Монголчууд тулсан газар малаараа нүүр тахалдгийг 30 000 хониноос харлаа. “Орк”-ууд нь орон улсынхаа нүүр царай болсон баялгийг бүтээж байгаа, бүтээж ч ирсэн, цаашид ч бүтээсээр байх юм байна гэдгийг ойлгох цаг одоо болжээ. Хөдөөгөө зүхээд суудаг хотынхонд хэлэх үг юм даа. Түүхийн бүх л цаг үед монголчууд таван малаа л өмнөө барьж ирлээ.
Дэлхийн хоёрдугаар дайнд оросуудад олон мянган агтаараа тусалсны хариу яаж ирснийг мэдэх үү. Зарим хүн инээж магадгүй. Гэхдээ яах аргагүй монголчуудын өөриймсөг, сэтгэлээсээ хандсан байдал И.Сталинд нөлөөлснийг түүхчид өнөөдөр онцолдог. Түүний шууд, шаргуу оролцоотойгоор хөрш орнуудаасаа эхлээд олон улсад БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн явдал юм. Ингэхээр хүний нийгмийн бүх харилцаа, бүх цаг үед, аль ч түвшиндээ хүн хоорондын эерэг харилцаанаас шалтгаалж сайнтай, муутай явж иржээ.
Дэлхийд нөлөөлсөн том өөрчлөлтүүд ч хүмүүс хоорондын жижиг харилцаанаас шалтгаалж байсан. Тухайлбал, 1959 онд өлсгөлөнд нэрвэгдсэн Хятадад Монголын ард түмэн 5000 үхэр, бусад ХАА-аас гаралтай бүтээгдэхүүнийг тусламж болгон өгсөн түүх бий. Хэсэгтээ хоёр орны харилцаа сайжирч бид тэднээс авахаа авч, хожихоо хожсон. Үнэндээ тухайн үедээ улс төрийн маш том, хожоотой нүүдэл болсныг өнөөдөр түүхчдээс өөр санах сэрэх хүнгүй болж дээ. Тэр үеийн 5000 үхрийг өнөөдөр бог руу шилжүүлэхээр өнөөдрийн 30 000 хонины тоонд яг бариад байгаа тийм сонин давхцал бий.
Нүүдэлчдийн гал голомт дэлхийд ганцхан Монгол Улс боллоо гэж томоохон агентлагууд, судлаачид бичих болсныг, бүр зарлах болсныг манайхан яагаад ярьж, бичихгүй байгаа юм бол. Дэлхийг нөмөрсөн аймшигт өвчний энэ үед монголчуудад одоо юу тус болж байна. Зундуйн Дорж агсны хэлсэн алдарт афоризм болох “Хэл, Хил, Мал” гурав биш үү. Бид хилээ хааж чадсандаа муу муухай бүгдээс өөрсдийгөө авч гараад байна.
Дэлхий биднийг дэлдийтэл харж, гайхширч байна. Дэлхийг айдаст нөмрүүлсэн энэ тахлын тойрог дотор ганцаараа торойтол үлдээд байгаа Монголын гайхамшиг юундаа байгааг мэдэхийг хичээж эхэллээ. Монголын тухай эх хэл дээр нь олж уншихыг хичээж байна. Гуравхан сая хүн мэддэг гэж голдог монгол сайхан хэлийг маань гадныхан сонирхож эхэллээ. Монгол Улсын хилээр хэрхэн нэвтэрч болох тухай, мэдээлэл авахаар гадаад ертөнцөөс зогсоо зайгүй хандаж байна.
Дэлхий чичирч эхэлсэн энэ цаг дор монгол хэл, хил, мал гурав тодрон товойдог юм байна. Ийм цаг үеийг үзэж эхэлдэг л юм байна, монголчууд. Тийм болохоор монголчууд бид өөрт байгаа сайхан бүхнээ авч гараад, гэрэл гэгээ зүг явж чадвал аль ч талаараа дэлхийн дэвжээ ойрхон байна.
Өнөөдрийн өндөрлөгөөс ингээд харахаар “ХЭЛ, ХИЛ, МАЛ гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” гэсэн үгийг Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж зүгээр ч нэг хэлчихээгүй юм байна. Монголын үнэ цэнийг, сайн сайхан бүгдийг энэ гуравхан үгэнд багтааж, багцалж өгснийг дэлхий нийтийн өмнө аюул тулгарахад бид олж харлаа.
Н.БОЛД
Холбоотой мэдээ