Эрхэмсэг дүр төрх, донжтой яриагаараа олны анхаарлыг татаж чаддаг бүсгүй бол хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг. Тэрбээр хийл хөгжмийн тухай цоо шинэ уран бүтээлээ удахгүй сонсогчдод хүргэхээр ажиллаж байгаа ажээ.
Шинэхэн уран бүтээлийнхээ талаар хийлч Дээгий ярихдаа “Хийл” хэмээх шинэ уран бүтээлээрээ энэ хөгжмөөр илэрхийлэгдэж болох хамгийн сайхан аялгууг хүргэхийг зорьсон. Миний хувьд энэ цаг үед амьдарч байгаа дээрээ “Хэнтийн өндөр ууланд” хэмээх үеийн үед дурсагддаг тэр сайхан бүтээлтэй эн тэнцэхүйц сайхан аялгууг бүтээхийг хүсч байна. Олон жил хийлч гэх нэр алдрыг хүндэтгэн хүлээн авч явж байгаагаараа сайхан бүтээл үлдээх том хүсэл мөрөөдөлтэй байгаа” гэв.
Хийлч бүсгүй “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуунтай хамтран ажиллаад хоёр жил болж байгаа бөгөөд тэд мэргэжлийн бас орчин үеийн хэв маягтай уран бүтээл хийхийг зорьж байгаа аж. Тэр ч утгаараа түүний энэ удаагийн "Хийл" уран бүтээлийн зохиолыг “Никитон”-ы Баачка бичсэн гэнэ.
Авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүй шинэ оны босгон дээр “Өвөл” хэмээх уянгын уран бүтээлээрээ сонсогчдодоо хүргэсэн. Үргэлжлүүлэн хийлч бүсгүй сар шинийн баярын өдрүүдэд монгол ёс заншлаа харуулсан “Ирмүүн өглөө” хэмээх шинэ уран бүтээлээ олноо хүргээд буй. Тэрбээр өнгөрсөн 2019 онд өөрийн бие даасан шинэ цомог дээрээ ажиллаж, тун завгүй өнгөрүүлсэн сурагтай.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ