Дэлхийн хамгийн том зэвсэг импортлогч Энэтхэг хамгийн сүүлийн үеийн зэвсгүүдийг ОХУ болон барууны үйлдвэрлэгчдээс эн тэнцүүхэн худалдан авч, өөрсдийн зэвсэглэлийг шинэчилж байна.
ЭНЭТХЭГИЙН “ХҮНДЭТ ХАМТРАГЧ” АНУ
"Бид дэлхийн хамгийн агуу зэвсгүүдийг бүтээдэг. Харин одоо бид Энэтхэгтэй наймаалцаж байна" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгт хийсэн айлчлалынх нь үеэр зохион байгуулсан "Намасте Трамп" үйл ажиллагаа дээр ярьжээ.
Энэтхэгийн зүгээс АНУ-ыг "Батлан хамгаалахын хүндэт хамтрагч" хэмээн 2016 онд тодорхойлж, АНУ ч сүүлийн үеийн зэр, зэвсгүүдээ нийлүүлэх болсон билээ. Хамгийн сүүлд Трамп Энэтхэгт гурван тэрбум ам.доллараар 24 ширхэг МН-60 "Ромео" нисдэг тэрэг зарж, зургаан АН-64Е байлдааны нисдэг тэрэг дагалдуулахаар тохиролцсон.
Энэтхэг мөн АНУ-аас хоёр тэрбум орчим ам.доллараар агаараас хамгаалах систем болон хуягласан дронууд худалдаж авахаар болжээ. Ингэснээр энэ жил Энэтхэгийн АНУ-аас худалдан авсан зэвсгийн нийт үнэ 20 тэрбум гаруй ам.долларт хүрч, АНУ дэлхийн хоёр дахь том зэвсэг нийлүүлэгч боллоо.
АНУ яагаад Энэтхэгт ийнхүү зөөлөн хандаж байна вэ? Ерөнхийлөгч Трамп Энэтхэгийг худалдааны тал дээр шударга бус хандаж байна хэмээн шүүмжилж байсан удаатай. Геополитикийн хувьд АНУ-ын нүдээр харахад Энэтхэг улс улам хүчирхэгжиж буй Хятадыг эсэргүүцэх том боломж юм. Энэтхэгийн далайд зэвсгийн хүчээ гайхуулсаар байгаа БНХАУ-тай тэмцэхийн тулд Энэтхэгийг "төгс" зэвсэглэх нь Трампад ашигтай.
ЭНЭТХЭГИЙН ХАМГИЙН ТОМ ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЭГЧ ОХУ
Одоохондоо энэ харилцаа шинэхнээрээ байгаа. Энэтхэг өмнө нь зэвсгийн хэрэгцээгээ аль болох ойрын улсуудаас хангадаг байлаа. Хүйтэн дайны үед үл нэгдэх хөдөлгөөнийг үндэслэсэн орнуудын нэг гэдгийнхээ хувьд Энэтхэг Оросын зэвсгийн нийлүүлэлтэд найдсаар ирсэн билээ. Өдгөө Орос улс Энэтхэгийн зэвсгийн импортын 60-70 хувийг хангаж байна.
Берлиний хана нурснаас хойш Энэтхэг, Оросын зэвсгийн наймаа цэцэглэж эхэлсэн гэнэ. Өдгөө хоёр улсын зэвсгийн наймаа 16 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Хамгийн сүүлд Энэтхэг ОХУ-аас С-400 агаараас хамгаалах систем, ак-47 автомат буу, Камов нисдэг тэрэг худалдан авахаар тохиролцсон ажээ.
Сүүлийн үед болсон DefExpo 2020 үзэсгэлэн худалдаан дээр Шинэ Дели газар, тэнгис, агаарын системийн хөгжүүлэлтийн шугамаар Оросын фирмүүдтэй 14 тохиролцоонд хүрсэн гэнэ.
Хэд хэдэн асуудал үүсч байсан ч амжилттай ард нь гарч Энэтхэг ийнхүү хамгийн хүчирхэг зэвсэг үйлдвэрлэгч хоёр улсаас шилдэг зэвсгүүдийг нь худалдан авч өөрсдийн хүчирхэг армийг зэвсэглэж байна.
Харин бусад улс Энэтхэгийг дуурайж чадсангүй. НАТО-ийн гишүүн орон Турк ижилхэн арга хэрэглэн ОХУ-аас С-400 системийг худалдан авахад Вашингтон даруй F-35 сөнөөгч онгоцоо нийлүүлэхээ больж, сануулга өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: RT.COM
Холбоотой мэдээ