УИХ-ын ээлжит бус чуулганы сураг гарсан ч өнөөдрийг хүртэл хуралдах эсэх нь тодорхойгүй “дуншсаар” байна. Учир нь ээлжит бус чуулган хуралдах эсэх нь УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д хийх айлчлалаас шалтгаалах юм. Хэрэв УИХ-ын дарга АНУ-д айлчлахаар бол айлчлалаас ирээд 14 хоног тусгаарлагдах хэрэг гарна. Тиймээс ээлжит бус чуулган худлаа болно гэсэн үг.
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, дэлхийн олон улс оронд тархсан бөгөөд ялангуяа АНУ-д 100 гаруй хүн коронавирусийн халдвар авч, 10 хүн нас бараад байгаа юм. Тиймээс АНУ-ын талаас УИХ-ын даргын айлчлалыг цуцлахгүй бол тэрбээр энэ сарын 10, 11-ний өдрүүдэд тус улсад айлчлах юм. Ингэхдээ цомхон бүрэлдэхүүнтэйгээр явах гэнэ. УИХ-ын дарга хорионд орвол ээлжит бус чуулган зарлагдах боломжгүй болно гэсэн үг.
Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед Засгийн газраас хэд хэдэн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгээд байгаа юм. Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлтэй үед хорио цээр тогтоосон учраас аж ахуйн нэгж, байгууллага руу чиглэсэн хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэсэн шаардлагатай бол хууль эрх зүйд өөрчлөлт оруулж, чуулганыг хуралдуулахыг ч сануулаад буй. Гэвч УИХ-ын намрын чуулган завсарласан, гишүүд тойргоо “услаад” зав муутай яваагаас гадна УИХ-ын даргын айлчлал давхцсан учраас ээлжит бус чуулган хуралдахгүй л болов уу.
Угтаа бол ээлжит бус чуулганы хүлээж буй хэд хэдэн хуулийн өөрчлөлтүүд бий. Засгийн газраас эдгээр төслийг боловсруулахаар болсон. Хамгийн гол нь эдгээр хуулийн төслүүд нь хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд шаардлагатай юм.
- Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төсөл. Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны гуравдугаар сарын 1-ээс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө гэж тооцоолж буй. Өнгөрсөн жил хавартаа хүйтэн сэрүүн, хүчтэй салхитай, зундаа хэт халсан зэргээс болж улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй юм. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн буудай дутагдаж байна. Мөн COVID-19 халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ.
- Монгол Улсын УИХ зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй иргэдийн тэтгэврийг нэг удаа тэглэсэн. Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг “Эрдэнэс Монгол” компани хийж буй. Арилжааны банкны худалдаж авсан үнэт цаасны хүүгийн орлого, “Эрдэнэс силвер ресурс” компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Мөн Засгийн газраас төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Үүнтэй холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүд 30-100 хувь түрээсийн төлбөрөө хөнгөлөөд байгаа юм.
- Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ