ЭМЯ-аас мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Wednesday, March 4, 2020
Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр өнөөдөр /2020.03.05/ өглөө Нурсултан-УБ чиглэлийн онгоцоор 27 зорчигч ирж, нэг иргэнийг тусгаарлажээ. Мөн "Туркиш Эйрлайнс"-ын онгоцоор Италиас дамжсан хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Өчигдөр гэр бүлийн гурван иргэн Итали руу зорчсон мэдээллээ нууцалсан төдийгүй нэг нь ажилдаа шууд очсон болохыг камерын тусламжтай илрүүлжээ.
Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 532 тохиолдлыг ажиглалтад авснаас 469 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авсан байна. Нийт 255 сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нэг гэр бүлийн гурван хүн Итали руу зорчсоноо нууж Москвагаар дамжин ирсэн нь иргэн хүний хувьд маш хариуцлагагүй үйлдэл юм” гэлээ.
ТУСГААРЛАГДСАН ИРГЭД АРХИ УУСАН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.АМГАЛАН:
-Засгийн газар УОК-ийн шийдвэрээр гуравдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд хорио цээрийн дэглэм сахиулж ажилласан. Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд эрүүл мэндийн байгууллага, улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээр чармайн ажиллаж байна. Гэвч зарим иргэд хариуцлагагүй, хууль тогтоомжоо сахиж хэрэгжүүлдэггүйгээс болж зөрчил гарч байна. Тусгаарлагдсан иргэдээс зөрчил гаргах болжээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарах шаардлага тавьсан бол онгоцноос буусан иргэн Налайх руу зугтсан зөрчил гарсан гэх мэт олон зөрчил гарч байна. Үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Зөрчил гаргасан иргэдэд дэглэмийн хугацаа дууссан хариу нь сөрөг гарсны дараа хатуу хариуцлага тооцох болно. Италиар дамжсан иргэн бага насны хүүхдээ дагуулан явсан байсан. Италиар дамжсан гэдгээ нуун дарагдуулж байгаа нь төрийн алба хаагчдын ажлыг хүндрүүлж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, гуравдугаар сарын 3-ны дөрвөн тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээ хийж байна. Мөн нийт найман хүнийг эмчийн ажиглалтад аваад байна. Энэ талаар тэрбээр “Дүүргүүдийн эмнэлэгт уушгины халдвараар өвчлөн эмчлүүлж байгаа иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ