“АНУ руу илгээсэн захидлын хариу ирээгүй байна”

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

“АНУ руу илгээсэн захидлын хариу ирээгүй байна”

“АНУ руу илгээсэн захидлын хариу ирээгүй байна”

Хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед цагийг тун үр дүнтэй өнгөрүүлж буй П.Төгөлдөр хүүгийн туршлагаас хуваалцахыг зорилоо. Арван настай ч номын амтанд дурласан энэ жаал ихэвчлэн англи хэл дээр ном уншдаг аж. Нийслэлийн 52 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч тэрбээр өдгөө 100 гаруй ном уншсан гэнэ. Мөн түүний мөрөөдөл өвөө /Ардын уран зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Бааст агсны ач охины хүү нь/ шигээ зохиолч болох. 


-Саяхан “Books with Tuguldur” пэйж хуудас ажиллуулж, уншсан номынхоо сониноос найзуудтайгаа хуваалцах болсон. Одоогоор энэ хуудас нь хэдэн дагагчтай болоод байна вэ. Дагагчдын ихэнх нь чиний үеийнхэн үү?

-“Books with Tuguldur” хуудас маань 2100 дагагчтай болсон. Дагагчдын маань олонх нь эцэг, эхчүүд. Бас миний үеийн хүүхдүүд ч бий. Эцэг, эхчүүд маань хүүхдээ яаж номд дуртай болгох вэ, яаж англи хэл сургах вэ, ямар ном сонговол дээр вэ гэж их асуудаг. Харин манай үеийнхэн сайн найзууд болцгооё гэдэг, бас сонирхолтой асуултууд асуудаг.

-Уншсан номуудынх нь  ихэнх нь англи хэл дээр юм билээ. Яагаад монгол хэлээр биш англи хэл дээр ном уншдаг юм бэ. Одоогоор хэчнээн ном уншаад байна вэ?

-Англи хэл дээр ном уншдаг маань олон шалтгаантай. Нэгдүгээрт, багаасаа англи хэл сурсан болохоор англи хэл дээр ном унших нь надад илүү хялбар байдаг. Хоёрт, миний сонирхсон ном, цувралуудын цөөнийг нь монгол хэлээр орчуулсан ч бусдыг нь орчуулаагүй байдаг. Би номын цувралаа гүйцээж уншихын тулд англи хэлээр хэвлэгдсэн номыг нь олж уншдаг. Монгол хэл дээрх номыг ч уншдаг. Одоогоор англи, монгол нийт 100 гаруй ном уншсан байна. Монгол номоос дурдвал “Ногун”, “Динзаг”-ийн цуврал, “100 баримт”-ын цувралууд, “Илбэ” болон үлгэрийн номууд уншсан.

-Хэзээнээс ном уншиж эхэлсэн бэ. Ном уншсанаар чамд гарсан өөрчлөлт юу вэ?

-Сургуульд ороод уншиж сурснаар дуртай болсон. Хамгийн анх уншсан цуврал маань “Ногун” байсан. Ном уншдаг болсноор надад маш олон өөрчлөлт гарсан. Тухайлбал, “Ахмад дотоож”-ийн цувралыг уншиж байхдаа комик ном бүтээх санаа төрсөн, бас номноосоо санаа авч үлгэрийн баатраараа тоглоом хийж сурсан. Илбийн номоос илбэ сурч, өвөө, эмээдээ илбэ үзүүлсэн. Өвөө, эмээ маань миний илбэнд хууртсан. /инээв/ Бас “Дүрсгүй хүүгийн өдрийн тэмдэглэл”-ээс үлгэрлээд өдрийн тэмдэглэл хөтлөх болсон.

-Ном унших дуртай болох арга барилаасаа найзуудтайгаа хуваалцахгүй юу?

-Эхний ээлжинд аав, ээж, найз нартайгаа ярилцаж байгаад сонирхолтой гэсэн номоо авч уншвал зүгээр. Сонирхолтой санагдвал үргэлжлүүлэн унших хүсэл төрнө. Өдөр бүр ном уншвал сонирхол улам төрдөг болохоор өдөр бүр ном уншихыг хичээгээрэй гэж найзууддаа хэлье.

-Чамаас эцэг, эхчүүд хүүхдэдээ яаж англи хэлийг сайн сурах вэ гэж асуудаг гэлээ. Англи хэл сурсан жороосоо хуваалцаж, найзууддаа зөвлөхгүй юу?

-Эгчээсээ төрсөн өдрөөрөө англи хэлний ярьдаг ном бэлгэнд авч байсан. Тэр номоос ярианы англи хэл сурсан. Дараа нь сургуульд орсноор англи хэлээр уншиж, бичиж сурсан. Бас хүүхэлдэйн кино үзэж, дуу сонсож, ном уншиж англи хэлээ сайжруулдаг. Энэ аргуудыг хэрэглэвэл англи хэл сурахад танд маш амар байх болно.

-Хөл хориотой, сургууль амарсан энэ үед амралтыг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Цахим хичээлээ үзээд, даалгавраа хийж байна. Бас номоо уншина. Дүүгээ харна, аяга, таваг угааж ээждээ тусалж байгаа. Чөлөөт цаг гарвал зураг зурж, тоглож, дуртай киногоо үзэж байна. Бас чөлөөт цагаараа пэйжээ хөтөлдөг.

-Дуртай номынхоо зохиолчид захидал бичсэн гэсэн хариу нь ирсэн үү. Хэнд, хааш нь явуулсан захидал вэ?

-Миний дуртай “Ахмад дотоож” цуврал номын зохиолч Dav Pilkey – д хаяглан АНУ руу захидал бичсэн. Гэхдээ өнгөрсөн оны наймдугаар сард явуулсан захидлын хариу одоо болтол ирээгүй л байна. Би захидалдаа зурсан зургаа, өөрийн зохиосон баатраа танилцуулсан.

-Төгөлдөр ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ. Бас ямар үйл бүтээхийг мөрөөддөг вэ?               

-Би зохиолч болох мөрөөдөлтэй. Зохиолч болоод хүүхдийн олон гоё ном, зохиол бичихийг хүсдэг.

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Өвөө шигээ мундаг зохиолч болохыг ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж