"Covid-19" вирус дэлхийн эдийн засагт том хямрал дагуулж эхэллээ. Хөрөнгийн зах зээлд хувьцаануудын ханш унаж, аж үйлдвэрүүд сул зогсч, аялал жуулчлал болон нислэгийн компаниуд их хэмжээний алдагдалд орж, дэлхийн баячуудын хөрөнгө багасч эдийн засаг ч "вирус"-тэж байна. Эрүүл мэндийн салбарын эрдэмтэд коронавирусын тархалт намжих болоогүйг анхааруулсаар байгаа бол эдийн засгийн шинжээчид улс орнууд эдийн засгийн хямралыг давах туулах эрсдэлийн үеийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгааг захиж сануулсаар байна.
Хоёр их гүрний дунд орших, тэр тусмаа экспорт импортын 90 гаруй хувийг хангадаг Хятадад анх дэлгэрсэн коронавирусийн тархалт намжаагүй, тус улс бүхэлдээ "хөл хорионд" орсон бөгөөд энэхүү вирусээс урьдчилсан сэргийлж Монгол Улс хилээ хаасан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж буй. Монголыг ганц тэжээж яваа салбар нь өнөөдөр уул уурхай болсон. Гэвч, коронавирусийн тархалтаас болж уул уурхайн салбар тэг зогсолт хийгээд цөөнгүй хонож байна. Үүнээс болж улсын төсөв нэг их наядаар тасарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлсэн билээ. Эдийн засагчид болон зарим улстөрч энэ оны төсвийг тун удахгүй тодотгох нь гарцаагүй гэж таамаглаж байгаа ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт гар хүрэхгүй гэж дөрөв дахь удаагаа хатуухан мэдэгдлээ. Гэхдээ, Ч.Хүрэлбаатар сайдын үг бол эдийн засаг хямрахгүй гэсэн баталгаа биш ээ. Өнөөдөр коронавирусээс урьдчилсан сэргийлэх төр засгийн арга хэмжээний хүрээнд олон мянган жижиг дунд үйлдвэр ажлаа түр зогсоосон. Үүнээс болж цөөнгүй нь хаалга үүдээ барих, ажилчдаа цомхотгоход хүрчээ.
Зүй нь, энэ эмзэг цаг үед Монголын Засгийн газар, УИХ түргэн шуурхай ажиллаж төсөвтөө тодотгол хийн төрийн том зардлуудыг хумьж, хувийн хэвшлээ дэмжих нь эдийн засгийн Б төлөвлөгөө болжээ. Товчхондоо, 600 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулдаг төрийн сайд, дарга нарын тансаглалыг хумьж, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих нь Засгийн газрын нэн яаралтай хийх ажил болсон байна.
2020 оны төсвийн орлогыг 11.7 их наяд төгрөг, зарлагыг 13.8 их наяд төгрөг байхаар тусгасан. Орлого, зарлагын хэмжээ хоёр их наяд гаруй төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. Мөн Засгийн газар энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн орлогоо тооцоолсон. Гэвч дэлхий дахинд тархаж буй шинэ коронавирусийн халдварын улмаас нүүрс, газрын тосны экспорт түр зогссоноос үүдэн эхний хоёр сараар төсвийн орлого тасалдаж, одоогоор 180-190 орчим тэрбум төгрөгөөр орлого дутав.
2020 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон нь хэтэрхий өөдрөг, биелэх боломж бага учраас төсвийн орлого тасрах эрсдэл байгааг эдийн засагчид, шинжээчид сануулсан ч дээрх хэвээр нь баталсан.
Нөгөөтэйгүүр энэ жил УИХ-ын сонгууль болно. Эрх баригч нам бүр сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлуудыг өсгөж төсвөө баталдаг бичигдээгүй хууль нэгэнт УИХ-д тогтсон. 2020 онд нийгмийн халамжийн сангийн зарлага 756.6 тэрбум төгрөг байна. Бүх төрлийн тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 168.1 тэрбум төгрөгийг, төрийн албан хаагчдын цалин хөлсийг найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан.
Түүнчлэн МСҮТ-д суралцагчдын сарын тэтгэлэг болох 100.0 төгрөгийг 200.0 мянган төгрөг болгох, ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийн мөнгө болон, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, дотуур байранд байдаг хүүхдийн хоолны мөнгийг тус тус 50 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд урьд өмнө эхлүүлсэн буюу 2018-2019 онд эхлүүлсэн бүх хөрөнгө оруулалтын төслүүдийг дуусгахад 987 тэрбум төгрөгийг зарцуулах, шинээр 2 их наяд төгрөгийн хуучин царцаагдсан болон концессын гэрээ, шинэ төслүүдийн санхүүжилт байхаар тусгагдсан. Тухайлбал, Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Төв номын сан, Дуурь бүжгийн театр, Улсын драмын театр, Төв цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой хөрөнгө оруулалтууд нийт 40.4 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан.
ТОДОТГОХ БОЛОМЖТОЙ ТӨСВИЙН ЗАРЛАГУУД:
Экспорт буурсантай холбоотойгоор төсвийн орлого хумигдаж, АМНАТ-ийн орлого буурч эхэллээ. Орлого буурч байгаагийн хэрээр зарлагаа хэрхэн танах талаар бодлого шийдвэрийг төр гаргах ёстой. Эдийн засагчид төсвийн алдагдлыг бууруулахын тулд зөв эрэмбэ дараалал чухал гэдгийг хэлдэг. Тухайлбал бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай болон эдийн засагт авирч үр өгөөжийг нь тооцоолж эрэмбэлэх ёстой. Харамсалтай нь, УИХ-ын гишүүдийн хэн нь хамгийн сайн лобби хийнэ, тэр хэрээр төсвийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо авч чаддаг.
2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулагдах 1,828.9 тэрбум төгрөгийг нийт 1,427 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Тухайлбал, 2020 онд аймгуудын Соёлын төв, Спорт цогцолбор, Спорт заалны нийт санхүүжилтэд 84.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн орон нутгийн ЗДТГ-ын барилга, багийн төвийн барилгад нийт 15.4 тэрбум төгрөг суутгасан.
Төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламж:
- Нийслэлд нийт 382- төсөл хэрэгжиж 584.5 тэрбум төгрөгийг
- Орон нутаг-1005 төсөлд 894.1 тэрбум төгрөгийг
- Улсын хэмжээний – 38 төсөлд 347.7 тэрбум төгрөгийг
- Элчин сайдын яамд-2 төсөлд 2.6 тэрбум төгрөг тус тус зарцуулна.
ТӨСВИЙН ЗАРЛАГА САЛБАРААР нь авч үзвэл Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй салбарт хамгийн их буюу 377.2 тэрбум төгрөгийн зарлага, зам тээврийн салбарт 435.8 тэрбум төгрөг үүнээс авто замд 257.8 тэрбум төгрөгийг, Соёл урлаг, спорт, аялал жуулчлал 409.8 тэрбум төгрөгийг, Биеийн тамир спорт 92.6 тэрбум төгрөг, Нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах чиглэлд буюу гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд 116.7 тэрбум төгрөг, Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад 102.4 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна. Мөн агаарын бохирдлыг бууруулах 138.6 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.
Энэ мэт тодотгож болох зарлагуудыг нэрлэж болно.
Үүнээс гадна өндөр дүнтэй САЙД НАРЫН БАГЦ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНгуудын зардалд тодотгол хийх боломжтой.
УЛСЫН ТӨСВИЙН ЗАРЛАГА ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧдын нийт төсвийг зургаар харуулбал,
ХЭРЭВ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВСАН БОЛ???
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьсан. Гэвч олонхийн бүлэг болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн хоригт тусгасан дөрвөн үндэслэлээс зөвхөн нэгийг нь хүлээж авсан.
Тодруулбал, Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан 2020 оноос эхэлж 2021, 2022 онд дамжин хэрэгжих 381 төсөл, арга хэмжээнд хэсэгчлэн, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгийн санхүүжилтээс 381 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг хасахаар хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй.
2.Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй.
3.Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогод нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөхөөр тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан.
4.Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн зарлагад нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөн зарцуулагдахаар тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол 1,828,930.3 сая төгрөгийн санхүүжилтээс 381 төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг танасан бол өнөөдөр арай эрүүл төсөвтэйгөөр эрсдлийг даван туулах дархлаатай байх байлаа.
Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай буй.
Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэж байгааг УИХ-ын даргад уламжлахад УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй” гэдгийг хэлсэн.
Холбоотой мэдээ