Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран өнөөдөр (2020.03.05) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд НОБГ-ын Гамшгаас хамгаалах сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн төлөөлөл оролцов.
Дээрх газруудаас коронавирусийн халдварын “хорио цээр”-ийн хугацаанд хяналт шалгалт хийхэд үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон ААН-үүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Мөн нийслэлд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад объектын гал түймрийн дуудлага 39.9 хувиар буурч, эрэн хайх аврах ажиллагааны дуудлага 26.4 хувиар өссөн байна. Нийт гал түймрийн дуудлага 34.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
НОБГ-ын Гамшгаас хамгаалах сэргийлэх хэлтсийн дарга Г. Нэргүй хэлэхдээ “Өнгөрсөн шөнө (2020.03.04)-ийн байдлаар угаарын хийн хордлогын хөнгөн хэлбэрээр 5 өрхийн 19 хүн бүртгэгдэж, эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ авсан. Одоогийн байдлаар хоёр хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” хэмээн мэдээлэв.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал “Улаанбаатар хотод байгаа 15 суурин станцын хэмжилтээр хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 1-ний агаарын чанар PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар, PM 2.5 тоосонцор 70 хувиар буурсан байна” гэж мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар МХЕГ-аас товчоод дээр хийж буй хяналт шалгалт үргэлжилж буй юм байна. Хот руу нэвтрэх, хотоос гарах хөдөлгөөнийг нээснээс хойш шалган нэвтрүүлэх товчоодоор 30636 тээврийн хэрэгсэл, 90947 иргэн нийслэлээс гарчээ. Эдгээр иргэдэд эрүүл мэндийн хуудас тараасан бөгөөд очиж буй газраа хуудсаа бөглөж өгөх ёстой аж.
НМХГ-ын дэд дарга С. Даваасүрэн “Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбогдуулан дэн буудал-310, цанын бааз-1, саун бассейн-92, амралт, жуулчны бааз-46, бялдаржуулах төв, спорт заал-137, сүм хийд-287, биллъярдын газар-48 үйл ажиллагааг зогсоох, мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг 22:00 цагаас хойш ажилллуулахгүй байх мэдэгдлийг 1307 ААН-д хүргүүлжээ. Энэ ажлын хүрээнд шалгалт хийхэд Сонгинохайрхан дүүргийн “Хан чандмань” спорт заал, “Ноён пицца” зэрэг үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа үргэлжлшүүлэн явуулж байсныг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж байгаа аж. Мөн Баянгол дүүрэг дэх “Good Luck” зоогийн газар хуурамч бичиг үйлдэн, үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн таслан зогсоосон” хэмээн мэдээлэв.
Г.ЭНЭБИШ