Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн зарим асуудлаар тайлбар авлаа.
-Та 14 хоногийн өмнө төсөв тодотгохгүй, нөхцөл байдал тийм ч хүнд биш гэж хэлж байсан. Түүнээс хойш вирусийн тархалт зогсохгүй, нөхцөл хүнд хэвээр байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байгаа энэ үед төсөвт тодотгол хийх шаардлагатай биш үү?
-Төсөв тодотгохгүй гэж би 4 дэх удаагаа хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг нэлээд сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах боломж бий. Тэгэхээр төсөв тодотгохгүй гэдгийг дахиад хэлье.
-Одоогоор төсвийн орлого хэдэн төгрөгөөр тасалдахаар байна вэ?
-Би 200 гаруй тэрбум төгрөгөөр тасалдах шинжтэй байна гэж хэлж байсан. Хоёрдугаар сарын тоо гарсан. Манай яамныхан тоог нэгтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 180 гаруй тэрбумаар тасалдах шинжтэй байна.
-Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх асуудлыг ярьж байгаа. Хэрвээ чөлөөлбөл төсөв хэчнээн төгрөг алдах вэ?
-Бид үнийн өсөлт болж магадгүй гэж болгоомжилсон. Одоо бол Хятадаас бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байгаа. Нүүрс, газрын тос болон бусад ашиглалт малтмалаа экспортолж эхлэхээр холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байна. Хятадын талтай тохиролцсон. Хятадын талаас ариутгалын төхөөрөмжүүдийг суулгаж эхэлсэн. Удахгүй экспорт эхэлнэ. Ус үзээгүй хормой шууна гэдэг шиг яараад яахав. Өнөөдрийн хуралдаанаар өндөгний импортоос татвар авахгүй байх талаар ярилцаж байсныг болиулсан. Учир нь манай аж ахуйн нэгжүүд өөрсдөө хангах боломжтой гэсэн. Харин бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг хоёр сараар хойшлуулсан. Сарын дараа УИХ-ын чуулган эхэлнэ. Чуулган эхлэхээр энэ мэт бүтээгдэхүүний татварыг нэг сараар чөлөөлөхөөр хуулийн төслийг хэлэлцэх юм.
-Худалдааны төвүүд түрээсээ тодорхой хувиар бууруулж байна. Эдгээр ААН-үүдэд татварын хөнгөлөлт хэзээнээс хэрэгжих вэ?
-УИХ-ын чуулганаар хуулийг нь батална. Чуулган эхлэх хүртэл ААН-үүдэд холбогдох мэдээллийг нь өгч байгаа.
Холбоотой мэдээ