2020 оны сонгууль худал мэдээлэл, троллуудын дайн байх болно

Хуучирсан мэдээ: 2020.03.05-нд нийтлэгдсэн

2020 оны сонгууль худал мэдээлэл, троллуудын дайн байх болно

2020 оны сонгууль худал мэдээлэл, троллуудын дайн байх болно

Энэ жил дэлхийн олон улс оронд парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сүүлийн жилүүдэд хэн нэгнийг ямар ч ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон хуурамч мэдээллүүд, тархи угаалтууд, хэн ч үнэн мөнийг нь тогтоон шүүгээгүй байхад хэн нэгнийг буруутган чичилсэн мэдээллүүд нийгмийн сүлжээгээр нэг “хөглөрөх” болж. Үүнийг улс төрийн зорилгоор ашиглаж, сонгуулийн үр дүнд хүртэл хүчтэй нөлөөлж байгаа нь худлаа биш. Хуурамч мэдээллээр дамжуулан нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх нөлөө дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Европын орнуудын сонгууль, Брекситийн санал асуулга гээд дэлхийн улс төрийн томоохон үйл явдлуудад хуурамч мэдээллийн гүйцэтгэсэн үүрэг их байгааг шүүмжлэх болсон. Тухайлбал, Эдинбургийн их сургуулийн судлаачид Брекситийн бүх нийтийн санал асуулгад нөлөөлөхөд ашиглагдсан Санкт-Петербургт төвтэй троллоор ажилладаг нийгмийн сүлжээн дэх 400 гаруй хуурамч аккаунтыг илрүүлжээ.

Түүнчлэн 2016 оны  АНУ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр “Twitter” ботууд гэгддэг автомат компьютерийн програмууд (Оросоос гаралтай гэж үздэг) Трампын гол өрсөлдөгч Клинтоны тухай сөрөг мэдээллийг маш ихээр тараасан байна. Харин Трампын талаар харьцангуй эерэг мэдээллүүдийг тараажээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нийтлэл, хуурамч мэдээллийг хошин мэдээний болон хувийн хаягуудаас тасралтгүй тараасан байгаа юм. Өөрөөр хэлбэл Клинтоны сурталчилгааны хувьд ихэвчлэн телевиз, сонин, сэтгүүл, сайт зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр тулгуурласан байсан бол Трамп фэйсбүүк, твиттер зэрэг цахим сүлжээг сурталчилгааныхаа гол хэрэгслээр сонгожээ. Энэ удаа ч тэр өмнөх арга барилаа ашиглах төлөвтэй байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Учир нь цахим сүлжээ гэдэг бол ухуулга сурталчилгааны асар том, үнэгүй орон зай. Энд л “цагаан  цаас” шиг сонгогчид бий. Дээр нь энэ ертөнцөд хэн нэгний хэл амыг таглаж, мэдээлэлд шүүлтүүр тавьж, үнэн зөвийг нь шүүх, хянах боломж тун ховор, бас хэцүү. Тиймээс худал мэдээлэл тараагчид, хөлсний бичээчид буюу “троллууд” энэ орон зайг маш ухаалагаар ашиглаж, сонгогчдын тархийг угааж, худал мэдээллээ үнэн болтол нь мянган удаа давтдаг.

Хуурамч мэдээллийг аливаа улс орны нийгмийн сэтгэлзүй, ашиг сонирхол, үнэт зүйл, сонгох, сонгогдох эрхэд нөлөөлөх зорилгоор бэлтгэж, боловсруулан олон нийтийг хуурч төөрөгдүүлэн, дуулиан тарьж, өөрт ашигтай шийдвэр гаргуулах эсрэгээрээ өөрт ашиггүй шийдвэр гаргуулахгүйн тулд тусгайлан бэлтгэн, тараадаг байна.

Хуурамч мэдээлэл тараах явдал нь шинэ үзэгдэл биш бөгөөд олон нийтийн санаа бодлыг хуурч төөрөгдүүлэх далд санаа зорилготой байх тул аюулгүй байдлын судалгаанд үүнийг “хар суртал ухуулга” ч гэж нэрлэдэг. Харин сонгуулийн үеийн хар суртал ухуулгыг “цахим популизм” гэж нэрлэдэг байна.

Хуурамч мэдээ тараах хамгийн гол сувгууд нь твиттер, фэйсбүүк. Троллууд худал ташаа мэдээллээ хэсэг хугацааны давтамжтайгаар сүр дуулиантайгаар шинэ мэдээлэл мэт гаргаж ирнэ. Заримдаа хошигнол маягаар, зурагт хуудас хэлбэрээр гэх мэт хүмүүст хүргэж болох бүхий л аргаар тараадаг. Нийгмийн сүлжээний хамгийн том флатформ болох фэйсбүүк  компани 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө худал мэдээлэлтэй тэмцэх хүчин чармайлтаа өргөжүүлж байгаагаа саяхан мэдэгдсэн. Гэвч олон хүн, тэр дундаа АНУ-ын нэр хүндтэй улс төрчид үүнд итгэхгүй байгаагаа илэрхийлсээр байна.

Худал ташаа мэдээллийг өөгшүүлэхгүй байх хамгийн чухал хүчин зүйл бол иргэдийн боловсрол, сонгуулийн үед бол сонгогчдын боловсрол юм. Хэн ч хорьж цагдаж дийлэхгүй болсон цахим сүлжээний мэдээллүүдэд гагцхүү хэрэглэгчид буюу иргэд өөрсдөө л шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Харамсалтай нь сонгогчдын боловсрол тааруу, хууль хяналт сул улс орнуудад хуурамч мэдээлэл гэдэг зүйл газар авч, сонгуулийн үр дүнд шууд нөлөөлж байна. Мөн ард иргэдийн хэт туйлшрамтгай байдал дээр “троллууд” тоглолтоо хийдэг. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх өөр нэг хүчтэй хэрэгсэл бол мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Үүний тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө үнэн байх шаардлагатай.

Эх сурвалж: CNN, ATLANTICA, POLITICO

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж