Дэлхий нийтээр бараг л цар тахлын хэмжээнд хүрээд буй шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” халдвартай чадах чинээгээрээ тэмцэж байна. Хятадын эх газраас гадна коронавирусийн халдвар хамгийн хурдан тархаж буй улс орон бол Өмнөд Солонгос улс юм. Тус улсад өдгөө халдвар авсан хүний тоо 6000 дөхөөд байгаа юм. Ийнхүү сар гаруйн хугацаанд “covid-19” халдвар тархах болсон үндсэн шалтгаан нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг Христийн шашны “Шинчонжи” сүмтэй холбоотой. Энэ удаагийн “Хүмүүс” буландаа бид тус сүмийг үүсгэн байгуулагч И Ман Хиг онцолж байна.
СОЛОНГОСЫН ДАЙНААС “ДАХИН ТӨРСӨН ЕСҮС” ХҮРТЭЛ
Өдгөө 89 настай тэрбээр 1931 оны есдүгээр сарын 15-нд Өмнөд Солонгосын Хойд Гёнсан мужийн Кёнсан хотод ядуу тариачны гэр бүлд мэндэлжээ. 1950-иад онд буюу Солонгосын дайнд гар бие оролцож явсан аж. Хувийн амьдрал, хувь хүнийх нь талаар мэдээлэл тун хомс бөгөөд маш нууцлаг амьдардаг тэрбээр 1984 онд сүмээ байгуулжээ. Түүнийг бага байхад өвөө нь Христийн номлолын талаар түүнд ярьж өгдөг байсан талаар тэр нэгэн удаа дурсаж байсан аж.
“Шинчонжи” сүм нь өдгөө тус улсын Христийн шашны хамгийн том байгууллагуудын нэг. Уг сүм 2014 оноос хилийн чанадад нөлөөгөө тэлж, одоо дэлхийн 30 гаруй оронд салбартай, 230,000 орчим гишүүнтэй юм байна. АНУ-аас эхлээд Зүүн өмнөд Азийн орнуудад энэ сүмийн салбар бий.
Өөрийгөө хүн төрөлхтнийг аврахаар дахин мэндэлсэн Есүс Христ гэж нэрлэдэг И Ман Хи “Манай урсгал л цорын ганц үнэн. Дэлхий сөнөх үед биднийг дагаж, итгэсэн хүмүүс бурхны ивээлд багтаж амьд үлдээд, шинэ тэнгэр газрыг байгуулан амьдарна” хэмээн номлодог байна.
Шинчонжи сүмийг 400 орчим сая долларын хөрөнгөтэй гэж үздэг ба И Ман Хигийн хөрөнгө жилд 1-5 сая ам.долларын хооронд хэлбэлздэг аж. Мөн тэрбээр өөрийнхөө номлолыг заах зорилгоор сүмийнхээ харьяа сургалтын төв байгуулсан ба энэ газарт итгэгчид Шинчонжи номлолын бага, дунд, дээд шатны үе шатлалыг заах зургаан сарын сургалтад суусны дараа шалгалт өгч төгсдөг байна. Одоогоор төгсөгчдийнх нь тоо 100,000 гаруй болсон аж. Мөн түүний номлолд бүрэн автсан хүн өөрийн гэр бүл, ах дүүс, үр хүүхдээ орхиж, олсон бүх хөрөнгө мөнгөө сүмдээ өргөхөд бэлэн болдог хэмээн өмнө нь уг сүмд явж байгаад гарсан хүмүүс ярьдаг байна. Сүмийн хохирогчдын нэгдэл бий болж, олон удаа шүүхэд хандсан боловч БНСУ өнөөг хүртэл энэ шашны үйл ажиллагааг хориглоогүй байна.
Тэрбээр 89 наслахдаа албан ёсоор хэн нэгэнтэй гэрлэж, үр хүүхэдтэй болж байгаагүй аж. 2002 онд тэр өөрийн сүмийн гишүүн Ким Нам Хи гэгч нөхөртэй, хоёр хүүхдийн ээж бүсгүйтэй албан бусаар гэрлэж байжээ. Нэгэн үе “Шинчонжи” сүмийн хоёр дахь том албан тушаалтан, И Ман Хигийн залгамжлагч хэмээгдэж байсан Ким Нам Хи өдгөө Дэлхийн Эмэгтэйчүүдийн Энхтайвны Бүлгэм гэх байгууллагын тэргүүн болжээ. Тэрбээр 2017 онд И Ман Хигаас өмчийн маргааны улмаас салбан бөгөөд түүний талаар маш олон сөрөг мэдээллүүдийг олонд дэлгэж байсан юм.
Ким Нам Хиг “Шинчонжи” сүмд явдаг байхад И Ман Хи “Би чамайг энд ирэхийг чинь мэдэж байсан. Зүүдэндээ харсан. Чи бид хоёр хамтдаа маш том зүйлийг бүтээхээр заяагдсан хүмүүс. Хоёулаа гэрлэх хэрэгтэй. Ингэхгүй бол чиний нөхөр хүүхэд чинь үхэж, там руу явах болно” гэж хэлээд, өөртэйгөө гэрлэхийг ятгаж байсан гэж Ким Нам Хи ярьсан байдаг. Мөн тэр И Ман Хиг “Би түүнийг маш сайн мэднэ. Тэр бол мөнгөнөөс өөр зүйл боддоггүй луйварчин” хэмээн олонд зарлаж байжээ.
ШИНЧОНЖИ БА КОРОНАВИРУС
Тус сүмийн итгэгч, Өмнөд Солонгосын 31 дэх халдвар тээгч эмэгтэй анх халдвар авснаа мэдэлгүй, шинжилгээ өгөхөөс татгалзан маш олон хүнд халдвар тараасан юм. Тус улсад бүртгэгдээд буй 5700 орчим халдвар тээгчийн дийлэнх хувийг “Шинчонжи” сүмийн гишүүд эзэлж байна. Үүнээс үүдэн тус сүмийн үйл ажиллагааг шалгаж эхлэхэд тус сүмийн гишүүд коронавирусийн голомт болсон Хятадын Ухань хотод ч мөн үйл ажиллагаа явуулдаг байсан төдийгүй халдварын оргил үеэр тус хотоос хэдэн арван гишүүд эх орондоо халдвар тээн ирсэн байх магадлалтай болсон юм. Ингээд эрх баригчил сүмийн удирдлагуудаас гишүүдийнхээ талаар мэдээллийг өгөхийг шаардахад “Шинчонжи” сүмийн удирдлагууд Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж, баримт бичгүүдийг өгөхөөс татгалзаж, өгсөн зарим мэдээллүүд нь зөрчилдөөнтэй, тоо баримтын зөрүүтэй байснаас халдвар ингэж хурдтай тарах шалтгаан болсон.
Тус улсын эрх баригчид “Шинчонжи” сүмийг үндэслэгч Ли Ман Хи болон бусад удирдлагуудыг олон нийтийн эрүүл мэндэд заналхийлсэн, Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутган шүүхэд хандсан юм. Ингэснээр тус сүмийн удирдагч Ли Ман Хи олны анхаарлын төвд орсон билээ. Тэрбээр өөрийг нь хэрэгт буруутгасны дараа олны өмнө гарч, хэвлэлийн хурал зарлан олон нийтээс болон эрх баригчдаас нөхцөл байдлыг хүндрүүлсэндээ өвдөг сөгдөн хүлцэл өчөөд санаатай явдал байгаагүй гэдгийг ч онцолсон юм.
Иргэдээс өвдөг сөгдөн хүлцэл өчих үеэр түүний зүүсэн цаг хэвлэлийнхэн болон олон нийтийн нүдэнд тусав. Энэ цаг нь экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн нэрийг сийлж, Ерөнхийлөгчийн бэлгэддэг хоёр ширхэг галт шувууны дүрс байсан нь Пак Гын Хэ-гийн төр барьж байх үед гаргасан "Ерөнхийлөгчийн дурсгалын цаг"-тай яг адил байв. Ийм цагийг Ерөнхийлөгчийн арга хэмжээнд уригдсан зочдод бэлэглэх зорилгоор хийлгэж байжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хуучин бараа зардаг онлайн сайтад энэ цагийг 490,000 воноор зарахаар тавьж байсан юм. И Ман Хи яагаад ч юм тэр цагийг зориуд хэвлэлийнхэнд харуулах гэсэн мэт бугуй нь нэлээд гарсан цамц өмсөж, хоёр ч удаа өвдөг сөгдсөн нь түүнийг экс Ерөнхийлөгч болон түүний намынхантай холбоотой байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлжээ.
Холбоотой мэдээ