Улаан буудай импортлохыг эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

Улаан буудай импортлохыг эсэргүүцэн жагсав

Улаан буудай импортлохыг эсэргүүцэн жагсав

Засгийн газраас 160 мянган тонн улаан буудай импортлох шийдвэр гаргасныг эсэргүүцэж, өнөөдөр /2020.03.04/ тариалан эрхлэгчид Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадаа жагсан, салбарын сайддаа шаардлага хүргүүллээ.

Сэлэнгэ аймгийн тариаланч С.Бадрал “Монгол Улс өнгөрсөн оны намар 420 мянган тонн улаан буудай хураан авч, гурилынхаа хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах боломж бүрдлээ гэж салбарын яамнаас мэдээлж байсан. Гэтэл одоо 160 мянган тонн улаан буудай импортоор авах болсон нь дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд тусна. Энэ мэдээг сонссон тариаланчид хавар тариа тарихаа больдог юм уу гэж ярьж байна. Яагаад гэвэл ОХУ-аас 160 мянган тонн улаан буудай импортлох юм бол тариаланчдаас буудай авах шаардлагагүй болно. Дотоодоос долоон сарын дараагаас улаан буудай нийлүүлэгдэх боломжтой. Сайд Ч.Улаанд хүргүүлж байгаа шаардлагад нөөц бүрдүүлэх шаардлага байж болно, гэхдээ 160 мянган тонн бол биш юм. Хэрэгцээгээ нарийн тооцоод зохистой төвшинд импортлооч ээ гэдэг шаардлага тавьж байна.

ОХУ-д өнөөдөр нэг тонн улаан буудай 15 мянган рубль байна. Монголд импортоор орж ирэхээр нэг тонн нь 700.000-800.000 төгрөгөөр нийлүүлэгдэх болов уу гэсэн тооцоо гарч байгаа. Өнгөрсөн намар тариаланчид гурилын үйлдвэрүүдэд нэг тонн улаан буудайг 500.000 төгрөгөөр худалдсан.

Уг нь анх гурил импортлох асуудал сонсогдож байсан ч одоо улаан буудай импортлохоор болж, өөрчлөгдсөн нь  гурилын үйлдвэрүүд Хүнс хөдөө аж ахуйн яамтай ярилцаад шийдсэн юм болов уу” гэлээ.

Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хүнсний болон үрийн улаан буудайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж, шийдвэрлэлээ.  Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой аж. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны гуравдугаар сарын 01-нээс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх юм.

Монгол Улс 2019 онд 339.4 мянган га талбайд улаан буудай тариалжээ. Гэвч өнгөрсөн оны тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байж хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлсөн, зургадугаар сард хуурай, халуун олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж буудайн өсөлт хөгжилт, бутлалтыг бууруулсан зэрэг байгаль цаг уурын давагдашгүй нөхцөл үүссэн шалтгааны улмаас улсын хэмжээнд нийт 26.9 мянган га талбайн ургацыг хураах боломжгүй болсон.

Монгол Улсын хүн амын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 302.0 мянган тонн улаан буудай шаардлагатай бөгөөд 2019 онд улсын хэмжээгээр 407.6 мянган тонн буудай хураан авч, гурил үйлдвэрлэлд 247.4 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Харин дотоодын спиртийн үйлдвэрлэлд 10.0 мянган тонн, малын тэжээлийн үйлдвэрлэлд 35.0 мянган тонн,  үрийн нөөцөд 42.0 мянган тонн улаан буудай нийлүүлсэн дүнтэй байгаа бөгөөд хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэх, илүү гурилыг экспортлох зэргээс шалтгаалан 60.0 мянган тонн  улаан буудай дутагдах тооцоо гарчээ.

Улсын хэмжээнд 2020 оны хаврын тариалалтад нийт 63.0 мянган тонн үр шаардлагатай. Гэвч одоогоор салбарын аж ахуйн нэгж, иргэд 42.0  мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт 6.0 мянган тонн, нийт 48.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдсэн байгаа тул хаврын тариалалтад 15.0 мянган тонн сайн чанарын үрийн улаан буудай дутагдсан байна. Иймд дээр дурдсан нөхцөл шалтгааныг харгалзан үзэж Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаар зөвлөмжөөр 2020 онд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудайг импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэвч коронавирустай холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдалтай уялдуулан, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу нийт дүнгээрээ 160 мянган тонн болж нэмэгдэж буй ажээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж