Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ. Нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ. Мөн хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулж хуурайшилт ихэсдэг тул гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүллээ.
Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцорын хэмжээ 80 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 70 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн удирдлагууд зохион байгуулалттай арга хэмжээг авч ажиллаж байгаа. Шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газрын 200 гаруй алба хаагчид эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой зөрчил илрээгүй, шалган нэвтрүүлэх товчоодод коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн онцоллоо.
Тэрбээр “Хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш шалган нэвтрүүлэх товчоодод 30636 тээврийн хэрэгсэл, 90999 иргэн гарч, 47956 тээврийн хэрэгсэл, 156547 иргэн нийслэл хотод нэвтэрсэн мэдээлэл байна. Иргэдийн зүгээс мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагад хүлээцтэй хандаж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байгаад талархаж байна” гэв.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн 6000 гаруй алба хаагчид зөвлөмж мэдээ хүргэж ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж байгаад талархаж байна. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд зөвлөмж мэдээллийг дагаж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна” хэмээн хэллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ