Аюулт коронавирустэй тэмцэж буй ЭГЭЛ БААТРУУДАА хамгаалъя!

Хуучирсан мэдээ: 2020.03.06-нд нийтлэгдсэн

Аюулт коронавирустэй тэмцэж буй ЭГЭЛ БААТРУУДАА хамгаалъя!

2019 оны 12 дугаар сараас эхлэн шинэ коронавирусийн цар тахал дэлхий дахинаа хуурай өвсөнд тавьсан гал мэт тархаж, гурван мянга орчим хүний амь насыг авч одон, олон мянган хүн уг вирусийн халдвар авч, хүн төрөлхтнийг айдас түгшүүрт автуулан,  аюулын харанга дэлдэж байна.  Энэхүү цар тахал цаашид хэрхэн, хэдий хугацаанд үргэлжлэх, урьдчилан сэргийлэх вакцин хэзээ гарах нь тодорхойгүй байгаа нь түгшүүрт нөхцөл байдлыг улам даамжруулж байна.

2020 оны 2 дугаар сарын 28-ны 12:00 цагийн байдлаар дэлхийн 51 улсад (олон улсын 1 усан онгоц) нийт 83.379 тохиолдол бүртгэгдэж, 2858 хүн нас бараад байна.

Манай улсын хувьд, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх эрс зоримог арга хэмжээг шийдвэр гаргагчид цаг алдалгүй, оновчтой хэрэгжүүлэн улс орноо, ард иргэдээ хамгаалж буй нь олон улсад үлгэр жишээ болон сайшаагдаж байна.

Иргэд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд төрийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлж, аюулт вирустэй фронтын тэргүүн эгнээнд тэмцэж байгаа төрийн жинхэнэ албан хаагчиддаа талархан баярлаж, бахархаж байна.  Халдвар тархаж буй улс орнуудын нөхцөл байдал, статистик мэдээг судлахад, халдварт өртөгсөдтэй шууд нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын албан хаагчид уг вирусийн халдвар авах тохиолдол, эрсдэл их байгаа нь харагдаж байна.  Иймд, энэхүү хүнд цаг үед ард иргэдээ хамгаалах чиг үүргийг нэр төртэйгөөр биелүүлж байгаа Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, мэргэжилтнүүдээ дэмжих, урам зориг өгөх, тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хамгаалах хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэх, сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор “Эгэл Баатруудаа хамгаалъя!” цахим хандивын аяныг shoppy.mn санаачилсныг Монголын ард түмэн, компани, байгууллагууд талархан дэмжиж, харамгүй сэтгэлээр хандив өгч эхэллээ.

“Эгэл Баатруудаа хамгаалъя!” цахим хандивын аян shoppy.mn цахим худалдааны платформ дээр суурилан хэрэгжиж байгаа бөгөөд хандивын аян бүхэлдээ шилэн буюу хандив өргөгчийн хандивын дүн, нийт хандивлагчдын тоо, нийт хандивын дүнг нийтэд ил тунгалаг, цахимаар шууд мэдээлж байгаа юм.

Цахим хандивын аяныг Монголын тэргүүлэгч компаниуд дэмжин оролцох бөгөөд хандив өргөх хэсгийг технологийн компаниуд өөрийн аппликейшнд байршуулах, сошиал хуудсаараа болон бусад сувгаар ард иргэд, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад уриалах, хандив өргөх зэргээр дэмжин ажиллах юм.

“Эгэл Баатруудаа хамгаалъя!” цахим хандивын аян 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд цугласан хандивыг Улсын онцгой комисст гардуулан өгөх болно.

Монгол түмний эв нэгдэл, итгэл сэтгэл, нягтралыг өөрсдөдөө болон дэлхийн бусад улсуудад нотлон харуулах, аюулт өвчнийг хазаарлан зогсоож болдгийг тунхаглах чухал ноцтой цаг мөчид бид тулаад байна.  Энэ хүнд сорилтыг бид Монгол хүний саруул ухаан, өгөөмөр харамгүй сэтгэлээр, гар гараасаа барин, халуун зүрхээр, дэм дэмэндээ даван туулахыг уриалж байна!  Энэ үйлсэд та ч гэсэн нэгдэн, дэмжинэ гэдэгт бид итгэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!  Аюулт цар тахалтай тэргүүн фронтод тулалдаж буй эгэл баатрууд минь энх тунх, эрүүл саруул байх болтугай!  Тэнгэр тэтгэж, муу бүхэн холуур өнгөрөг!

Хандив өргөх холбоос: https://shoppy.mn/products/frontheroes

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж