Москва хотын таксины гуравны нэг нь зөвшөөрөлгүй үйлчилдэг гэсэн судалгааны дүнтэй санал нийлэхгүй байгаагаа таксины үйлчилгээ эрхлэгч компаниуд мэдэгджээ.
Москва хотын нийтийн тээврийн үйлчилгээг хариуцагч “Мосгортранс”-ийн харъяа ТАМА ассоциацийн /"Транспортная ассоциация московской агломерации"/ хийсэн судалгаагаар таксины үйлчилгээ эрхлэгч томоохон компаниудын таксинууд нь зорчигч тээвэрлэх зөвшөөрөлгүй байжээ. Уг ассоциац судалгаагаа 2019 оны аравдугаар сараас 2020 оны хоёрдугаар сарын хооронд хийсэн байна. Судалгаанаас харахад inDriver, "Везет", "Ситимобил", "Максим" кэрэг компаниудад дээрх зөрчил хамгийн их илэрчээ.
Гэвч таксины компаниуд энэ судалгааны дүнтэй санал нийлэхгүй байна. Тухайлбал, "Максим" компанийн хэвлэлийн төлөөлөгч “Зорчигч тээвэрлэх зөвшөөрөлгүй байна гэдэг таксины үйлчилгээ эрхэлж болохгүй гэсэн үг биш. Зөвшөөрлийг таксины үйлчилгээнд явж байгаа машинд авдаг. Ийм зөвшөөрөлтэй машинаа такси үйлчилгээ хийлгэхээр түрээслүүлдэг. Хүссэн хүнд нь түрээслүүлдэг. Үүнд хэн ч хяналт тавьдаггүй, татвар ч төлдөггүй. Түрээсийн энэ загвар нь зам тээврийн осол гарах, зорчигч болон таксины жолооч нарын хооронд зөрчил гарахад хүргэж байна” хэмээн ярьжээ.
Харин "Везет" компани таксины зөвшөөрлийг орон нутгийн захиргааны байгууллага өгч байгааг сануулаад “таксины түрээсийн үйлчилгээ эрхлэхийг хүссэн хүмүүсийг бид ОХУ-ын хууль тогтоомжид заасны дагуу шалгаж авдаг. Таксины үйлчилгээг хууль ёсных нь дагуу хийхийг бид хүсдэг” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ