М.Энхсайхан МОНГОЛЫГ ХОРЛОХ ХҮН БИШ ЭЭ!

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан МОНГОЛЫГ ХОРЛОХ ХҮН БИШ ЭЭ!

М.Энхсайхан МОНГОЛЫГ ХОРЛОХ ХҮН БИШ ЭЭ!

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.

Түүнийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан гэж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Батбаяр буруутгасан нь юун хошин шог, юун эмгэнэлт драм. Террорист үйл ажиллагаа явуулсан тохиолдолд ийм зүйчлэлтэй. Ингэхэд Монголын прокурорууд хэзээдээ “ногоон малгайтнууд” болоод хувирчихав аа! Ажил хийсэн хүн болгон толгойгоо цусаддаг цаг ирснийг М.Энхсайханд “тохсон” ээлжит нэгэн хэргээс харчихаж болно.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед М.Энхсайхан Монгол Улсын сайдаар томилогдож, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байсан юм. Гэвч түүний боловсруулсан Тавантолгойг эргэлтэд оруулах төсөл УИХ-ын босгыг давалгүй буцаагдаж, одоо Засгийн газрын архивт тоосонд дарагдаад хэвтэж байна. Хэрэвзээ Г.Батбаяр прокурор хүссэн бол тухайн үед ямар үйл явдал болж байсныг гүүглдээд олоод мэдчих боломжтой байлаа. Ядаж төслийг уншаад ойлгож мэдэхгүй юм аа гэхэд шүү дээ.

Тавантолгой төслийг "Шинхуа", "MCS" хоёрт үнэгүй өгөх гэж байсныг эрийн сайндаа болиулсан мэтээр З.Энхболд ярьдаг. Өнөөдөр ч Тавантолгойг Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх хоёр зарж, барж идэх өнөөх үлгэрээ яриар эхэлжээ. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал Засгийн газрын төвшинд яригдах бүрт З.Энхболд гарч ирдэг, хэн нэгнийг буруутгадаг нь гэм биш ёс боллоо шүү, бүр.

 Хараал идсэн Тавантолгойг З.Энхболд улс төрд байгаа цагт Монголд ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах хүн олдохгүй нь ойлгомжтой болов. 

Тавантолгой хэн нэгний эрх ашгийг хангахгүй бол улс төрөө даахгүй унасаар байх нь. Энэ ордоос хумсын чинээхэн ашгийг нь монголчууддаа тарааснаа баялгийн тэгш хуваарилалт, “бид авч үлдсэнээр танд ЭТТ-ын ногдол ашиг хуваарилж” байна, энэ тэр бол ердөө тархи угаалт. Өнөөдрийнхөөс илүү ашиг хүртэж, ажлын байртай болж, амьдрал дээшлэх боломж монголчуудад байсан.

М.Энхсайханы боловсруулсан 178 хуудас бүхий Тавантолгойн төслийг бичиг үсэг гадарлах хүн  ч уншаад З.Энхболдын хэлээд байгаа “100 жилээр, үнэгүй олгоно” гэсэн үг, өгүүлбэрийг олж чадахгүй.

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруудах үүднээс УИХ-аас 34 дүгээр тогтоолыг гаргасан.  УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Засгийн газар 268 дугаар тогтоолыг баталсан байдаг. Дээрх тогтоолуудад “Тавантолгой орд Монгол Улсын төрийн өмчит байх ёстой”-г хатуу зааж өгсөн. Тиймээс М.Энхсайхан Тавантолгойн төслийг боловсруулахдаа эдгээр тогтоолын төслийг баримталсан гэдгээ хэвлэлд нэг бус удаа онцолсон билээ.

Монголын Засгийн газрын зүгээс, бүр тодруулбал, М.Энхсайханаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн өр зээл, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд аудит оруулж, бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгийг  нь хөрөнгө оруулагчдаас авах,  төмөр замын суурь  бүтцийг 30 жилийн дараа “Эрдэнэс Тавантолгой” компанид үнэгүй шилжүүлэх, Тавантолгой ордыг ашиглахдаа оператор компанийн 51 хувь нь үндэсний компани байх гэсэн шаардлагуудыг хөрөнгө оруулагчдад тавьсан байдаг.

Төслийг нь интернэтээс нэг удаа ч татаад авч уншиж үзээгүй хүмүүс хүртэл “Тавантолгойг хятадуудад өгөх гэж байсан” гээд сүржигнэж, сүгсэлзэх нь олон. Үнэндээ тийм зүйл огтоос байхгүйг М.Энхсайхан төдийгөөс өдий хүртэл тайлбарлаж ирсэн шүү дээ.

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр М.Энхсайханыг Монгол Улсын сайд болохоос өмнө С.Батболдын засгийн үед гарч байсан юм. Тухайн үед энэ ажлыг Тэргүүн шадар сайдаар нь ажиллаж байсан Н.Алтанхуяг хариуцаж байсан билээ. Харамсалтай нь, мөн л улс төрөө даахгүй унасан. Хятад-Орос-Монгол гэсэн хувилбараар Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн С.Батболдын засгийн газрын шийдвэр сонгуультай золгоод дашин шог.

Дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, Тавантолгойн тендерийг дахиад зарлав. Ахиад нөгөө өргөн нарийн царигийн хэрүүл эхэлж, хятад танкаар ард иргэдийн айлгах ажиллагаа амжилттай явагдаж дууссан. Аргаа барахдаа Н.Алтанхуяг урагшаа нарийн царигтай, хойшоо өргөн царигтай төмөр зам тавих тогтоолын төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраар УИХ-д бариулж байх вэ дээ. Зам тээврийн сайд А.Гансүх нь “алга болоод, муриад” байсан учраас тэр юм. Н.Алтанхуягийн Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.доллараас 280 сая ам.долларыг Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. 2015 оноос хойш уг бүтээн байгуулалт таг гацаж, “овоолсон шороон”-ы хойноос явсан, сурагласан болгоныг одоо хэлмэгдүүлэх үйл ажиллагаа ид эхэлж байна. Даажинтай нь Н.Алтанхуягийг заналтайгаар Ерөнхий сайдаас нь огцруулсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга шүү дээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн тендерт ялагчдыг тодруулж, Монголын “MCS”, Хятадын “Шинхуа”, Японы “Сумитома” гэх гурвалсан консерциумтай хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийж  эхэлсэн. Гэвч, үнэхээрийн хэн нэгэн сайн эрийн “шидсэн чулуу”-нд өртөж, шил шиг бутран унасан даа. М.Энхсайхан нэгэнтээ мега төсөл бол шил. Эмзэг бас бутран унах нь элбэг гэж хэлж байсан юм.

М.Энхсайханы боловсруулсан төсөлд Тавантолгой лицензүүд зуун хувь төрийн мэдэлд байхаар тусгасан байсан. Нүүрсний уурхайд нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх,  30 сая тонн нүүрс угаах үйлдвэр барих, бүх татвараа авахаас гадна орлогоосоо 2+% төлбөр төлөх, жил бүр иргэдийн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг тараах зэрэг шаардлагуудыг тавьсан.

Тухайн үеийн тооцооллоор Тавантолгойн төсөл хөдөлсөн бол Монголын эдийн засагт 30 жилийн хугацаанд үзүүлэх үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбум ам.доллараар яригдаж байв. Үүн дээр 12 мянган хүн ажлын байраар хангагдаж, 500 компани ажил орлоготой болно гэж үзвэл төслийн 60-70 хувь нь Монголдоо мөнгө болж шингэж үлдэх байлаа.

Даанч, Монголын “эх оронч”, сайн эрчүүдийн гайгаар ч юм уу гавъяагаар ч юм уу, Тавантолгой төсөл хөдлөхгүй, хөдөлгөх асуудал яригдах бүрт хэн нэгэн сүрхий улстөрчийн хэрүүл зодооны бай болоод "үзвэл үнс, харвал хальс" болоод дуусах шинжтэй.

М.Энхсайхан Х.Баттулга хоёрын хэрүүл их эртний юм. Ямар ч байсан долоон жил үргэлжилж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Монголын төмөр зам”-ын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулгатай муудалцаж, улс төрийн ринг дээр тэд ил тод үзэлцэх болсон билээ. М.Энхсайханд хэлсэн Х.Баттулгын үг нь “Би чамайг танихгүй”. Х.Баттулгад хэлсэн М.Энхсайханы хариу “Би чамаар Монголоо тоглуулахгүй”.

Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг Х.Баттулга өргөн, М.Энхсайхан нарийн царигаар барих ёстой гэж санал зөрөлдсөн нь, өнөөгийн Ерөнхийлөгчийн эртний өс хонзон болж хувирсан биш байгаа. Х.Баттулгын 280 сая ам.доллараар төмөр зам барина гэсэн фактуудыг нь ил болгосон М.Энхсайхан, хэргийг нь шалгах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарт хорсох шалтгаан түүнд байдаг ч биз. Гэвч, Монголын ардчиллаар тоглож болохгүй. М.Энхсайхан лав Монголоор тоглох, Монголыг хорлох хүн биш ээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
190
ТэнэглэлТэнэглэл
66
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж