"Тусгаарлагдсан хүмүүс таван одтой зочид буудал нэхэж байна"

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

"Тусгаарлагдсан хүмүүс таван одтой зочид буудал нэхэж байна"

"Тусгаарлагдсан хүмүүс таван одтой зочид буудал нэхэж байна"

Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар албан ёсоор бүртгэгдээгүй ч нэгдүгээр сарын 9-нөөс хойш 841 хүнийг ажиглалтад авсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд сэжигтэй гэж үзсэн тохиолдолд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Асралт мед, Жаргалантын ам, Багабаянт, Сэлэнгэ, Дарханд 14 хоног тусгаарлаж байгаа билээ. Сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэдийн эмчилгээний зардал, төлбөрийн асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодрууллаа.


-Сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хүмүүс эмнэлгийн зардлаа төлдөг үү?

-Коронавирусийн сэжигтэй тохиолдлоор эмнэлгийн ажиглалтад 14 хоног тусгаарлагдсан иргэдээс эмчилгээний зардлын төлбөр төлсөн хүн байхгүй. Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш хоёр сар гаруйн хугацаанд 841 хүнийг ажиглалтад авч, тодорхой хэмжээгээр тусгаарлах арга хэмжээ авсан. Тусгаарлагдаж буй хүмүүсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын асуудлыг одоогоор Эрүүл мэндийн даатгал, халамжийн мөнгөнөөс гаргах боломж байна уу гэдгийг хуульд нийцүүлэн судлах чиглэлийг Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яаманд чиглэл өгсөн. Энэ асуудалд гарц олохоор бид судалж байна. Хэрэв ямар нэгэн гарц байхгүй тохиолдолд иргэдэд тодорхой хэмжээний санхүүгийн төлбөр ногдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар эмнэлгийн төлбөр, зардлын асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Бидний зүгээс иргэдэд халдвар гарсан бүс нутаг руу зорчихгүй байхыг сэрэмжлүүлсээр ирсэн ч гадаадын улс орнуудаар зорчих тохиолдол гарсаар байна. Иргэдийн зарим нь халдвар гарсан улс орноор зорчоогүй гэдгийг хэлж байгаа ч Япон-Турк-Тайланд зэрэг маш олон орноор дамжсан байдаг. Тиймээс бид эрсдэлээ тооцож иргэдийг хилээр нэвтрэх үед халууныг нь хэмжих зэрэг шат дараалсан арга хэмжээг авч байна.

-Халдвар бүртгэгдсэн улс орнууд руу зорчихгүй байхыг иргэдэд анхааруулсаар байгаа ч зорчих тохиолдол гарсаар байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн?

-Бидний зүгээс коронавирусийн халдварын талаар нэгдүгээр сарын 6-ны өдрөөс мэдээ авснаас хойш иргэдэд гадны улс орнууд руу аль болох зорчихгүй байхыг сэрэмжлүүлсээр ирсэн. Халдвар гарсан БНХАУ, БНСУ, Япон руу зорчихгүй байхыг анхааруулсаар байтал тухайн бүс нутаг руу зорчих, эргээд хил нэвтрэх, өөр улс руу дамжих тохиолдол гарч байна.

-Тусгаарлах байр, эмчилгээний зардалд хэчнээн төгрөг зарцуулаад байна?

Ерөнхийдөө эмнэлгийн зардал, хоол хүнс бүхий л зүйлд өөрчлөлт орж байгаа юм. Бидний зүгээс урьдчилсан байдлаар тооцооллыг гаргаж байгаа ч бодит зардлын тооцоо тодорхойгүй байна. Коронавирусийн сэжигтэй тохиолдол, халдвартай хүнд тусламж үйлчилгээ үзүүлэхээр ХӨСҮТ-д 200 ор бэлэн болсон, Улсын хоёрдугаар эмнэлгийн үйл ажиллагааг чөлөөлж 250 ор гаргаж, бусад эмнэлэг рүү үйлчилгээг нь шилжүүлснээр бусад эмнэлгүүдийн ачаалал ихэсч байна. Мөн Цэргийн төв эмнэлэг 570 орноос 120 орыг чөлөөлж, тус эмнэлгийн үйлчилгээ бусад эмнэлгүүд рүү шилжиж байна гэхээр тус эмнэлгийн санхүүжилтэд эрс нөлөөлж байна гэсэн үг. Дээр нь Асралт Мед, Энх саран амралтын сувилал зэрэг хувийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг чөлөөлж, тусгаарлах байр болгож байна. Гэтэл эдгээр хувийн байгууллагуудын үйл ажиллагаагаа зогсооно гэдэг санхүүд нь асар их нөлөөлж байна. Бид өөрсдийн боломж бололцоонд тулгуурлаж аж ахуйн нэгжүүдийн байрыг чөлөөлөх, эмнэлгүүдэд ор гаргах байдлаар тусгаарлах байр гаргаж байна. Энэ бүх эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Засгийн газрын нөөц сангаас 10 гаруй тэрбумыг гаргаад байна шүү дээ. Гэтэл иргэдийн зарим нь эмч мэргэжилтнүүдийг доромжилж, цонх хагалж, шүүмжилж байна ингэж болохгүй. Бид хүн амьдарч болохооргүй газарт иргэдийг тусгаарлаагүй, амралт үйлчилгээ, сувилал, эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулж байсан байгууллагад хүмүүстээ үйлчилж байгаа тул иргэд бухимдаж шүүмжлэхээсээ илүүтэй хүлээцтэй хандах хэрэгтэй.

Эмчийн хяналтад орж буй хүмүүсийн зарим нь шинжилгээ өгөхгүй гэж дургүйцлээ илэрхийлсэн гэсэн. Ийм тохиолдолд яах вэ?

-Эрүүл мэндийн тухай хуулиар иргэний хариуцах үүрэгт халдварт өвчний үед үзлэг шинжилгээнд өөрийнхөө хүсэлтээр орох, эрүүл мэндийн байгууллагын тавьсан шаардлагаар үзлэг шинжилгээнд орох ёстой. Мөн эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйлдэл хийж болохгүй. Гэтэл тусгаарлагдаж буй хүмүүс дунд  халуунаа хэмжүүлэхгүй гэж бөөнөөрөө гарын үсэг зурж, тусгаарлах байр таалагдсангүй гэж шүүмжлэн зочид буудалд байрлуулахыг шаардах, 14 хоног солих дотуур хувцсаар хангаж өгөх зэрэг тохиолдлууд байна. Харин гадны иргэдийн хувьд ямар нэгэн гомдол нэг ч гаргаагүй. Манай зарим иргэдийн хувьд эх орондоо ирэхээрээ эрхлэх хандлага гаргаж байна. Эх орондоо ирсэн бол  төрөө хүндлэх хэрэгтэй.

-Тусгаарлагдаж буй нэг хүнд дунджаар 100 мянган төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэх мэдээлэл байна. Ийм судалгаа гарсан уу?

-Бид иргэдэд ачаалал үүсгэхгүй байх талаас бүхий л боломжит нөхцөл байдлыг судалж  байна. Гэхдээ иргэд эх оронтой гэдгээ мэдрээд, гадаадын улс орнуудаас ирж байгаа нь сайн боловч өөрсдийн хариуцлагаа ухамсарлаасай гэдгийг хэлмээр байгаа юм. Одоогоор нэг хүнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг эцэслэн шийдээгүй. Урьдчилсан тооцооллоор дунджаар ерөнхий эмчилгээний зардалд хөнгөн өвдсөн хүнд 50-100 мянган төгрөг зарцуулж байна. Хүнд өвчтөний  эмчилгээний зардал 200 мянган төгрөгөөс илүү гарч байгаа юм.

-Гадны улс орнуудаас ирж, тусгаарлагдаж байгаа хүмүүсийн хувьд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байдаг уу. Сэжигтэй тохиолдлоор эмнэлгийн хяналтад орж буй хүмүүс  эрүүл мэндийн даатгалтай юу. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Эмнэлгийн ажиглаглалтад орж, тусгаарлагдсан хүмүүс бүгд эрүүл мэндийн даатгалаа төлсөн гэвэл асуудалтай. Гадаадад маш олон жил ажиллаж амьдарсан хүмүүсийн хувьд эрүүл мэндийн даатгал төлөөгүй, иргэний үнэмлэхгүй болсон иргэд ч байна. Судалгаа, тооцооллыг нь гаргахад амархан. Хамгийн гол нь эмнэлгийн тусламжийн зардлыг Эрүүл мэндийн даатгал, халамжийн сангаас санхүүжүүлж болох эсэхийг бусад хуулиудтай нийцүүлэхээр бүх яамд ажиллаж байна. Бид хуулийн хүрээнд ажиллана. Гэтэл эх орондоо ирчихээд л биднээс зочид буудал нэхэх нь ёсзүйгүй юм.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэд бүх зардлаа өөрсдөө гаргавал эм, эмнэлгийн хэрэгсэл авах, бусад зардлыг шийдвэрлэх боломж бүрдэх үү?

-Тусгаарлах байранд хоног эмнэлгийн үйлчилгээ аваад  гарсан хүмүүсийн дараа, дараагийн ээлжний хүмүүсийн хоол хүнсийг хангах ажлыг хийх хэрэгтэй байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй хүмүүс эмчилгээний төлбөрөө төлөх нь иргэний хариуцлага. Хэдийгээр бидний ажлыг ойлгож дэмжиж туслаж буй хүмүүс их байгаа ч тусгаарлагдаж буй хүмүүсийн нэг нь ч эмнэлгийн зардал, төлбөр төлөөгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж