Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, сумын Алдарт уяач Л.Сүхбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
– Таныг юу моринд сонирхолтой болгов, удамд тань хурд ирлэсэн уяач байсан уу?
-Манай аав уяач байгаагүй. Харин хүргэн ах Содномцог сайн уяач, морь нь энд хэдэн удаа түрүүлсэн. Содномцогийн хурдан хул морь нь их алдартай байсан. Хүргэн ах намайг морь уяхад их нөлөөлсөн. Мөн ээжийн тал хурдны удамтай адуутай, нэг гүүнээс гарсан төлүүд гайгүй давхиад байсан. Тэгээд ер нь яадаг юм уяад үзье гээд анх 1995 онд ах дүү даага, шүдлэн хоёр уясан. Тэр хоёрын ах нь1999 онд түрүүлж, дүү нь 2000 онд айргийн тавд хурдалсан. Хамгийн бага дүү Хилтэн хээрийг нь 2002 оноос уясан, тэр жилээ хилтэн сургуулийн ойд аравт давхисан. 2007 онд сумын баяр наадмаар айргийн дөрвөөр давхиад тэрнээс хойш айраг түрүү олон авсан. 2008 онд сумын наадамд дөрөвт, 2009 онд хоёрт, 2010 онд тавд, 2011 онд сумынхаа 80 жилийн ойн наадамд түрүүлсэн, 2012 онд бас дахиад түрүүлсэн. 2013 онд хүүхдүүд уяж тав дээр давхиулсан. 2014 онд зургаа дээр ирсэн.
-Хилтэн хээр ямар удам угшилтай адуу юм?
-Содномцог ахын уядаг, бас ч сайн давхиж айрагдчихдаг л байсан азарганы төл. Эх нь бас хурдны удамтай. Хилтэн хээр бол хамгийн отгон унага нь байсан. Миний хилтэн хээр 2007 оноос Хяргас, Өндөрхангай сумуудад ер нь нэрд гарсан, их бага нийлсэн долоон түрүү, 14 удаа айрагтай. Энэ жил 18-тай сумынхаа 90 жилийн түүхт ойд тоосыг нь өргүүлээд наадам отголно. Тэрний хойноос гарч байгаа хээрийн удмын ганц нэг үрээ бий.
-Цагаанхайрхан, ойр хавиар тэр хээрийн удам угшил байгаа юу?
-Цагаанхайрханд байгаа байгаа. Төв аймгийн Эрдэнэ сум руу манайхны хүмүүс явсан. Тэдэнтэй дамжаад явсан нэг адуу, арав дотор л давхичихдаг юм шиг байна лээ.
-Хилтэн хээрийн удам ямархуу онцлогтой, уяатай адуунууд байсан юм бол?
-Урт уяатай, хоол ундаа өөрөө тохируулаад идчихдэг, уяа хийх тусам зоригтой эрэмгий болдог юм. Хилтэнг унага байхад эх нь хөгшрөөд тогоо тосолж, өнчин унага хавар дэллэж барихад эвгүй, унаад баруун ташаа нь хилтэн болчихсон. Тэгээд л Хилтэнгээрээ нэрлэгдсэн.
-Та багадаа хурдан морь унаж байв уу?
– Содномцог ах намайг нэг хоёр дугаар ангид байхад миний эгчтэй суусан. Тэр хүн уясан морио надаар унуулдаг байсан. Тэгэхэд цагаан ташаатай хүрэн морь, хээр морь нь сумандаа гайгүй давхидаг байсан. Содном ах уяад манай аав Лхүндэвийн нэр дээр уралддаг байсан. Аав нэгдлийн хонь малладаг, морь нэг их сонирхдоггүй, ах морийг нь уядаг байсан. Би 10 наснаасаа морь унаад гурав дөрвөн жил морь унасан байх, түрүү авч байгаагүй ч айргаас мултардаггүй л байлаа. Сүүлд ахын хурдан хулыг уралдах үед би цэргээс ирсэн том залуу болсон байсан. Содном ах миний уяаны багш.
-Хүргэн ахаасаа морь уяхаас гадна өөр ямар эрдэм сурсан бэ?
-Морь уяхыг ахаасаа, ааваасаа мал маллах ухааныг сурсан. Тэр үед “Өргөн айлсалт” гээд айлуудыг буулгаж лагерилуулдаг байсан. Тэрэнд хүргэн ахыгаа дагаад хонио оторлоод явдаг байсан.
-Өргөн айлсалт гэхээр яадаг байсан юм?
-Өргөн айлсалт гэдэг нь бригадын айлуудыг лагерлуулаад нэг дор буулгачихдаг. Өвс тэжээл, сүү цагаан идээгээ төлөвлөгөөний дагуу нь хамт бэлддэг, эрэгтэйчүүд нь малаа оторлоод отроор явдаг.
-Та яг гардаж мал маллаж байгаагүй юм байна, тийм үү?
– Тийм. Манайх энд 10 жил ийн сургууль байхгүй, Баруунтурууны 10 жилийг би 1978 онд төгсөөд цэргийн албанд явсан. 1981 онд халагдаад сумандаа шатахуун түгээх станцад ажиллаж байгаад, 1982 онд нэгдлийн аж ахуйн нярваар ажиллаж байгаад 1985 онд нэгдлээс гарч Улсын нефть хангамжийн газрын харьяа Увсын нефть бааз байгуулагдахад 1995 он хүртэл ажилласан. Тэгээд ажилгүй төв бараадаж байхдаа морь анх уяж эхэлсэн. 2002 онд сумын эрүүл мэндийн газар нярваар орж одоо хүртэл ажиллаж байна. Сүүлийн үед хүүхдүүд бас морь уяж байна. Миний ажлын юугаар хүүхдүүд сүүлийн хэдэн жил морь уяж байгаа.
-Лхүндэв гэдэг хүн хэдэн хүүхэдтэй бэ? Танай хүргэнээс бусад нь морь мал гэдэггүй юм уу?
-Манайх эхээс наймуулаа, надаас бусад нь эмэгтэй. Би Содном ахтай айл саахалт байсан болохоор морь руу нэлээн татагдсан. Манай хүүхдүүдээс Батсүх гээд сумын биеийн тамирын арга зүйч, дэвжээний багш хүү маань морь уяж байна. Батсүх маань чөлөөт бөхөөр барилддаг, залуучуудын аварга. Манайх бөхийн удамтай, аавын талд аймгийн Заан Загараа, ээжийн талд аймгийн Начин цолтой хүмүүс байсан. Тиймдээ ч хүүхдүүд сумын баяр наадамдаа хоёр гурван даваатай, заримдаа түрүүлчихдэг л юм.
-Хүү хэр уяж байна, амжилт гаргаж байна уу?
-Манайх Батсүх, Баттулга хоёр ихэр, Баттулга нь Говьсүмбэр аймагт Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд ажилладаг. Баттулга 2011 онд түрүүлэхэд нь Хилтэн хээрийг гардаж уясан. Би ерөнхийд нь зааварчилгаа өгөөд, шөнө хонох, морио идүүлэх бүгдийг хүү хийсэн. Тэр үед хүү бага, дөнгөж л арав төгсөж байсан юм.
-Сумаасаа гадна аль аль суманд очиж наадаж байв, сумдын түүхэн ойнуудад очиж байсан уу?
-2012 онд Ханхөхийн хоёр дахь тахилгад Хилтэн хээр наймд давхисан. Ханхөхийн тахилга улсын хэмжээний том наадам нас насанд 100 гараад л мордсон. Тэр жил Хяргасын 80 жил болсон Өндөрхангайн тахилгад /Ханхөхийн тахилга/ оччихоод дараа нь Хяргас руу явсан. Хяргаст очоод 21-ээр давхисан. Аймаг руу явж наадаж байгаагүй, 230-аад км болохоор холдоод байна. Манай аймгийн даншиг наадам, сумын 80 жилтэй давхцаад тэрэнд би явж чадаагүйдээ жаахан харамсдаг. Энэ жил аймагтаа очоод зодог тайлна.Хилтэнг унадаг Давааням гээд хүүхэд бий. Тэр найман настайгаасаа эхэлж уралдсан. Аав нь ч бас морь уядаг, өөрөө ч моринд хорхойтой. Морь нь жоохон хоцроод ирэхээр мориноосоо буугаад л уйлчихдаг, шартай унаач. Биеэр жижиг, энэ жил ес дүгээр анги. Би ч гэсэн нас 57, Хилтэн хээр 18, унаач 15 хүрч гурвуулангийнх нь нас явсан болохоор энэ жил наадам отголох гэж байна.
-Хилтэн хээрээ яагаад азарга болгоогүй юм. Ийшээ их мориор түлхүү наадах юмаа?
-Тийм. Миний морьд соёолонгоос хойш сайн давхидаг, манай энд хязаалан голдуу засчихдаг. Ер нь морь болгосны дараа л гайгүй давхиад байх шиг санагддаг. Хэдэн адуу дүү нар дээр байдаг, би өөрөө мал дээр байдаггүй болохоор азарга нэг их сонирхдоггүй. Хунт багт манай Болд гээд бүл дүү бий. 2014 онд сумын мянгат малчин, энэ жил сумын сайн малчин болсон. Дүү морь сайн уядаг, суманд ямар ч байсан морь нь айрагдчихдаг, сумын 80 жилийн ойгоор морь нь гуравт давхисан. Тэрний адуунд миний морьд, хээрийн угшилтай хоёр гурван гүү бий. Дүү азаргыг нь хоёр жил болоод л сольдог, өөрөө мэдээд л адуугаа малладаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Зуны уралдаануудад нь амжилт хүсье.
-Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Холоос биднийг зорин ирсэнд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
ЭХ СУРВАЛЖ:www.todmagnai.mn