Хөл хорионы дараа махны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа эсэхийг сурвалжлахаар нийслэлийн хамгийн том хүнсний зах “Хүчит шонхор”-ыг өчигдөр зорилоо. Хөл хөдөлгөөнд дарагдан байдаг “Хүчит шонхор” энэ удаад нам жим.
Түмэн хүн багшралдан байдаг танхимд хоосон лангуу олон харагдлаа. Учрыг худалдагчаас лавлахад “малчид шинийн 15-ныг хүртэл мал гаргадаггүй болохоор шинэ мах нийлүүлэгдэхгүй болж, зооринд хадгалж байсан мах худалдаалдаг болсноор зарим нийлүүлэлт саараад байна” гэсэн юм.
Үнийн хувьд зоориноос нийлүүлэгдсэн мах цагаан сарын өмнө худалдаалж байсан шинэ махнаас бараг зөрүүгүй байсан юм. “Энэ жил мах нөөцлөх үед үнэ нь өндөр байсан тул буурах боломжгүй байгаа” гэдгийг худалдагч учирласан юм. Тухайлбал, “Хүчит шонхор” захад өчигдөр /2020.3.5/ махны үнэ нэг кг нь дараах үнээр худалдаалагдаж байв.
- Үхрийн мах 9500-11000
- Адууны мах 8500-9000
- Хонины мах 8500-9500
- Ямааны мах 7200-8000
- Тэмээний мах 7500
ШИНЭ МАХНЫ ҮНЭ 1000-1500 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ
Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хөл хориотой холбоотойгоор худалдан авалт эрс багассан тул зарим зах, худалдааны төвүүд түрээсийн үнээ хөнгөлөөд байгаа. Тухайлбал, “Хүчит шонхор” зах нь түрээсийн төлбөрөө 50-100 хувь хөнгөлсөн. Үүнтэй холбоотойгоор махны үнэ буурах боломжтой эсэх, цаашид маны үнэ тогтвортой байх эсэхийг худалдагч Д.Цэрэндуламаас лавлав
-Шинэ мах ирэхээр нөөцийн махны үнэ буурах уу?
-Малчид шинийн 15-ныг хүртэл хонь, мал гаргадаггүй. Шинэ мах тасарсан. Тиймээс одоогоор нийлүүлэлтийг зооринд нөөцөлсөн махаар хангаж байна. Бидний гар дээр ирэхдээ мах үнэтэй ирж байгаа. Ингэж авсан махаа гэсгээж, жижиглэж, бас түрээс төлж худалддаг болохоор одоо худалдаалж байгаа үнээс хямд байх боломжгүй.
-Гэхдээ түрээсийн үнийг 50-100 хувь хөнгөлсөн шүү дээ?
-Энд үйл ажиллагаа явуулж буй цайны газар ч юм уу, талбай том хэсгийн түрээс 100 хувь, бидний түрээс 50 хувь хямдарсан. Бид хувь хүмүүсээс шинэ болон зоорины мах зах зээлийн ханшаар авдаг. Тэр үнээсээ хямдруулах боломжгүй шүү дээ.
Хэдийгээр нөөцийн махны нийлүүлэлт хэвийн байгаа ч коронавирусийн халдвартай холбоотойгоор иргэд мах, хүнсээ нөөцөлчихсөн худалдан авалт тун муу байна.
-Зоорины мах шинэ махнаас ялгаагүй үнэтэй байна. Одоо шинэ мах ирэхээр энэ үнээс илүү үнээр худалдана гэсэн үг үү?
-Энэ жилийн хувьд махны үнэ өндөр байсан болохоор зоорины мах ч өндөр үнэтэй гарч байна. Урьд нь шинэ мах зоорины махнаас 100-1500 төгрөгөөр илүү үнэтэй байдаг байсан. Харин энэ жил шинэ мах ирэхээр хэдэн төгрөгөөр үнэ нэмэгдэх нь мэдэгдэх байх. Үнэ буурахгүй нь тодорхой байна.
БӨӨНИЙ ҮНЭ НЬ 7800 ТӨГРӨГ ГЭЖ БАЙСАН Ч АВЧ АМЖСАНГҮЙ
Тус захаар хэн нэгэнд сугадуулсан, нэгэнтэйгээ сугадалцсан цөөн ахмад настан л үйлчлүүлж байгаа харагдав. Иргэдээс үнэдээ тохирсон чанартай мах авч чадаж байгаа эсэхийг тодруулсан юм.
-Хамгийн сүүлд хэзээ, хэдэн төгрөгөөр мах авсан бэ?
-Махны үнэ улам л нэмэгдээд байна. Шинэ мах худалдахгүй байгаа юм байна. Өнгө нь жаахан хуучирсан зооринд хадгалсан мах худалдаалж байна. Цагаан сараас өмнө эндээс үхрийн махыг бөөний үнээр нь нэг кг 8000 төгрөгөөр авч байсан. Одоо 11500 төгрөг болчихож. Махны нийлүүлэлт нь ч тийм сайн биш байх шиг. Энд зоорины мах бөөндөх машин иртэл худалдагч нар нь тусгай буланд оруулаад худалдаад авчихаж байна. Уг нь бөөний үнэ нь 7800 төгрөг гэж байсан ч авч амжсангүй. Худалдагч нар нь өрсөөд дайраад авчихлаа.
-Махны үнэ нэмэгдсэнийг та юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Малтай айлуудыг хотоос гаргасантай холбоотой. Махнаас гадна сүү, цагаан идээний үнэ ч өссөн. Нийслэлийн 173 хороо бүрт мах худалдах нэг дэлгүүр гаргаад тэндээ малчид нь махаа тушаадаг баймаар байна. Махыг ченж нараар дамжуулмааргүй байна. Ченж нар л махны үнийг нэмээд байна.
ЧЕНЖ НАР ҮНИЙГ ДУРААРАА НЭМЖ БАЙНА
-Хамгийн сүүлд та хэзээ мах авсан бэ. Үнэ нь өөрчлөгдсөн байна уу?
-Санхүүгийн боломж маань таван килограмм үхрийн мах авахад л хүрч байна. Уг нь нэмээд хонины мах авмаар байдаг. Саяхан тэтгэврийн мөнгөө авсан. Тэтгэвэр маань бүгд маханд зарцуулагдаж байна. Махны үнэ улам л нэмэгдээд байна. Цагаан сараар гурван хонины мах авсан. Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглээгүй ч авсан махаараа бууз хийгээд, хэрэглээндээ зарцуулсан.
-Махны үнийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохимжтой гэж бодож байна вэ?
-Ченжүүд махны үнийг өсгөж байгаа нь үнэн. Малчдын гар дээрээс мах худалдаж авбал энэ үнээс харьцангуй хямд байдаг юм билээ. Тиймээс ченжийн гараар дамждаг энэ шат дамжлагыг халж, маш их хөдөлмөр зарцуулж байгаа малчдынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлмээр байгаа юм.
Мах комбинат нь малчдын гар дээрээс мал, мах аваад сум, аймаг, дүүрэгт нь нэгдсэн журмаар нийлүүлэхгүй бол махны ченж нар үнийг дураараа нэмж байна.
НӨӨЦИЙН МАХЫГ УДАХГҮЙ ХУДАЛДААНД ГАРГАНА
Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж, нөөцийн мах бэлтгэдэг. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэрээр 15 аж ахуйн нэгж, 13 мянган тонн мах бэлтгэн нөөцөлснийг ирэх долоо хоногоос худалдаанд гаргахаар төлөвлөөд буй юм байна. Нөөцийн махыг дараах үнээр худалдах аж.
Үхрийн мах- 7,700 төгрөг
Хонины мах- 6,700 төгрөг
Ямааны мах- 6,200 төгрөг
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ