Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Дэлхий даяар тус халдвараар 95184 хүн халдварласнаас 3254 нь нас барж, эдгэсэн хүний тоо 51449 болжээ.
“Covid-19” дэгдэлтийн тохиолдлоор БНХАУ тэргүүлж буй бол БНСУ, Иран, Италид хурдацтай нэмэгдсээр байна. Өнгөрсөн Лхагва гариг (2020.03.04)-ийн байдлаар БНХАУ-д “Covid-19”-өөр халдварласан хүний тоо 80 мянга гарч, 3000 гаруй хүн нас барж, 50 мянган хүн эдгэж, 6400 гаруй хүн маш хүнд байдалтай байгаа ажээ.
“Worldometers”-т мэдээлснээр, коронавирусийн халдварын улмаас нас барагсдын 21.9 хувийг 80-аас дээш насны, 8 хувийг 70-79 насны, 3.6 хувийг 60-69 насны, 1.3 хувийг 50-59 насны, 0.4 хувийг 40-49 насны, 0.2 хувийг 30-39 насны, 0.2 хувийг 20-29 насны, 0.2 хувийг 10-19 насны хүмүүс тус тус эзэлж буй бөгөөд 0-9 насны хүүхдийн нас баралт бүртгэгдээгүй байна.
BBC агентлагийн мэдээлснээр, коронавирусийн халдварын улмаас нас барсан анхны тохиолдол Испани, Польшид бүртгэгдээд буй юм.
ИТАЛИ БҮХ СУРГУУЛИА ХААЛАА
Италийн эрх баригчид коронавирусийн халдварын улмаас гуравдугаар сарыг дуустал бүх сургууль, их дээд сургуулиа хаасан талаар ANSА мэдээлэв. “La Repubblica”-д мэдээлснээр, энэхүү шийдвэр гуравдугаар сарын 5-наас хэрэгжиж эхлэх юм байна.
Өнөөдрийн байдлаар Италид 2000 гаруй хүн халдвараар өвчилж, 79 хүн нас бараад буй юм.
Түүнчлэн тус улсын эрх баригчид эрчимт эмчилгээний тасгийн тоог 50 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Уушгины хатгалгаа, халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо 100 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Ойрын хугацаанд Италийн засгийн газар гуравдугаар сарын 8-нд болох баяр ёслолын жагсаал, спортын арга хэмжээ зэргийг зохион байгуулахыг хориглох эсэхийг шийдэх юм байна.
ХОНГКОНГОД НОХОЙ НЬ ЭЗНЭЭСЭЭ ХАЛДВАР АВЧЭЭ
Хонгконгод шинэ төрлийн коронавирусийн халдвартай өвчтөний гэрийн тэжээвэр нохой уг өвчнөөр халдварласан болох нь тогтоогдож, “Covid 19” хүнээс амьтанд дамжин халдварлах магадлалтайг баталсан байна.
Хонгконгийн Хөдөө аж ахуй, Загасны аж ахуй, Байгаль хамгаалах газар (AFCD)-аас Лхагва гаригт померани үүлдрийн нохойд давтан шинжилгээ хийсэн бөгөөд "халдварын түвшин бага байна" гэж мэдэгджээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нохойны эзэн нь Ивонн Чоу Хау Юй хэмээх бизнес эрхэлдэг эмэгтэй юм байна. AFP нохойны эзэн 60 настай болохыг мэдээлжээ.
Нохойг өнгөрсөн Лхагва гаригт эмнэлгийн тусгаарлах тасагт байрлуулсан бөгөөд Жухай-Макао гүүрний ойролцоо байрладаг хорио цээрийн дэглэм бүхий байгууламжид буй цорын ганц нохой юм. Нохойг тус төвд вирусээс бүрэн ангижрах хүртэл 14 хоног тусгаарлаж, давтан шинжилгээ хийх ажээ.
ИРАН 54 МЯНГАН ХОРИГДЛЫГ СУЛЛАВ
Ираны парламентын 290 депутатын 23-аас нь коронавирусийн халдвар илэрчээ. Өнгөрсөн Даваа гариг (2020.03.02)-т Ираны дээд удирдагчийн зөвлөлийн гишүүн, 71 настай Мохаммад Мирмохаммади коронавирусний улмаас нас барсан юм.
Коронавирусийн тархалт газар авахаас сэргийлэх зорилгоор Иран улс хоригдол олонтой шоронгуудаас 54 мянган хоригдлыг түр хугацаанд суллажээ. Тус улсын шүүхийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, зөвхөн “Covid-19” илрээгүй, барьцаагаа төлсөн хоригдлуудыг сулласан байна.
Харин онц аюултай гэмт хэрэг үйлдсэн, 5-аас дээш жил хоригдох ялтай хүмүүст энэ арга хэмжээ хамаарахгүй аж. Суллагдах хоригдлуудад Иран гаралтай Их Британийн иргэн Назанин Загхари-Рэтклифф багтаж магадгүй байна. Тэрбээр Иранд байгаа охин дээрээ очсоныхоо дараа тагнуул хийсэн хэмээн буруутгагдаж, 2006 онд 5 жилийн ял авсан юм.
Буяны байгууллагын ажилтан Назанин Загхари-Рэтклифф өөрийгөө гэм буруугүй гэж үздэг бөгөөд түүнийг нь ч Их Британийн Засгийн газар мөн дэмждэг байна. Түүнд чөлөө олгож магадгүй байгаа тухай Их Британийн парламентын депутат Тулип Сиддик “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
ДЭЛХИЙН ТОМООХОН БАНКУУД БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛНА
Өнгөрсөн Мягмар гариг (2020.03.03)-т “Их 7” бүлгийн гишүүн орнуудын Төв банкны тэргүүнүүд болон Сангийн сайд нар утсаар зөвлөгөөн хийж, коронавирусийн аюулаас улс орныхоо эдийн засгийг хамгаалах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Үүнтэй холбоотойгоор Канадын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулах магадлал 75 хувьтай байгаа бол Европын Төв банк гуравдугаар сарын 12-нд бодлогын хүүгээ бууруулах магадлал 90 хувьтай байгаа аж.
Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Холбооны нөөцийн сан эдийн засагт түлхэц өгөх зорилгоор бодлогын хүүгээ 50 базис пунктээр бууруулж, 1-1.25 хувь болгожээ. Холбооны нөөцийн сан мэдэгдэлдээ "АНУ-ын эдийн засаг хүчтэй хэвээр байгаа ч коронавирустэй холбоотойгоор эрсдэл үүсэх магадлал нэмэгдэж байна" хэмээн дурдсан байна.
АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэлл “Вирус болон түүний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нь тодорхой хугацаанд энд төдийгүй бусад улсын эдийн засгийн идэвхтэй байдалд нөлөө үзүүлэх болно. Бүх асуултад хариулт бий гэж бид үзэхгүй байгаа хэдий ч ийм арга хэмжээ авсан нь эдийн засгийг сэргээж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.
БНХАУ: ХАЛДВАР ДАХИН ХИЛИЙН ЧАНАДААС ДЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ
БНХАУ гадаадын иргэдэд зориулсан хөл хорио тогтоох арга хэмжээ авсан. Тус улсын эрх баригчид “Covid-19” дэгдэлтийн улмаас хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэрэгжиж дууссаны дараа халдвар дахин хилийн чанадаас дэгдэж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж.
“Covid-19” дэлхий даяар дэгдэж эхэлсний дараа хилээ хаасан БНАСАУ-аас явах хүсэлтэй байгаа гадаадын дипломатуудыг Владивосток руу явахыг зөвшөөрчээ.
Хөл хорионоос гарч буй гадаадын иргэдийн дунд хэдэн дипломат байгаа нь тодорхойгүй байгаа аж. Японы “Кyodo” агентлаг “БНАСАУ-аас явахыг хүсэж байгаа дипломатуудыг Умард Солонгосын “Air Koryo” компанийн тусгай нислэгээр Владивостокт хүргэнэ” гэж мэдээлжээ.
“SUN PRINCESS” ХӨЛӨГ ОНГОЦЫГ БООМТОД НЭВТРЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЖЭЭ
Францын “Реюньон” аралд нутгийн оршин суугчид 2000 зорчигч сууж явсан “Sun Princess” хөлөг онгоцыг боомтод нэвтрэхийг эсэргүүцжээ. Коронавирусийн улмаас Японы Ёкохама хотын боомтод гурван долоо хоног орчим хөл хорионд байсан "Даймонд принцесс" хөлөг онгоц халдварын хамгийн том голомтуудын нэг байв.
Тайландаас ирсэн “Sun Princess” хөлөг онгоцонд коронавирусээр халдварласан хүн байж магадгүй хэмээн нутгийн оршин суугчид болгоомжилжээ. Боомт дээр 30 орчим эсэргүүцэгч цугларч, жуулчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахыг шаардсан байна. Өмнө нь хөлөг онгоцыг Мадагаскарын боомтод нэвтрэхийг зөвшөөрөөгүй байна. Гэсэн хэдий ч “Sun Princess” хөлөг онгоцыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын боомтуудын нэг нь хүлээн авсан байна.
СЕНЕГАЛД ФРАНЦЫН ИРГЭНЭЭС “КОВИД-19” ИЛРЭВ
Тунис улсад шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдээлэв. Итали улсад амьдардаг Тунисийн иргэн эх орондоо эргэн ирээд удаагүй бие нь муудаж, коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Тунисийн Эрүүл Мэндийн Яамны сайд Абделатиф эл-Маки хэвлэлийн хурлын үеэр халдвар тээгч нь эрэгтэй хүн болохыг хэлжээ.
Тунис нь шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн Африкийн тав дахь орон болов. Өмнө нь Египет, Алжир, Нигери болон Сенегал улсад иргэдээс шинэ коронавируст халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдсэн юм. Тодруулбал, Алжир улсад 53 настай эмэгтэй, 24 настай охины хамт коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.
“CORONA 100M” АППЛИКЕЙШН ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА
Өмнөд Солонгост шинэ коронавирусийн талаарх шинэ мэдээ, мэдээлэл агуулсан утасны аппликейшн танилцуулсан нь маш их эрэлт хэрэгцээтэй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гариг (2020.02.27)-ийн байдлаар БНСУ-д Google Play-ээс хамгийн олон мянгаар татагдсан ухаалаг гар утасны 15 шилдэг аппликейшны дийлэнхи нь коронавирусийн талаарх апп-ууд байжээ. Тухайлбал, “Corona 100m” гэх аппликейшн цаг тутамд 20 мянгаар татагдсан байна. Энэ апп нь Өмнөд Солонгост хамгийн сүүлд аль хот, мужид коронавирусийн халдвар бүртгэгдсэн, тухайн өвчтөний нас, үндэс, халдвар авахаасаа өмнө ямар газруудад очсон талаарх мэдээллийг агуулжээ.
Иргэд дээрх аппликейшныг утсандаа татсаар Covid-19 вирус бүртгэгдсэн бүсэд хэр ойр, эсвэл хол яваагаа харах боломжтой аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд гарсан “Corona 100m” апп-ийг нэг сая гаруй хүн утсандаа татан суулгажээ.
Эх сурвалж: ВВС, DAILY MAIL
Холбоотой мэдээ