Зүрхний эмгэгтэй 100-150 хүн сардаа хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Зүрхний эмгэгтэй 100-150 хүн сардаа хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо

Зүрхний эмгэгтэй 100-150 хүн сардаа хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо

Монгол Улсад зүрх судасны өвчнөөр жилд дунджаар 5600 орчим хүн нас бардаг байна. Энэ нь өдөрт дунджаар 15 хүн энэ өвчний улмаас амь насаа алдаж байна гэсэн үг. Нас баралтын зонхилох өвчний тэргүүн эгнээнд эрчимтэй бичигдэх болсон зүрх судасны тогтолцооны өвчлөлтэй тэмцэхэд нэг алхмаар ойртсон үйл явдал эрүүл мэндийн салбарт өнөөдөр тохиолоо. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” шинээр байгуулагдаж нээлтээ хийв.

Дэлхийн жишиг стандартад 700-800 мянган хүн тутамд зүрх судасны эмгэгт эмчилгээ, тусгай үйлчилгээ үзүүлэх нэг нэгж байх ёстой гэж үздэг боловч манай 1,5 сая хүн ам төвлөрөн суурьшсан нийслэл хотын маань хувьд улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс зэрэг эмчилгээ  хийж ажилладаг байсан аж.

Өнөөдөр “Зүрхний шигдээсийн нэгж” шинээр үүсгэн байгуулагдсанаар улсын хэмжээнд дахин нэг нэгж үйл ажиллагаагаа эхлүүлж, гуравдугаар эмнэлгийн тухайн тасгийн ачааллаас хамтдаа үүрэлцэж, иргэдэд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, зүрхний титэм судсан доогуурх эмчилгээний тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх боломж нээгдэж байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр УОК-ын дарга Ө. Энхтүвшин хүрэлцэн ирж, шинээр байгуулагдаж буй эрчимт эмчилгээний нэг болон хоёрдугаар тасагтай танилцаж, үйл ажиллагаа, түүнд дутагдалтай зүйлсийн талаар эмнэлгийн ажилчид, алба хаагчидтай санал солилцсон юм.

Тэрбээр онцгой нөхцөл байдлын үед ард түмний улсдаа хандивласан тусламжаас тус тасагт дутагдалтай байгаа 120 сая төгрөгийн өртөг бүхий амьсгалын аппарат хоёр ширхэгийг авах 240 сая төгрөгийг өгөх, түүнчлэн  Дархан-Уул аймгийн залуусын хандивласан 30 орноос 20 ширхэгийг тус тасагт өгч буй баярт мэдээг дуулгав.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг аппарат, тоног төхөөрөмжийн дутагдлаа дотоод нөөцөөсөө шийдэж иржээ. Иймд дээрх шийдвэр нүдээ олсон болохыг нээлтийн үеэр эмч ажилчид хэлж байлаа.


АЛИВАА ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ҮР УДМАА ХАМГААЛААРАЙ

Зүрхний шигдээс өвчин болон шинээр нээгдэж буй нэгж тасгийн  талаар УТНЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Х.Батмягмараас тодрууллаа.

-Юуны өмнө шинэ тасгаа хүлээн авч нээлтээ хийж байгаад халуун баяр хүргэе. Танай тасаг өмнө нь хир хэмжээний хүчин чадалтайгаар, тусгай ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байв?

-Баярлалаа. Өмнө нь манай тасаг 30 ортойгоор эмчлүүлэгсдэд хэвтэн эмчлүүлэх боломж олгодог байсан бол шинээр 10 ор нэмэгдэж, 40 ортойгоор үйл ажиллагаа явуулах болсон. Өмнө нь уг тасаг ганц эм, эмийн аргаар эмчилгээ үйлчилгээ явуулдаг байсан.

-Тасгийн харьяа шинэ нэгж байгуулагдсанаар шинээр ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа вэ?

-Зүрхний эмгэгийн тусламж үйлчилгээ гэдэг бол хэд хоног эмийн эмчилгээ хийлгэхдээ гол биш. Зүрхний эмнэлгийн тусламж үйлчилгээний үндсэн арга нь судсан дотуурх мэс засал, нээлттэй мэс заслууд юм. Бид өмнө нь эм, эмийн аргаар хэвтэн үйлчлүүлэгсдэдээ тусалж чадахаар байсан бол харин одоо мэс засал хийх боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Сардаа 100-150 хүн хэвтэн үйлчлүүлэх боломжтой болж байна.

-Зүрхний шигдээс өвчин ямар эрсдэлтэй талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Зүрхний шигдээс өвчнийг зүрхийг цусаар хангагч титэм судас бөглөрснөөс зүрхний булчин гэмтэж үхжил үүсэх эмгэг гэж үздэг. Зүрхний булчин нь шигдээс болсон судаснаас хамааран үхэждэг. Тухайн үхжилт нь зүрх гэнэт зогсох хүндрэлийг нэмэгдүүлж, нас барах хүртэл эрсдэлтэй. Мөн зүрхний дутагдал даамжрах нөхцлийг бүрдүүлдэг. Зүрхний дутагдал болсон тохиолдолд амьдрах чадварыг бууруулж, амьд байх хугацааг төдийчинээгээр багасгана гэсэн үг.

-Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд эрт оношлогоо чухал. Зүрх судасны өвчлөлийн эрт оношлогоонд хамрагдахын тулд ямар шинжилгээ өгөх вэ?

-Ялангуяа 40-өөс дээш насны эрчүүд өөрийн биеийн жин хэвийн байгаа эсэх, тамхи татдаг бол өөрийн бие махбодын дотоод хүчин зүйл, хавсарсан өвчин бий эсэхэд анхаарч, хяналт тавьж эхлэх хэрэгтэй. Учир нь тэдгээр хүчин зүйлс нь зүрх судасны өвчин тусах суурь шалтгаан болдог. Харин эмэгтэйчүүд бол 50-аас дээш насанд зүрх судасны өвчнийг анхаарч урьдчилан сэргийлэх шаардлагатай. Яагаад гэвэл эмэгтэй хүн байгалиас эмэгтэйчүүдийн цэвэршилт үүсч дууссаны дараа үеэс эхлэн зүрх судасны эмгэгт өртөх эрсдэл нэмэгддэг. Үүн дээр нэмээд өвчнийг илрүүлэх боломжтой шинжилгээ нь зүрхний цахилгаан бичлэг, мөн зүрхний өөх тосны үзүүлэлт. Хамгийн энгийн арга бол даралтын аппарат ашиглаж, өөрсдийгөө хянах явдал юм.

Зүрх судасны өвчнөөр 40-өөс дээш насныхан өвчилдөг гэх ерөнхий ойлголтыг зүрхний шигдээсээр өвчилсөн залуу үеийнхний тохиолдлууд няцаах болов уу. Зүрхний шигдээс үүсэх үндсэн шалтгааныг насжилттай холбож тайлбарладаг. Энэ нь хотжилт, мөн тухайн хүний удамшлын байдал, буруу хэв маягтай холбоотой болохыг эмч нар онцолж байв. Та аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд одооноос урьдчилан сэргийлэх алхмуудыг хийж, амьдралын зөв хэвшлийг дадал зуршил болгож, өөрийгөө болон үр удмаа хамгаалаарай.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж