Иргэд золголт хийхийн тулд орон нутгийг зорьж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

Иргэд золголт хийхийн тулд орон нутгийг зорьж байна

Иргэд золголт хийхийн тулд орон нутгийг зорьж байна

Шинэ коронавирусийн халдварын тархалт, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан Монголын төр засгаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тодорхой арга хэмжээ авч буй. Улсын онцгой комиссын шийдвэрээр сургууль цэцэрлэгийг карантилж, гадаад орнуудад хийх нислэгүүдийг тодорхой хугацаанд хязгаарлаж, амралт, сувилал, баар сауныг нэг сарын хугацаагаар хааж, сар шинийн өдрүүдэд хот хоорондын авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.  Уг хязгаарлалтыг өнгөрсөн Мягмар гаригт буюу  гуравдугаар сарын 3-ны өглөөний 06.00 цаг цуцалж, хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн билээ.

Замын хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор өчигдөр /2020.03.04/ өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл рүү орж гарчээ. 

Эдгээрээс 20302 тээврийн хэрэгслээр 74308 зорчигч нийслэл хот руу орон нутгаас орж ирсэн бол Улаанбаатар хотоос 11696 тээврийн хэрэгслээр 34464 иргэн орон нутаг руу зорчсон байна.

Хөдөлгөөн нээхээс өмнө “Шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж, гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэл хотод буцаж орж ирнэ” гэж албаны хүмүүс мэдээлж байсан юм. Гэвч, хоёрхон өдөрт орон нутгаас хотыг зүглэсэн хүмүүс 74 мянга, тээврийн хэрэгсэл 20 мянгад хүрчээ. Машин болон зорчигчдын тоо хол зөрүүтэй нь жолооч нар тогтоосон  хэмжээнээс олон хүн тээвэрлэж байгаатай холбоотой аж.

Тухайлбал, суудлын жижиг тэргэнд жолоочийн хамт нийт таван хүн явах ёстой  атал долуулаа  явж буй тохиолдлууд ч гарчээ. Тэр байтугай машиныхаа тээшинд хүн хэвтээгээр нь тээвэрлэж явсан зөрчил илэрсэн байна. 

Бодит байдлыг сурвалжлахаар өчигдөр /2020.03.04/ үдээс хойш Налайх дахь  шалган бүртгэх товчоог зорилоо. Товчоон дээр хот руу орж, гарах хоёр хэсэгт ачаалал үүсч түгжирсэн байдалтай угтав. Жижиг тэргэнд ээж, аав, хүүхдүүдээ суулган багтахгүй бол чихээд ч хамаагүй хотоос аваад гарах хүсэлтэй хүмүүс тэнд олон байна.

Эрүүл мэнд болон Онцгой байдлын Ерөнхий газар /ОБЕГ/-ын алба хаагчид машинд яваа хүн бүрийн халууныг шалгаж, хаанаас ирж байгаа хаана очих тухай мэдээллийг асуумж хэлбэрээр авч байгаа учраас цаг хугацаа багагүй шаардагдах нь мэдээж. Энэ үеэр зарим нэг тэвчээргүй жолооч нар сигналдан бухимдлаа илэрхийлж байгаа харагдав. 

Ингэхдээ хотоос гарах иргэдэд асуумжийг нь өгч явуулдаг бөгөөд  дараа дараагийн хяналтын товчоо болох Багануур болон Багахангай дээр судалгаа нь нэгтгэгдэх бол орон нутгаас орж ирж байгаа иргэдийн мэдээллийг нь эндээ нэгтгэдэг аж. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн дата бааз үүсгэх зорилгоор 80 гаруй улсад онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод ашиглаж  байгаа  нь энэ юм.

Улмаар эдгээр мэргэжилтнүүдийн цуглуулсан мэдээлэл машин, зорчигч тус бүрээр нэгтгэгдэн цахим хэлбэрт шилжиж, дата сан үүсгэгдэх бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд тухайн мэдээлэлд тулгуурлан эрсдлийг бууруулахад ашиглах зорилготой аж.

ХОТ РУУ ОРЖ БАЙГАА УРСГАЛ ХОТООС ГАРЖ БАЙГААГААСАА ГУРАВ ДАХИН ИЛҮҮ БАЙНА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Бадамсэрээжид “Хот руу орж, гарах хөдөлгөөн өчигдрөөс илүү, өнөөдөр их ачаалалтай байна. Хяналтын цэг дээр жолооч болон зорчигчийн халууныг шалгаж, асуумж авч байгаа учраас хөдөлгөөний ачаалал буюу түгжрэл аль аль талдаа үүсч байна.  

Хотоос гарч байгаа иргэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд цэвэр агаар сайн гэсэн шалтгаанаар  гэр бүл, найз нөхдийн хүрээнд салхинд гарахаар  Цонжинболдог руу явж байна. Налайхын шалган бүртгэх товчоогоор  уржигдар /2020.03.03/ гэхэд 06.00 цагаас хойш хот руу  5369 тээврийн хэрэгсэл, 19274 зорчигч нэвтэрч, Улаанбаатар хотоос 2405 тээврийн хэрэгслээр 5131 зорчигч гарсан байна.

Үүнээс харахад Улаанбаатар хот руу орж байгаа урсгал гарж байгаагаасаа гурав дахин илүү байна гэсэн үг. Орон нутгаас орж ирж байгаа жолооч нарын  хувьд бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох, суудлын бүсээ зүүхгүй байх, цаг хожих гэж хулгайн замаар явах зэрэг зөрчил ихээр илэрч байна. Мөн Налайхын хяналтын цэгийг өнгөрөөд Баянзүрхийн товчоо хүртэл хурд хэтрүүлэх зөрчил өчигдөр олон гарсан учраас хурд хэтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын хурд хэмжигчээр зөрчлийг илрүүлж арга хэмжээ тооцсон. Хулгайн замаар зорчсон жолооч өөрөө эргээд Онцгой байдлын Ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад ханддаг учраас өөрийн болон бусдын амь нас, холбогдох байгууллагад хүндрэл учруулахгүй байхыг хүсч байна. Энэхүү хяналт шалгалт нь шинэ коронавирусийн халдварыг намжтал үргэлжилнэ” гэлээ.

Тээврийн цагдаагийн албанаас хязгаарлалт тогтоосон арван хоногийн хугацаанд 11809 зорчигч бүхий 5428 тээврийн хэрэгсэл батлагдаагүй зам маршрутаар хязгаарлалтыг нэвтрэх оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авчээ. Мөн орон нутагт Онцгой комиссоос олгосон албан бичгийг ашиглан хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийхээр завдсан зөрчлийг илрүүлж харьяа аймгийн онцгой комисст шилжүүлэн өгч ажилласан байна.

ТОМ МАШИН УНАСАН ХҮМҮҮС БАРАГ ЦОНХОО Ч ОНГОЙЛГОХГҮЙ, ХАРСАН БОЛООД Л ӨНГӨРДӨГ 

 “Энд ажиллаж байгаа хүмүүстээ туслаад, дутууг нь гүйцээгээд ажиллаж байна даа. Иргэд халуунаа шалгуулах, асуумжийн хуудас бөглөхдөө төвөгшөөхгүй хүлээж авч байна. Гэхдээ зарим нь бүр уурлаад зодох нь холгүй л байх юм. Ихэнх хүмүүс эерэгээр хүлээж авч байгаа ч том машин унасан хүмүүс бараг цонхоо ч онгойлгохгүй нэг харсан болоод өнгөрөөд явах тохиолдлууд мэр сэр гарч байна. Хотоос гарч байгаа иргэд хөл хорио тавигдсан болохоор орон нутаг руу золголт хийхээр их явж байна. Мөн агаар салхинд гарахаар гэр бүлээрээ ч явж байгаа хүмүүс их бий” гэж Налайх дүүргийн Онцгой  байдлын  хэлтсийн аврах 28 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Эрдэнэ-Мөнх хэлээд машины цуваа өдөр, шөнө гэлтгүй 24 цаг үргэлжилдэг гэдгийг онцолж  байсан юм.

ХЭРЭВ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРВЭЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ДЭЭР ТУСГААРЛАНА

Налайх дүүргийн  эрүүл мэндийн төвийн стратеги төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан орлогч дарга С.Манатбек “Хөдөлгөөн нээснээс хойш өчигдрийн /2020.03.04/ 12.00 цагийн байдлаар Налайхын шалган бүртгэх товчоогоор 7774 тээврийн хэрэгсэл, 24400 хүн орж гарсан байна. Тус хяналтын цэг дээр Налайхын эрүүл мэндийн төвийн резидент эмч нар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийт 18 хүн ажиллаж байна. Иргэдийн хувьд үүргээ ухамсарладаг болж. Өмнө нь халуунаа шалгуулах гэж уурладаг байсан бол одоо халуунаа шалгуулах ёстой гэдгийг ойлгон асуумж судалгаагаа ч сайн бөглөж байна. Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрлээ гэж үзвэл Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн бүрэлдэхүүн ирээд тухайн хүнийг  дүүргийн эрүүл мэндийн төв дээр тусгаарлан шинжилгээ авах журамтай” гэлээ.

Хотоос гарах хөдөлгөөн

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж