Тавантолгойн төслийг дэмжсэн, дэмжээгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төслийг дэмжсэн, дэмжээгүй

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга нар засгийн газарт Тавантолгойн хөрөнгө оруулалтын тогтоолын төслийг энэ сарын 2-нд өргөн барихаа мэдэгдсэн. Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын төсөлд хийсэн дүгнэлтэд үндэслэн боловсруулсан байна. Тогтоолын төсөлд Тавантолгойн орд газар болон төмөр замын 51 хувийг төр эзэмшихээр тусгаж, ард түмний эзэмшилд 1072 хувьцаа нь албан ёсоор байх чиглэлийг засгийн газарт өгч байгаа аж.  Тогтоолын төслийг дэмжиж 40 гишүүн гарын үсэг зурсан байна.

Энэ тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Энэ асуудлыг би дэмжиж байна. Хөрөнгө мөнгөний хувьд гэвэл хувийн хэвшлийнхэн орд ашиглахдаа бараг хөрөнгө гаргадаггүй, тухайн ордоо барьцаалаад төсвийн асуудлаа шийддэг. Энэ жишээг Тавантолгой дээр хэрэгжүүлж болно. 

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын С.Эрдэнэ:

-Тийм ээ, би гарын үсэг зурсан. Орд газрыг нээх, илрүүлэх бол эхний асуудал. Түүнийг олборлох, техник технологи, хөрөнгө оруулалт гэдэг бол хоёр дахь том асуудал. Тавантолгойн хувьд нэгэнт байгаа нөөц нь тодорхой юм чинь өөрсдөө хөрөнгө оруулаад явах боломж бий гэж харж байна. Ер нь олборлолтын нөхцөл нь харьцангуй боломжийн, маш богино хугацаанд зардлаа нөхөх боломжтой. Одоогоор дэлхийн зах зээл, ялангуяа өмнөд хөршид нүүрний эрэлт хэрэгцээ, үнэ харьцангуй уналтын байдалтай байна. Гэхдээ мөнхийн ийм байдалтай байхгүй шүү дээ. Оюутолгойн далд уурхай бол хэт гүнээс олборлож, маш их хөрөнгө шаардагддаг. Харин тавантолгой бол ил уурхай, олборлолт боломжийн нөхцөлтэй. Ийм уурхайн 51 хувийг эзэмшээд явах нь улс орны төдийгүй, нийт иргэдэд ашигтай гэж би харж байна. Юм болгоныг хүнд өгөөд явж болохгүй. Боломжгүй тохиолдолд 34 хувиа эзэмшээд боломжтой тохиолдолд 51 хувиа аваад явах нь ашигтай.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Би гарын үсэг зураагүй. Энэ тогтоолын төслийг дэмжихгүй. 51 хувийн хувьцаа эзэмшвэл улсын өр нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэр төмөр замыг чинь барихад таван тэрбум ам.доллар зарцуулагдана. Үүний 51 хувь гэхээр чинь 2,6 тэрбум ам.долларын хөрөнгийг өөрсдөө босгох болж байна. 2,6 тэрбум доллар гэдэг чинь 5,2 их наяд төгрөг буюу үндсэндээ манай дотоодын нийт бүтээгдэхүүний ¼ гэсэн үг. Ийм их хэмжээний ачааллыг засгийн газар өөр дээрээ авна гэсэн үг. Тэгэхлээр энэ бол бүтэхгүй болов уу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт:

-Тавантолгойн ордод 51 хувийг эзэмших тухай 2010 онд шийдвэр гарсан шүү дээ. Таван жил боллоо олигтой хэрэгжсэн ч юмгүй хэрэгжүүлж байгаа компани нь бөөн өр төлбөрт орчихсон л байна. Дахиад тэр хувилбараар явна гэхээр би сайн итгэхгүй байна. Яагаад гэвэл 51 хувийг гаргахын тулд хөрөнгө босгох шаардлагатай, ийм боломж байхгүй. Нөгөө талаас 49 хувийг гаргаж байгаа хүмүүс мөнгөө өгөөд менежментээ манай төрд өгчихлөө гэсэн үг шүү дээ. Ийм нөхцөлтэй хөрөнгө оруулах газар байна уу, үгүй юу. Энэ бол их эргэлзээтэй асуудал.

УИХ-ын гишүүн С.Оюун:

-Би гарын үсэг зураагүй. Хуульд бол 51 хувь гэж байгаа. 2006 онд уул уурхай, ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж байхад заавал 34, 51 хувийг эзэмших шаардлагагүй гэж би үзэж байсан. Одоо ч тэр. Ер нь улс боломжоороо тодорхой хувьцаа эзэмшиж болно. Эсвэл алтан хувьцаа ч юм уу, шийдвэр гаргахад өөрийн гэсэн эрх мэдэлтэй байж болно. Түүнээс биш заавал санхүүгийн, менежментийн асуудлыг нуруун дээрээ үүрээд явах шаардлагагүй. Стратегийн ордуудад төрийн бодлого байх ёстой. Гэхдээ аль болох үнэгүй хувьцаа эзэмших боломж байдаг. Тавантолгой гэлтгүй чухал ордуудаас 13,15,20 хувийн үнэгүй хувьцаа эзэмшээд түүнээс илүү ашиг олох боломж байдаг. Харин тавантолгойн асуудлыг улс нуруун дээрээ үүрээд явж чадах юм болов уу даа хөөрхий.

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Зарчмын хувьд дэмжинэ. Хяналт тогтоох хэрэгтэй. Харин хөрөнгө оруулалтын чадвар хэр байна вэ гэдэг нь асуудалтай.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Ерөнхийдөө төр ямар нөхцөлөөр эзэмших нь чухал асуудал юм. Газар доор байгаа нүүрсээ баялаг гэж ойлгоод, нүүрсээ гаргаж авна гэвэл зардлаа өөрсдөө гаргах болно. Баялгийн үнэ цэнэ бол гаргаж авсан зардлаас шалтгаалдаг. Тиймээс тухайн нөхцөл байдлаас шалтгаална.

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Зөв. Ер нь газрын доор байгаа баялаг бол ард түмний мэдэлд байх ёстой. Тэрхүү баялгийг ард түмэн эзэмшихдээ  төрөөр дамжуулдаг. Төр энэ асуудалд сайн менежмент хийх нь чухал байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Болдог бол 51 хувийг эзэмших нь буруу зүйл биш л дээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Миний сонголт бол хөрөнгө оруулалтын асуудлаас хамаарна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж