадагшаа гарах боломж маань өмнөхөөсөө илүү нээгдэх юм байна гэдгийг олж харлаа. Тэгэхээр зохиолдоо жаахан өөрчлөлт оруулахаар бодоод л явж байна. Ер нь би энэ наадамд явахдаа баярлахаасаа илүүтэй тэнд очоод юм үзэж харъя, суралцъя, бид хаана явна вэ, дэлхийн уран бүтээлчид юу хийж байна, үзэгчид юу таашааж байна, дэлхийн уран бүтээлчдийн бүтээлийг ямар цензурээр шүүж байна вэ, тэдний хэлж буй санаа, сэдэв, арга барил ямар чиглэлд байна вэ гэдгийг анзаарахыг хичээсэн.

Нэлээд олон гадны уран бүтээлчдийн киног үзэж сонирхлоо. Ямар сэдэв энэ жилийн наадамд голчлон сонгогдож орж ирсэн байна, тэрийг ямар өнцгөөс уран бүтээлчид харж хийсэн байна гэдэг талаар анхааралтай үзэж байгаад ирлээ. Өөртөө бол нэлээн олзтой л ирлээ. Өөрийнхөө хийх киноныхоо өнцгийг тэр тал руу хандуулбал сонирхолтой болох юм байна даа гэдэг бодол төрөөд ирсэн.

-Ангийнхан нь одоо Монголын кино урлагийг өнгөлж явна. Бидэнд ангийнхныгаа танилцуулаач?

-Манай ангийнхан одоо кино урлагт сайн явж байна. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” уран сайхны кино олон улсын кино фестивалиудад амжилттай оролцоод ирлээ. Манай ангийн Б.Амарсайхан маань олон улсын наадмуудад оролцож, гадны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Мөн Б.Навчаа маань дотоод, гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Энэ цагийн жүжигчдийн нүүр царай болж яваа С.Болд-Эрдэнэ маань байна.

Бид 1999 онд Соёл урлагийн их сургуулийг 20-уулаа төгссөн. Жүжигчдээс гадна МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Бямбацогт, Я.Болорчимэг зэрэг нэвтрүүлэгч манай ангийнхан. Бид нэг ангийн, нэг багшийн шавь нар.

-Их сургуулиа төгсөөд МҮОНРТ-ийн Орчуулгын киноны албанаас ажлынхаа гарааг эхэлсэн. Тухайн үед албанаасаа бүр хөөгдөж байсан гэж үнэн үү?

-Үнэн үнэн. Би их сургууль төгсөөд, МҮОНРТ-ын Орчуулгын киноны албанд ажлынхаа гарааг эхлүүлсэн. Би нэг орчуулгын кино уншиж байсан чинь Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гүндэгмаа ах маань намайг “Чи нэг ингээд нэг, наад хоолойныхоо өнгө чинь болохгүй байна” гээд загналаа. Би хувьдаа их л гоё уншвал болчих юм болов уу гээд л хиймэл хоолойгоор уншсан юм шиг байгаа юм. Тэгсэн бүр сүүлдээ “Чи гар яв. Чам шиг ийм хүнээр орчуулгын кино юугаа хийдэг юм. Зайл” гээд хөөгдөөд гарсан.

Тэгээд намайг МҮОНРТ-ээс нэг хэсэг орчуулгынхаа кинонд дуудахаа больсон. Тэгсэн төд удалгүй нэг сар болов уу дахин дуудаж ажилдаа орсон. Өөрийгөө хөгжүүлж, улам хичээх ёстой юм байна гэдэг цэг дээр намайг аваачиж тавьсан даа. Магадгүй би тэр үед өөрийгөө мундаг уншиж байна гэж бодчихсон л явсан байх. Ер нь тэгээд Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр курст тэнцээд Ардын жүжигчин, хоёрдугаар курст Гавьяат, гуравдугаар курст жүжигчин, төгсөх ангидаа оюутан, ажлын байран дээр гараад хэн ч биш болдог гэдэг шүү дээ. Тийм л замыг туулж явсан байх л даа.

Надад орчуулгын кино үнэхээр сайн нөлөөг үзүүлсэн. Жүжигчин болгонд тэгж сайн нөлөө үзүүлэх үү гэвэл сайн хэлж мэдэхгүй юм. Хувь хүний л онцлог байх. Бид хэчнээн жүжигчин гэдэг нэг мэргэжилтэй боловч Ялалт гэдэг хувь хүн тусдаа шүү дээ. Надад өөрийгөө кинонд тоглох боломжтой жүжигчин юм байна гэж харах боломжийг олгосон зүйл бол орчуулгын кино. Орчуулгын кино кинондоо тухайн үед ажиллаж байсан жүжигчид. Тэр сайхан хамт олны дунд ажиллаж байсан учраас тэднээсээ маш их зүйлийг сурсан гэж боддог. Уран бүтээлч болж төлөвших замд минь хамгийн чухал нөлөө үзүүлсэн хамт олон маань орчуулгын киноныхон.

-Хэчнээн орчуулгын кинонд дуу оруулсан бол?

-За даа, бодитой тоо гаргахад хэцүү л дээ. Барагцаагаар бүрэн хэмжээний уран сайхны кино, баримтат кино, хүүхэлдэйн кино гээд 7000 гаруй юм болох байх.

Уран бүтээлч хүн ажилласан кино болгоноосоо суралцаж, өсч хөгжиж байдаг. Таны хувьд тоглосон дүрээсээ гайгүй дүр бүтээчихжээ гэж тоосон дүр тань ямар дүр вэ?

-Би ч учиргүй өөрийнхөө тоглосон дүрүүдийг тоогоод л “Ялалтаа чи энэ дүр дээр тасарчихсан байна шүү” гэж боддоггүй. Үүнээс илүү өндөр даваа өмнө минь байгаа гэж боддог. Эргээд харахад яамай даа, энэ дүр дээр бас нэг аятайхан тоглочихжээ гэж боддог ганц хоёр дүр бий. Түүний нэг нь “Долоон бурхан од харвадаггүй” уран сайхны киноны Гарамын дүр. Үзэгчид ч гэсэн их ам сайтай байдаг. Би тэр дүрдээ их санамсаргүй, тэмцэлтэйгээр тоглосон түүхтэй. Тэр дүрд тоглосон талаар ярихын бол их урт яриа өрнөх байх.

-Товчхон ч гэсэн Гарамын дүрийнхээ тухай яривал?

-Анх надад “Долоон бурхан харвадаггүй” киноны хамт олон Бодоо сайдын дүрийг санал болгосон. Би татгалзсан. Учир нь надад Бодоод тоглох ямар ч материал байгаагүй. Өмнө нь Бодоо сайдын дүрд Ардын жүжигчин З.Цэндээхүү агсан тоглосон байдаг. Бодоогийн өөрийнх нь бодит зургийг харахад ч надтай царай зүс, биеийн хувьд огт төстэй биш. Тийм учраас би тэр дүрээс шууд татгалзсан. Дараагаар нь надад Гарамын дүрийг санал болгосон. Би Гарамын дүрийг уншаад зөвшөөрч, тоглохоор тохиролцсон байсан. Гэвч  кино групп маань Сэлэнгэ аймагт зураг авч байгаад миний оронд өөр жүжигчин авч, зургаа эхлүүлчихсэн байлаа.

Тэгээд би “Ингээд Гарамын дүрээс жийгдчихлээ” гэж бодоод байж байтал над руу утасдаад “Чи ирэхээс өөр аргагүй. Бид алдаа гаргасан байна. Чи дүрдээ ирж тогло” гэсэн. Би продюсертэйгээ ярилцаад, Гарамын дүрдээ тоглохоор болсон. Яагаад ч юм ийм даваа давж ирсэн дүр учраас би Гарамын дүрийг чадлынхаа хэмжээнд аятайхан гаргачих юмсан гэж их хичээсэн. Тэрний үр шим үзэгчдэд таалагдсанд баяртай явдаг.

Бас “Мөрдөгч” олон ангит киноны Батнягтын дүрдээ их хайртай. Энэ дүрийг “Боловсрол суваг” телевизийн Б.Дамдинсүрэн найруулагч надад өгөхдөө продюсерууддаа “Батнягтын дүрд Н.Ялалт гэдэг жүжигчнийг тоглуулна. Надад олж ир” гэдэг даалгаврыг өгсөн юм билээ.

-Батнягтын дүр танд их зохисон дүр?

-Тийм. Миний байгаа материалд их таарсан дүр байх. Хамтарч тоглосон жүжигчид маань ч гэсэн надад их туслалцаа үзүүлсэн.

Орчуулгын киноны жүжигчнээс эхлээд дэлгэцийн уран бүтээлд хүч үзсээр ирсэн. Театрын тайзнаа бүтээхсэн гэж хүсдэг дүр бий юу?

-Би одоо тайзан дээр сайхан сонгодог жүжгүүдэд л тоглохыг хүсч байна. Жилийн өмнө надад Улсын драмын эрдмийн театраас жүжигчнээр ажиллах саналыг тавьсан юм. Гэхдээ одоо болтол биелэлээ олж шийдэгдээгүй л явж байна. Саяхан театраас “Чамд тавьсан санал хэвээрээ байгаа. Удахгүй шийдэгдэх байх” гэдэг хариуг өгсөн.

Одоо би өөрийгөө сорихоос илүүтэй мэргэжлийн түвшинд ажиллахыг хүсч байна. Мэргэжлийн жүжигчин хүн өөрт оногдсон дүр дээр хэрхэн ажиллах ёстой юм бэ гэдгийг л хийж үзэх аазгай хөдөлж сууна. Яг судалгаатай, өөртэйгөө ажилласан, өөрөөсөө тэс өөр дүрийг бий болгож ажиллах юмсан. Мэдээж ийм боломжийг надад тайз л олгоно. Тийм учраас өөрийн эрхгүй тайз руу л татагдаад байна.

-Бидэнд гэр бүлээ танилцуулаач. Төдийлөн олны өмнө ил гардаггүй шүү дээ. Шинэ хүнээ өлгийдөн авсан гэж сонссон?

-Эхнэрийг маань Н.Мөнх-Өлзий гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Бид охин, хүү хоёртойгоо сайхан амьдарч байна. Эхнэр маань миний ар тал болж “Нандин фильм” продакшны гүйцэтгэх захирлын ажлыг хариуцдаг. Миний хувьд олон жил уран бүтээлийн ажил хийж явсан учраас надад дутагдалтай чанар их бий. Би чинь хүнтэй ажил яриад суух тэвчээргүй, асуудалд хэт сэтгэл хөдлөлтэй хандах, огцом шийдвэр гаргачих гээд байдаг талтай. Энэ бүх чанаруудыг маань зөөллөж, зөв чиглүүлж өгдөг ханьдаа баярлаж явдаг. Эхэндээ нэлээд тэмцэх гэж үздэг байсан бол одоо ч удирдагдаж байх шиг байна даа. /Инээв/

-Ханьтайгаа анх хэрхэн танилцсан тухайгаа ярьж болох уу?

– Ерөнхийдөө эхнэр маань намайг мэддэг, тоглож байсан уран бүтээлийг маань хардаг л байсан юм билээ. Яг танилцсан түүх гэвэл анх манай хүний ажлын газар нэг тоглолт зохион байгуулаад, түүнийг нь би хөтөлж байсан юм. Тэр үед албан ёсоор гар барьж танилцаад л өнгөрсөн. Харин дараа нь санаандгүй би нэг бороотой өдөр бүүдгэр тэнгэрийн зураг аваад, фэйсбүүкдээ оруулсан чинь манай хүн тэр зурган доор “Би таны байршлыг тогтоочихлоо” гэсэн сэтгэгдэл бичсэн байсан. Тэгээд “Би хаана байна” гэтэл яг миний байгаа газрыг хэлдэг юм.

Тэгсэн чинь миний тэр дарсан тэнгэрийн зурагны доод буланд манай эхнэрийн ажлын газрын дээвэр харагдаж байсан юм билээ. Тэгээд фэйсбүүкээр мэнд усаа мэдэлцдэг, хааяа ярилцдаг болсон. Уулзаж суугаад ярилцаагүй, зүгээр утасны цаанаас ярьж байгаа хэрнээ бид хоёр хэзээний найз нөхөд шиг эсвэл ах дүүс шиг бие биендээ урам дэм өгдөг, ойлголцдог байсан. Нэг л мэдэхэд манай гэрийн хүн болчихсон, халуун дулаан уур амьсгалтай сайхан амьдарч байна. Хань маань уран бүтээлч хүнийг дэмжиж, ойлгодог бүсгүй. Манай хадмууд маань ч гэсэн миний ажлыг маш сайн ойлгож дэмждэг сайхан хүмүүс бий.

-Та мото спортоор хичээллэдэг хэвээрээ юу?

-Хоббигоосоо хэзээ ч салахгүй шүү дээ. Гэхдээ би мотоциклио уналгүй бараг хоёр, гурван жил болчихлоо. Одоо унасан ч гэсэн давхиж чадахгүй болсон. Яагаад гэвэл би бүрэн бүтэн байх хэрэгтэй байна. Хоёр хүүхэд маань нялх байна шүү дээ. Одоо том хүү минь 17 настай. Удахгүй оюутан болно. Тэр хүний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага надад бий. Тэгэхээр одоо юу юугүй хэмхэрч ойчмооргүй л байна шүү. /инээв/

-Одоо ямар дүр дээр ажиллаж байгаа бол?

-Би өнгөрсөн оны наймдугаар сард нэг киноны зураг авалт эхлүүлсэн. Тэр киноны зураг авалт хараахан дуусаагүй байгаа. Тэр зураг авалт гуравдугаар сарын дундуур эхлэх байх. Одоогоор төлөвлөж буй ажил маань тэр л байна. Ерөнхийдөө намар бүрэн хэмжээний уран сайхны кино хийх бодолтой байгаа учраас киноны ажилдаа анхаарч орох бодолтой байна.

Гэхдээ намартаа амжих эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Уран бүтээлийг учиргүй яарч хийх нь учир дутагдалтай. Ямар ч байсан найруулагчаар ажиллаж, зүтгээд үзнэ. Огт хийхгүй байснаас хийж үзээд чадахгүйгээ мэдрээд больсон нь дээр биз дээ. Хийж үзээгүй байж бусдыг шүүмжилж худлаа ярьж суух нь утгагүй.

-Таныг өнөөгийн монголын кино урлагт эрэлттэй жүжигчдийн нэг гэгддэг. Нууц биш бол та хэр “үнэтэй” жүжигчин бэ?

-Хэцүү шүү дээ. Би бол өөрийгөө өндөр үнэ хөлсөөр кинонд тоглодог жүжигчин гэж хэлэхгүй. Би бусадтай л адилхан лизенгийн байранд амьдарч,  зээлээр гар утас худалдан авдаг. Ямар уран бүтээлд оролцож, хэнтэй ямар гэрээ байгуулах нь хувь хүний нууц шүү дээ. Шууд хэлэхэд зарим нэг залуу уран бүтээлчдийн кинонд үнэгүй ч тоглож байсан үе надад бий.

Би өөрөө уран бүтээл хийх зовлонг мэддэг, мэдэрсэн учраас залуу уран бүтээлчид хамтран ажиллах санал тавихад татгалзахаасаа илүү дэмжих талаас нь хүлээж авдаг. Тйим учраас надад хуурай дүү нар олон байдаг. Жүжигчин Н.Ялалт өөрийнхөө байгаа энэ түвшинд хүрэхийн тулд юу туулж ирсэн бэ гэдгийг тэр залуус сайн мэдэхгүй шүү дээ. Харин болох болохгүй юманд өөрийнхөө олсон нэг жаахан жүжигчин гэдэг нэрээрээ тоглож, олон үзэгчдийг өөрөөсөө алдвал харамсалтай шүү дээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-06 133.82.250.243

Yamr yumaa hiigeed teneed baidgiin bee. Delhii dayar tahal garchaad baihad

Avatar

Emma 2020-03-06 59.153.87.175

Mundag jvjigchin shv ulam ih amjilt gargaarai

Avatar

Сэлэнгэ 2020-03-06 202.126.89.57

1990 оноос хойшхи Монгол кинонууд л арай л муухай шүү. Үзэх аргагүй. Дэндүү муу бас муухай. Ёрөөсөө үздэггүй

Avatar

Содоо 2020-03-06 202.126.89.57

1990 оноос хойшхи Монгол кинонууд л арай л муухай шүү. Үзэх аргагүй. Дэндүү муу бас муухай. Ёрөөсөө үздэггүй

Avatar

Сэгсгэр Ганбаа 2020-03-06 182.160.36.97

Корана вирус халдаав дураакуудаа

Avatar

Зочин 2020-03-06 27.123.214.2

Аан энэ жүжигчинг чинь Ялалт гэдэг юм уу. Сайхан л нэртэй юм амжилт хүсье. Би МАН-ы Чүдэнзтэй андуураад байсан юм байна шдээ.

Avatar

Зочин 2020-03-06 66.181.181.61

Гайгүй жүжигчин шүү

Avatar

Мөнхөө 2020-03-06 103.240.241.110

Мянганбаяр Базраа.Батулга энэ залуу нарын 500гад эрэгтэй олон авгай авсан баримт байхад 2эхнэр авч болно болохгүй гээд хэрэлдээд байдаг нь сонин

Avatar

бодлын хулгайч 2020-03-06 66.181.167.53

САЙН ЖҮЖИГЧИН. АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2020-03-06 103.57.94.161

Гүндүүгүй сайхан эр хүн шүү уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэе.

Avatar

Ynen heljee 2020-03-06 202.126.89.216

Hudalch yum bna neeree te,mongold turj bgaa kinog syyliin yed harahad

Avatar

Hudalch 2020-03-06 202.126.89.216

Korona avchiraagyi bol busad ni yah ve,chi bolon ta nar mundag bsan bol kino urlag ingej muhuh yy,hudalch gar l daa

Avatar

Зочин 2020-03-06 202.179.26.230

mask zuune baigaa huu. berlind coronagiin haldvar mash hurdan tarhaj bn gesen

Avatar

zochin 2020-03-06 43.242.243.61

KORONAGAAR L GANZAGA DUUREN BISH BOL YAMAY , BAS L AYULTAY GAZAR RUU NAADAM GEED YAWJ BAYDAG , TENEGIIN DOTOR AMGALAN GEJ

Avatar

Б.Энхбаяр 2020-03-06 103.10.22.34

.. Сайхан ярилцлага уншлаа. Бас хувийн компанитай юм байна. Би нэг зүйлд гайхдаг, эвлэрдэггүй. Заавал жүжигчин хүн яагаад улсын байгууллагад ажиллаж байж чадвартай болдогт нь.. Ер нь шууд хувийн салбарт зоригтойгоор шилжиж, санаснаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн байгууллагад ажилласнаар сэтгэлгээ мөхөж, магадгүй хулгайчид атаархаж цагаа алдан сажилж явах нь хүний мөрөөдөл биш.
Энэ гавъяат энэ тэр бол муу эрд халдага дараа гэдэг шиг юм шүү дээ.
Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-03-06 66.181.161.75

iim saihan zaluu dandaa matar tsarailsan yumnuud avch yavjee harah tsarainii matar ******n tsarainii nuurnii arisnuud bna oor goe huuhnuud olj bai barag buh erchuud b*** bosohoorgui aimshigiin mataruud bna

Avatar

zochin 2020-03-06 43.242.243.61

KHYAZGAARLALTAND ORSON UU? KINO NAADAM CH YAKH WE . KORONA SHAACHIKHAAGUY BOL

Avatar

Зочин 2020-03-06 202.9.47.25

Хувь хүнийг нь бол мэдэхгүй гэхдээ Жүжигчний хувьд үнэхээр сайн жүжигчин. Монголд энэ Ялалт, Болд-Эрдэнэ, Анар гээд цөөн хэдэн мундаг залуус байгаа юм.

Avatar

Зочин 2020-03-06 103.242.47.70

#YNWA

Avatar

Зочин 2020-03-06 202.131.227.42

Coronavirus. Ashgiu ingeed sejigtei tohioldluud ni oorsdiigoo heleed baival dolood yavj bolnoshdee

Avatar

Зочин 2020-03-06 122.201.31.39

Битгий дэмий тэнээд байгаач ….

Avatar

Зочин 2020-03-06 202.131.227.82

амжилт

Avatar

Зочин 2020-03-06 202.9.46.50

Сайн байна… одоо хөл хорио руугаа алхаад марш…

Avatar

MN 2020-03-06 202.131.243.186

МУЖИК ШИГ САНАГДДАГ. АМЖИЛТ ЯЛАЛТАА

Avatar

Цэрэнхүү 2020-03-06 119.40.98.177

Мундаг шүү Зорилгодоо хүрээрэй Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж