Д.Ганбат хорих ангиудад ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Д.Ганбат хорих ангиудад ажиллав

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Д.Ганбат болон комиссын гишүүд өнөөдөр /2015.11.06/ Эмэгтэйчүүдийн 407 дугаар болон Зайсан дахь 401 дүгээр хорих ангиудад ажиллав.

Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангиас 100 гаруй эмэгтэй суллагдаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй байгаа гэдгийг хорих ангийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, комиссын дарга Д.Ганбат энэ үеэр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг сонсоод тэдэнд хандан суллагдаж очоод ажил хөдөлмөр эрхэлж, төр засгийн болоод ард түмнийхээ илтгэлийг алдалгүй ажиллаж, амьдрахыг захисан юм. Мөн тэрээр өршөөл үзүүлэх ажил өндөр зохион байгуулалттай явагдаж байгааг онцолж байлаа.

Комиссын гишүүд Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид байрлах оёдлын цех болон гар урлалын цехтэй танилцаж, хөдөлмөр эрхэлж байгаа ялтнуудын санал бодлыг сонссон юм.

Зайсан дахь 401 дүгээр хорих ангид ялтнуудыг нэгдсэн журмаар авчран нутаг орон руу нь явуулах үйл ажиллагаа явагдаж байна. 401 дүгээр хорих ангиар 900 гаруй хүн дамжин орон нутаг руугаа явах юм байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү хэлэхдээ, одоо хоригдож байгаа 6000 гаруй ялтнаас 3000 орчим нь Өршөөлийн хуульд хамрагдаж байна. Эдгээрээс 2000 орчим ялтан суллагдана. Суллагдаж байгаа ялтнуудын 800-900 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт хүргэгдэнэ гэлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын комисс 407 болон 401 дүгээр хорих ангиудад ажиллах үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, комиссын нарийн бичгийн дарга Г.Туулхүү Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, комиссын гишүүн Т.Уранцэцэг болон албаны бусад төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж