Эрүү шүүлтийн эсрэг сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Эрүү шүүлтийн эсрэг сургалт болж байна

Эрүү шүүлтээс ангид байх эрхийг баталгаатай эдлүүлэх, хүний эрхийг хангах, хамгаалах үүрэгтэй хуулийн байгууллагууд үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээ, стандарт, шаардлагад нийцүүлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн чиглэлээр хуулийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлж, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг цаг тухайд нь илрүүлж таслан зогсоох зэрэг үйл ажиллагаанд чадавхжуулах зорилгоор өнөөдөр хуулийн 5 байгууллагын 25 ажилтныг сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

“Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын эрх зүй ба эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр явуулж буй уг сургалтад Хууль зүйн яам, Хууль сахиулах их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Улсын Ерөнхий Прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын ажилтнууд хамрагдаж байна. Уг сургалтыг 2014-2016 онд Ази-Номхон Далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгээс санаачлан Ази-Номхон далайн бүсийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын дунд хэрэгжүүлж буй "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд П.Оюунчимэг зохион байгуулж байгаа юм.

Сургагч багш бэлтгэх сургалтад оролцогчдод сургагч багшийн гэрчилгээ олгох бөгөөд хүний эрхийн сургалт явуулах гарын авлага, ном товхимол, бусад материалаар хангах аж.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж