ACEM-д дотоодын үйлдвэрлэгчид бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

ACEM-д дотоодын үйлдвэрлэгчид бэлэн үү?

ACEM-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт ирэх онд Монголд зохион байгуулагдах гэж буйтай зэрэгцэн дээр доргүй бэлтгэлээ базааж байна. Энэ уулзалтын хамгийн оргил үед л гэхэд гадаадын 4500 орчим төлөөлөгч ирнэ хэмээн тооцоолж буй. Тэгвэл энэ л үеийг ашиглан Монгол гэдэг улс дотооддоо юу хийж чаддаг юм бэ гэдгийг харуулах боломж хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.

Ялангуяа гадны зочид төлөөлөгчдийн үйлчилгээ, хэрэглээ, гарын бэлэг гээд бүх асуудлыг дотоодын үйлдвэрлэгчдээс зохицуулах зорилт тавьсан. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчид үүнд бэлэн үү? Ер нь монголчууд дотооддоо юу хийж чаддаг юм бэ гэдгийг харуулах зорилготой “Монгол бренд-ACEM 2016” үзэсгэлэнг өнөөдөр “Мишээл экспо” төвд нээв.

Монголчууд дотооддоо юуг л бол юуг үйлдвэрлэдэг болжээ гэх иргэд багагүй байв. Энд гар урлал, оёмол бүтээгдэхүүнээс эхлээд бэлэг дурсгал, гоёл чимэглэл, сав баглаа боодол, хонины ноос, ноолууран хувцас, нэхий дээл, малгай ороолт гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Нийтдээ 120 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцож байна. Ялангуяа энэ үеэр “Ундруулагч-Эх” гэх эмэгтэйн хувцас болоод үзэсгэлэнд дэлгэсэн бүтээгдэхүүн нь ч содон харагдав. Тэрээр үхрийн цэвэр шир, мод гээд малын болоод байгалийн түүхий эд ашиглан бэлэг дурсгалын зүйл хийдэг. Ирэх жил болох дээд хэмжээний уулзалтын зочдод өгөх хүндтэй бэлгийн тоонд зүй ёсоор орох болов уу хэмээн бодож буйгаа ч дурьдсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдсэн бас нэгэн өвөрмөц бэлэг Х.Батхуягийн лангуун дээр байв. Түүний хувьд гэр бүлийнхэнтэйгээ хамтраад Өмнөговь аймагт үнэт чулууны сувинер үйлдвэрлэдэг. Ингэхдээ мод, чулуу, мана, хаш гээд байгалийн бүтээгдэхүүнийг хөөрөг хийдэг үнэт чулуутай хослуулан сувинер урладаг аж.

Ер нь монголчууд дотооддоо чанартай, өвөрмөц бүтээгдэхүүн урлаж чаддаг болсон гэдгийг салбарынхан онцлов. Гол нь бүтээгдэхүүнээ хүнд хүргэх, сав баглаа боодол, нүүр царайд нь төдийлөн анхаардаггүйгээс гадны бараанд байраа алддаг гэв. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгээс санаа авч, ирэх жилийн дээд түвшний уулзалт хүртэл сайжруулахаар ажиллана гэдгээ зохион байгуулагчид уламжлав.

Ийнхүү дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ Мишээл экспо төвд өнөөдөр нээлээ. Тэдний энэ үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм.

 

 

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж