Дэлхийн хөлбөмбөгийн өнөө цагийн шилдэг хослолуудын нэг Францын Пари Сен-Жермен/ПСЖ/багийн тоглогчид болох Бразилын Неймар болон Францын Килиан Мбаппе нар ирэх зуны Токио-2020 зуны XXXII олимпийн наадамд оролцох сонирхолтой байна.
Өдгөө 21 настай Килиан Мбаппегийн хувьд Францын олимпийн хөлбөмбөгийн шигшээ багийн урьдчилсан 80 тоглогчийн нэгээр дуудагдаад байгаа ажээ. Энэ тухай Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ноел Лэ Грает хэлэхдээ "Мбаппе манай улсын олимпийн наадмын урьдчилсан бүрэлдэхүүний 80 тоглогчийн нэгээр сонгогдсон. Үндсэн 18 тоглогч болон 4 нөөцийн тоглогч Япон явах учир удахгүй урьдчилан дуудагдсан тоглогчдын тоог 50 болгоно. Мбаппегийн нас нь бол олимпийн наадамд явахад асуудалгүй" хэмээжээ.
Мөн Килиан Мбаппе Токио-2020 олимпийн наадмын өмнө Евро-2020 тивийн тэмцээнтэй байгаа учир оролцох эсэхээ зөвхөн тэр өөрөө шийдэх ажээ.
Олимпийн наадмын хөлбөмбөгийн төрөлд оролцож буй баг нь дээд тал нь 23-аас дээш насны гурван тамирчин л бүрэлдэхүүндээ багтаах эрхтэй бөгөөд үлдсэн тамирчид нь 23-аас доош насных байх ёстой.
Харин Неймарын хувьд Бразилын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Рожерио Кабокло ПСЖ багтай түүнийг Токио-2020 олимпийн наадамд оролцуулах зөвшөөрөл авах тухай яриаг эхэлсэн хэмээжээ. ПСЖ багийн хувьд олимпийн наадмыг FIFA буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны тэмцээнүүдийн хуваарьт багтаагүй учир Неймарыг Япон явуулах хүсэлгүй байгаа ажээ.
Өдгөө 28 настай Неймарын хувьд өмнө 2016 онд эх нутаг дээрээ болсон олимпийн наадамд оролцон алтан медаль хүртэж байсан билээ. Мөн Неймар Бразилын үндэсний шигшээ багтайгаа ирэх зургадугаар сард Копа Америка тэмцээнд оролцох боломжтой. Хэрвээ Неймар тивийнхээ аваргын тэмцээн болох Копа Америкад оролцохоор болвол олимпийн наадам үүнээс арван хоногийн дараа эхлэхээр таарч байгаа юм.
Холбоотой мэдээ